Дундговийн Засаг дарга С.Мөнхчулууныг огцруулахыг шаарджээ
Эх сурвалж: ZUV.MN
Дундговийн Засаг дарга С.Мөнхчулуунд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шаардлагыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлжээ.
С.Мөнхчулууныг засаглах хугацаанд Дундговь аймгийн иргэдийн хууль ёсны эрх ашиг, төрийн албаны мерит зарчим, хариуцлагын тогтолцоо ноцтой алдагдсан хэмээн үзэж байгаагаа Р.Эрдэнэбүрэн, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүд илэрхийлсэн байна.
Тодруулбал, төрийн албаны мерит зарчим алдагдсан байж болзошгүй байна. Жишээ нь төрийн албанд 17 жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, ажлын гүйцэтгэлээрээ хангалттай үнэлэгдэж ирсэн төрийн албан хаагчийг улстөрийн болон хувийн шинжтэй шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Мөн иргэдийн өргөдөл гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэх асуудал байна. Өргөдөл гаргасан иргэд болон төрийн албан хаагчдын мэдээллээр асуудлыг шийдвэрлэхийн оронд байгууллага хооронд шилжүүлж, хариуцлагаас зайлсхийж, бодит шийдвэр гаргалгүй удаашруулсан гэжээ.

