Х.Тэмүүжин: Ерөнхий сайдыг гишүүдийн дунд суулгаж, Ерөнхийлөгчийг дахин сонгогдохгүй байх зарчмыг хадгалж, УИХ-ын даргыг ҮАБЗ-өөс гаргах ёстой

0
х.тэмүүжин

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийв.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал нь Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл УИХ буюу хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн, Засгийн газар нь УИХ-ын толгой дээр гараад суучихсан гэдгийг харууллаа. Энэ бол зөвхөн өнөөдөр болсон явдал биш.

Бид 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараагаас эрх мэдлийн хуваарилалтын төлөө алхам хийгээгүй. Бид дарга шүтдэг уламжлалт арга барил, төрийн ёслолын албанаас зохион байгуулснаар гурван даргын улс болоод хувирчихсан.

УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван дарга залаад суулгачихсан. Энэ байдлыг бид халах ёстой.

Сэтгүүлчдийг ч гэсэн “Төрийн гурван өндөрлөг” гэж уянгын халилтай мэдээлэл дамжуулахгүй байхыг уриалж байна. Үүнээс болж төрийн гурван өндөрлөг гэдэг албан тушаал дээрээ байгаа хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын гурван дарга гэж эндүүрээд байгаа. Үүнийг засахын тулд парламентаа парламент шиг болгох ёстой.

Үндсэн хуульд УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэдэг заалт бий. Ерөнхий сайд 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн маргаанаас ажиглахад Ерөнхий сайд тусдаа зассан ширээн дээрээс хурал удирдаж байгаа дарга шиг УИХ-ын гишүүнтэй доромж байдлаар харьцсан. Гэтэл хариуцлага ярихаар гишүүд хоорондоо маргасан гэдэг тайлбар хэлэх гэж оролдсон.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тусдаа сандал ширээтэй баймаар байгаа бол Германы парламент шиг 126 гишүүний дунд Засгийн газрын гишүүдийнх гэж тусдаа суудал гаргаж өгөөд, УИХ-ын гишүүн биш Засгийн газрын гишүүний хувиар дуугарч байгаа гэдгээ ойлгох ёстой гэдэг хил хязгаарыг тогтоох нь зүйтэй. Ийм агуулгатай хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барихаар бэлдэж байна.

Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслөө өргөн барихаар УИХ-ын дарга болон МАН-ын бүлгийн дарга нартай уулзахад “Энэ хуулийн төслөө 2-3 хуваагаач” гэдэг хүсэлт тавьсан.

Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах асуудлыг тусдаа хуулиар. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг цагийг УИХ-ын асуулгын цаг болгож, гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд хариулдаг парламентын мэтгэлцээний зарчим руу орох хуулийн төслийг тусад нь. Түүнчлэн УИХ-д мэдээлэл өгч байгаа төрийн албан хаагч худал мэдээлэл өгвөл хариуцлага тооцдог болох зохицуулалтыг тусад нь оруулж ирээч. Сүүлийн хоёр асуудал дээр МАН-ын гишүүд ч гарын үсэг зурахад бэлэн байна гэсэн.

Дээр нь Монгол Улсыг дарга нарын дарангуйлалд орсон улс болохоос сэргийлэх гурван арга зам байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний хувьд дэлхийн парламентат улс орны гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр түвшинд аваачих.

Хоёрдугаарт, гадуур яригдаад байгаачлан 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрч Ерөнхийлөгчийг дахин сонгогддог болох нь гэдэг хов жив явж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэг буюу 42 гишүүн “Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол найман жил гар хүрэхгүй” гэдэг зарчим дээр тууштай хатуу зогсоно гэдэг улс төрийн шийдэл гаргах ёстой юм байна.

Гуравдугаарт, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдэг УИХ-ын даргатай байж болохгүй учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын дарга гарах ёстой.

Энэ шийдлүүдийг хийсний дараа нь Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилалтын зарчим ажиллаж, Монгол Улс гурван даргын биш дэг журам руу очно.

Эдгээр хуулийн төслүүдийг ээлж дараагаар өргөн барих болно” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *