ХСҮТ-ийн захирал М.Адилсайхан: Цалингаа нэмнэ, хүлээгдэл, дарааллыг арилгаж, өргөтгөлөө ашиглалтад оруулна

Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар томилогдсон Анагаах ухааны доктор, ахлах зэргийн хавдар судлаач эмч М.Адилсайхантай ярилцлаа.
-Хавдрыг бүртгэж эхэлснээс хойш түүхэндээ анх удаа хортой хавдрын хожуу шатандаа оношлогдсон хувь 60 руу орж ирлээ-

–Та өнгөрсөн баасан гарагт ХСҮТ-ийн захирлаар томилогдсон. Хавдрын нөхцөл байдал маш хүнд байгаа. Мэдээж эхлээд таны саналыг сонссон байх. Процесс хэрхэн өрнөв?
-Би хавдар судлаач эмч мэргэжилтэй. Тэргүүлэх зэрэгтэй. Энэ чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь ОХУ-д хүний их эмч мэргэжлээр төгсөж ирээд АШУҮИС-д орсон. Тэндээ дадлагажигч багшаас эхлээд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч хүртлээ ажилласан. Харин 2021 онд Монгол-Японы эмнэлэг буюу АШУҮИС-ийн эмнэлэг баригдаж, үйл ажиллагаа нь эхлэхэд тийшээ томилогдож таван жил ажиллаад ирлээ. Яг ХСҮТ-д гэвэл 2008 онд резидент эмчээр сурч ирээд 2021 он хүртэл буюу 13 жил ажилласан.
Томилгооны тухайд өмнө нь хавдар судлалын тусламж үйлчилгээний талаар өөрийн санал бодол, дүгнэлт зэргийг тодорхой түвшинд яам, тамгын хурлууд болон бусад хэсгүүд дээр хэлдэг, танилцуулдаг байсан. Мөн миний хувьд ЭМЯ-ны хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үүнтэй холбоотойгоор сайдтай санал солилцох, салбарын асуудлуудыг ярилцах үе цөөнгүй гарсан. Тиймээс сайдын зүгээс надад санал тавьсан. Өөрөөр хэлбэл гэнэт мэдээд, гэнэт томилогдсон асуудал байхгүй. Тушаал, шийдвэрийн тухайд богино хугацаанд гарсан.
-Т.Мөнхсайхан сайдтай ойр ажиллаж байсан гэж ойлгож болох уу?
-Мэргэжлийн үүднээс буюу өөрийн зүгээс ийм тусламж үйлчилгээ дээр ингэж ажиллах ёстой, салбарын онцлог нь ийм байдаг гэдэг байдлаар олон хурал зөвлөгөөн дээр ярилцаж байсан гэвэл зөв. Яг хамтарч ажиллаад байсан зүйл байхгүй.
-ХСҮТ есөн жилийн хугацаанд гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Ж.Чинбүрэн гишүүн 2016-2019 оны хооронд ажиллаад 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болж гарсан байдаг. Дараа нь Н.Эрдэнэхүү томилогдож, таван жил болоод явж байна. Удирдлага олон солигдох угаас хүнд байгаа салбарт яаж нөлөөлөх юм бол?
-Миний бодлоор таван жил нэг байгууллагын удирдлагаар ажиллана гэдэг хангалттай хугацаа. Тэрний өмнөх захирал бол УИХ-д нэр дэвшихээр болоод, хуулийн хүрээнд ажлаа хүлээлгэж өгсөн.
Удирдлага нь солигдож байгаатай холбоотойгоор тусламж үйлчилгээ, үйл ажиллагаа нь сайн явж өгөхгүй, доголдоод байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Тогтолцоо өөрөө ажиллах ёстой. Хүн бол ирж л байдаг, явж л байдаг шүү дээ. Тийм учраас тогтолцоо нь хамгийн зөв байх ёстой гэж бодож байна. Манай улс хавдрын тусламж үйлчилгээний нөхцөл байдал, тархалтаараа харамсалтай нь дэлхийд бараг номер нэгт. Бүр маш олон үзүүлэлтээр шүү. Элэгний хавдар гэхэд л дэлхийн дунджаас найм дахин их байх жишээтэй. Ходоодны хавдрын тохиолдол эрс нэмэгдэж байна гэх мэт.
Нэгдүгээрт хавдрын өвчлөл их байна. Хоёрдугаарт, дэлхий дахинд ч хавдар нас баралтын хоёрдугаар шалтгаан болоод байгаа. Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн эрт илрүүлэлтийн хувь гэж бий. Хавдрыг хэдий чинээ эрт илрүүлнэ, төдий чинээ үр дүнтэй, бүрэн төгс эмчлэгдэх магадлалтай, өвчтөндөө аюул эрсдэлгүй. Мөн маш хямд зардлаар эмчлэгдэх боломжтой байдаг.
Жишээ болгоод элэгний хавдрыг хэлье. Элэгний хавдрыг нэгдүгээр үед нь илрүүлэх бүрэн боломжтой. Бараг 100 хувь гэж хэлж болно. Илрүүлэхийн тулд зүгээр л эход харуулахад хангалттай. Элэгний хавдрыг эрт үед илрүүлсэн тохиолдолд өвчтөнийг эхо хяналт дор гаднаас нь түлэх эмчилгээ хийдэг. Үндсэндээ тухайн хүн өглөө эмнэлэгт хэвтлээ, түлүүллээ. Маргааш нь гэртээ харилаа. Ингээд хавдар эдгэчихнэ. Эрт илрүүлэхийн ач тус ийм байдаг. Гэтэл хожуу шатны хортой хавдар маш эрсдэлтэй. Хагалгааны дараа тэр хүний эрүүл болж, босож ирэх магадлал бага буюу амь насаа алдах эрсдэл өндөртэй хагалгаа хийлгэдэг. Асар өндөр зардалтай. Үнэтэй эм, тариа, багаж, тоног төхөөрөмж. Мөн түүнийг хийж чадах өндөр түвшний эмч бэлтгэх зардал гээд цааш олон зүйл дурдагдана. Гол нь эмч байгаад, зардал мөнгийг нь гаргаад, тэр хүн хүнд хагалгаагаа даагаад, эрүүл болоод гараад ирлээ гэж бодъё. Гэтэл хавдар нь дахиж гарч ирэх магадлал 80 хувиас дээш байдаг. Тэгэхээр хамгийн чухал нь хортой хавдрыг эрт илрүүлэх. Ингэснээр бүх талын ашигтай.
Энэ жил хамгийн гайхалтай, сайхан тоо гарч ирж байгаа. Монгол Улсад сүүлийн хэчнээн ч жил юм мэдэхгүй. Хавдрыг бүртгэж эхэлснээс хойш түүхэндээ анх удаа байх гэж бодож байна. Тодруулбал, анх удаа хортой хавдрын хожуу шатандаа оношлогдсон хувь нь 60 хувь руу орж ирсэн байна. Энэ бол Засгийн газраас эрт илрүүлгийн аяныг улс даяар өрнүүлсэнтэй холбоотой. Гэхдээ нөгөө талаараа гайхуулах зүйл бас биш. Өөрөөр хэлбэл 65 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Гурав, дөрөвдүгээр шат гэсэн үг.
Гуравдугаар үе шатанд бол тэр өндөр зардалтай, үр дүн багатай эмчилгээг хийдэг, оролддог. Тэр хүмүүсийн ихэнх нь дахидаг. Дөрөвдүгээр шатанд орсон бол бүрэн төгс эмчлэхэд тун төвөгтэй. Энэ шатанд оношлогдсон хүмүүсийн талаас илүү нь тухайн жилдээ нас барж байгаа. Жилд 7,300 орчим хүн шинээр хавдартай гэж оношлогдож байна. Энэ хүмүүсийн 65 хувь хожуу шатандаа оношлогдож байна гэсэн үг. Энэ үзүүлэлтийг багасгах хэрэгтэй байна. Үүн дээр мэргэжлийн энэ төв хэрхэн яаж ажиллавал зөв юм бэ. Яаж энэ тоог багасгах вэ, тийшээ хүн болоод хөрөнгийн нөөцөө хэрхэн зарцуулах ёстой вэ. Бусад эмнэлгүүдээ мэргэжил, удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг чухал байна.
-Эрт илрүүлэг зохион байгуулж байгаа нь сайн. Үүнтэй зэрэгцээд эмнэлгийн хүрэлцээний асуудал хөндөгдөж таарна. Үзүүлье гэхэд хамгийн багадаа 14 хоног, цаашлаад 1-3 сар хүлээх шаардлага ч үүсэж байна. Харамсалтай нь манайд нэг л том эмнэлэг бий. Энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Эрүүл мэндийн сайдын зүгээс яг энэ асуудлыг чухалчилж, нэн тэргүүний зорилт болгож ажиллах үүрэг өгч байгаа. Энэ тухайд мэдээллүүд аваад, судлаад харахад хүлээгдэл маш их байна. Үүнийг багасгах талаар ямар шийдлүүд байна гэдгийг ч өнөөдөр ярилцлаа. Хуучин статистик тоонуудыг ч харлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хорт хавдраар өвдчихсөн, эмчлэгдсэн, хяналтад явж байгаа 28,900 орчим хүн байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг хянах, үзэх, тусламж үйлчилгээ үзүүлэх менежментийн асуудал яригдаж байгаа юм. Энэ том эмнэлгийн тухайд 28 мянган хүний үзлэгт зохицуулалт хийх боломжтой байх гэж бодож байна.
Дээрээс нь хиймэл ачаалал үүсгэдэг асуудал байдаг юм байна. ХСҮТ дээр эмчилгээ хийлгэсэн хүмүүс бүгд энд хянагдана. Хаа байсан Дорнод аймгийн хамгийн урд талын суманд амьдардаг хүн энд хагалгаанд ороод, хамгийн багадаа гурван сар тутам ирж эмчдээ үзүүлдэг байх жишээтэй. Гэтэл улс орон даяар Эрүүл мэндийн яамнаас бодлогоор аймгуудыг хавдрын эмч, кабинетуудтай болгосон. Тэгэхээр энэ чиглэлд бодлогоор менежмент хийх шаардлага байна. Өөрөөр хэлбэл аймгийнхаа хавдрын эмчийн хяналтад байж, өөртөө ойр, хүлээгдэл чирэгдэлгүй, зардал мөнгөний хувьд хялбараар үзүүлээд, хянуулаад явах бүрэн боломжтой.
Харин энд бол оношийг батлах шаардлагатай байна. Хэрэв орон нутгаас ирж байгаа хүмүүс аймгийнхаа хавдрын эмчид үзүүлчхээд ирэх юм бол ямар нэгэн шинжилгээ өгөөд зарим зүйл тодорхой болоод ирэх боломжтой. Ирээд заавал анхан шатнаас нь үзүүлж, олон процесс дамжиж, өгсөн шинжилгээгээ дахин өгч хугацаа алдах шаардлагагүй гэсэн үг. Мөн аймаг дахь эмч үзээд зайлшгүй тохиолдол биш бол заавал ХСҮТ-д очиж үзүүл гэж явуулахгүй нь мэдээж. Ингэхээр хүн дээр ирж байгаа ачаалал, зардал, эрүүл мэндийн даатгал дээр ирж байгаа зардал ч гэсэн ихээр буурах боломжууд байгаа. Ингээд ярихаар нөгөө л сайн менежментийн асуудал хөндөгдөнө.
-Хавдрын эмнэлгийн өргөтгөл гүйцэтгэгч болон санхүүгийн асуудлаас үүдэж удаашраад байна-

-Аймагт нь хавдрын эмч, бүр кабинет байгаа гэлээ. Гэтэл яагаад танайх болон бусад улсын эмнэлгүүд дээр бүх ачаалал ирээд байна вэ. Ойлголтын эсвэл мэдээллийн зөрүү байгаад байна уу. Нөгөө талд орон нутагт тоног төхөөрөмж, хүний нөөц нь хүрэлцээтэй хэмжээнд байж чадаж байгаа юм уу?
-Эрүүл мэндийн яамнаас тулгамдсан тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулна гэж байгаа. Үүний гол зорилго нь орон нутгийн бүсийн төвүүдийг чадавхжуулах юм. Чадавхжуулна гэдэг нь оношилгооны чадамж нэмнэ гэсэн үг. Үүний ард тоног төхөөрөмж, мэргэшсэн мэргэжилтэн, хүний нөөцийн асуудал яригдана. Эдгээрийг шийдээд явж байгаа. Жишээлбэл, хойд бүс хавдрын төвтэй болох шийдвэр гарлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ аваад “Хавдар-2” гээд том төслийг эхлүүлээд явж байна. Ингээд шийдээд өгчихөөр хүмүүсийн заавал Хавдар судлалын үндэсний төв дээр ирэх ёстой гэдэг бодол өөрчлөгдөнө. Иргэд яагаад орон нутагт нь хавдрын эмч байсаар байтал наашаа ирээд байгаа вэ гэхээр оношилгооны чадамжтай нь холбоотой. ХСҮТ-ийн тухайд өөрийнхөө хэмжээнд энэ мэргэжилтнүүдийг аваад бэлтгээд, сургаад явж байгаа. Гэхдээ бүрэн, хангалттай хэмжээнд бол биш. Мөн энэ төв хавдрын чиглэлээр мэргэшсэн сувилагчдыг бэлтгэж байна.
Ер нь орон нутагт ажиллах орчин нөхцөл нь бий болоод, оношилгооны багаж, тоног төхөөрөмжийнх нь чадамж нэмэгдчихвэл хүмүүс заавал ийшээ ирээд байхааргүй болно. Мөн энд авч байгаа тусламж үйлчилгээг нь яг ижил түвшинд байлгах зорилгоор үндэсний мэргэжлийн багууд гаргаж байгаа. Жишээлбэл манай төвөөс Хэнтий аймагт хавдрын эмч нар очиж мэс засал, эмчилгээ, тусламж үйлчилгээ тодорхой хугацаагаар үзүүлж байна. Мөн өөр бүсийн оношилгооны чадамжтай төвүүд Дорнод, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймагт байна. Энэ төвүүд рүү ч явуулж байгаа. Мөн зайнаас эмч нартайгаа холбогдоод үнэхээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бол очоод, тэр явцдаа мэргэшүүлээд явах боломжтой. Өөрөөр хэлбэл ард иргэдэд эмч нь очиж үйлчлэх боломж бас байна.
-Хавдар судлалын үндэсний төвийн тухайд боловсон хүчний дутагдал, хүний нөөцийн асуудалтай тулгарч байна уу?
-Хавдрын өвчинтэй тэмцэх энэ хэсэгт хүний нөөцийн дутагдал бий. Зөвхөн энэ эмнэлэг гэхэд сувилагчийн дутагдалтай байгаа. Гэхдээ энэ бол нийт эрүүл мэндийн салбарын асуудал. Онцлоод Хавдар судлалын эмнэлэг илүүтэй хүний нөөцийн дутагдалд орчихсон зүйл байхгүй. Мэргэшсэн байдлын тухайд үндэсний төв өөрийнхөө манлайллыг үзүүлэх ёстой. Учир нь эмнэлэг биш хавдрын үндэсний төв шүү дээ. Төв нь тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийн тулд эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа давхар явуулдаг онцлогтой. Академик институт гэж ойлгож болно. Бид өнөөдөр л гэхэд хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, химийн эмчилгээний зайн сургалтыг 40 гаруй байгууллагад өгч байна. Мөн танхимын хэлбэрээр хослуулсан байдлаар сургалтуудаа хийдэг. Цаашид төлөвлөгөө гаргаад энэ тал дээр анхаарч ажиллана.
–Танай өргөтгөлийн ажил зогсчихсон юм уу. Тэгж анзаарлаа?
-Энэ бол жинхэнэ асуудал байна. Өргөтгөлийн асуудлыг үнэхээр богино хугацаанд шийдэх шаардлагатай. Мэдээж ХСҮТ-ийн эмч нарын ч юм уу хийх ажил биш. Үүн дээр Засгийн газар, яамны шийдвэр хэрэгтэй байна. Энэ асуудлын хүрээнд одоо байгаа бүх бодит мэдээллийг холбогдох газруудад нь гаргаж тавьж, танилцуулна.
–Өргөтгөлийн ажил гацчихсан байгаа гэсэн үг үү?
-Яг гацсан бол биш. Гүйцэтгэгч нартай холбоотойгоор бага зэргийн удаашралтай явж байгаа юм байна.
–Санхүүгийн асуудал нь бүрэн шийдэгдчихсэн гэж ойлгож болох уу?
-Санхүүгийн асуудал дээр шийдвэрүүд хүлээгдсэн байгаа гэж манай хуулийнхан хэлж байна. Бүрэн шийдэгдээгүй. Гэхдээ шийдэгдэх гээд шаардлагатай шийдвэрүүдийг нь хүлээгээд байж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн.
-Хэрэв өргөтгөлийн ажил дуусаж, ашиглалтад орвол хүлээгдэл байхгүй болох болож үүсэх үү?
-Шууд үр дүн гарна. Тусламж үйлчилгээний хүлээгдэл байхгүй болно. Үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар нэмэгдэнэ.
–ХСҮТ дотор Ж.Чинбүрэн захирлын үед байгуулсан “Мед Портал” гэх эмнэлэг байдаг нь үнэн-

-Хавдар судлал дээр эмийн мафи үүссэн гэдэг агуулга хөндөгддөг. Мөн танай эмнэлгийн зүүн жигүүрт Ж.Чинбүрэн гишүүний хамаарал бүхий “Мед Портал” гэх эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг гэдэг мэдээлэл бий. Ийшээ өвчтөнүүдийг томографын шинжилгээнд оруулдаг гэдэг ч юм уу асуудал яригддаг. Энэ тухай та мэдэх үү?
-“Мед Портал” гэдэг эмнэлэг энд байдаг, мэднэ. Ж.Чинбүрэн гишүүн захирлаар ажиллаж байх үед санаачилж байгуулсан. Төр хувийн хэвшлийн хамтарсан хэлбэр юм болов уу гэж бодоод байгаа. Хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн тэнд л “MRI”-д ор, томографт ор. Тэгэхгүй бол үзэхгүй, харахгүй гээд байгаа зүйл байхгүй. Өнөөдрийн нөхцөлд ХСҮТ-ийн маань компьютер томограф ажиллахгүй байгаа юм байна. Тэгэхээр бодит хэрэгцээн дээр үндэслээд хүмүүс үзүүлж, харуулж л байгаа байх гэж бодож байна.
–Энэ эмнэлэг танай хашаан дотор байна уу эсвэл бүр энэ эмнэлэг дотор байгаад байна уу?
-Яг энэ дотор байгаа юм байна.
–Төрийн оролцоотой ч гэсэн улсынхаа эмнэлэг дотор дахиад нэг эмнэлэг байгуулчихсан нь зөв юм болов уу?
-Би яг нарийн асуудлыг нь бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ захирлын үүргийг гүйцэтгэж ажиллах учраас судалъя гэж бодож байна. Гэхдээ Монгол Улсад хамтарч ажиллаж болно гэдэг хууль байгаа шүү дээ. Хуулийн хүрээнд хийгдсэн байлгүй. Үүнд дээр эргэлзэх зүйл байхгүй байх аа гэж бодож байна.
–Та өмнөх хоёр удирдлагаа өмөөрөнгүй аястай яриад байх шиг. Багш шавийн ч гэдэг юм уу, ойрын холбоо байна уу?
-Тэгж их өмөөрөөд нэг талд гараад байгаа зүйл байхгүй. Зүгээр багш шавийн холбоо бол байгаа. Ж.Чинбүрэн гишүүн маань надад анх элэгний хагалгаа хийх гэхчлэн бүх зүйлийг гардаж заасан хүн л дээ. Багшаа гэж хүндэлж, хайрлаж явдаг. Н.Эрдэнэхүү багш надад яг гардаж хичээл заагаагүй ч АШУҮИС-д анх дадлагажигч багшаар ажилд ороход миний орсон физиологийн тэнхимд ахлах багш хийдэг байсан. Надад заах арга зүй, багшлах ур чадварыг заасан ийм хүн.
–Гаднаас оруулж ирдэг хавдрын эм бас л араасаа асуудал дагуулдаг. Тендерийн маргаан, ашиг сонирхлын зөрчил ч ил, далд ажиглагддаг. Голчлон аль улсаас авдаг вэ. БНСУ нэгдүгээрт яригдах болов уу гэж бодож байна?
-Эмийн тухайд Монгол Улсад Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэнд бүртгэж аваад, Монголд хэрэглэх зөвшөөрлийг нь олгодог. Ийм эмүүдийг авч ашигладаг. Эмийг хувийн хэвшлийн компаниуд тухайн шаардлага хангасан эмийн байгууллагатай нь гэрээ байгуулж, оруулж ирдэг. Тэрийг нь хэдий хэмжээний, ямар нэр төрлийн эм хэрэглэхээ тодорхойлоод тохирсон үнээр тендерийн худалдан авалт хийж авдаг.
Өнгөрсөн жилээс эхлээд Эрүүл мэндийн яамнаас чанартай эмийг хямд хүргэх зорилгоор чанартай нь батлагдсан эмийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулаад оруулж ирж байна. Энэ бол маш сайн. Ний нуугүй хэлэхэд тендерийн хууль эмнэлгийн салбарт тохиромжгүй. Тендер шалгаруулалтын хамгийн гол шалгуур бол үнэ. Өөрөөр хэлбэл 100 болон 99 төгрөгийн үнэтэй нэг ижил эм байвал бага үнэтэйг нь л авах болно. Ингэхээр чанарын асуудал зөрчигдөөд эхэлдэг. Мөн бид үйлдвэрлэгч биш учраас Америк, Солонгост зарагдаж байгаа үнээс нь өндөр үнээр авдаг. Мэдээж бизнес учраас оруулж ирж байгаа газар нь тодорхой дүн бас нэмдэг. Гэхдээ асуудалтай. Зөвхөн тэр компанийн төлөөлөгч гэдэг бичиг, эрх авангуутаа эмээ нугалж зардаг тохиолдол ч байдаг. Тэгэхээр Эрүүл мэндийн яамыг үүнийг зохицуулж байгаа юм болов уу гэж хардаг.
Одоогоор яам хамгийн чанартай эмийг оруулж ирж байгаа. Ялангуяа хавдрын эмийн тухайд. Хортой хавдрын эм гэдэг эсийг үхүүлэх зорилготой, асар хүчтэй хор байдаг. Яагаад хэрэглэдэг вэ гэвэл хавдрын эсийг үхүүлж хөгжлийг нь зогсоохгүй бол хүний бусад эд эрхтнийг идчихдэг. Тийм учраас хамгийн чанартай, зөв эмээ авахгүй бол хүний өөрийн эд, эсийг давхар хохироож, алдаг аюултай. Хавдар бол хүний өөрийн эд, эсээс үүсдэг. Өөрийнх нь эс боловч генийн хувьд гажиг үүсээд, зогсолтгүй өсөж үржээд бусдыгаа сүйтгээд байгаа юм. Хүний өөрийнх нь галзуурсан эс гэж ойлгож болно.
Тиймээс чанартай эмийг чанаргүй эмээр орлуулбал хими эмчилгээний үед хүндэрч, хор нөлөөнөөс нь болоод амь насаа алдах эрсдэлтэй. Хавдрын эмийг голчлон Солонгос болон европын нэр хүнд бүхий эмийн үйлдвэрүүдээс авч байна гэж сонссон.
-Монголд эмийн сан маш олон болсон. Энэ бол бизнес шүү дээ. Нэмж цэцэглээд байгаа нь өвчлөлтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл хүн амын дунд хавдар гэлтгүй өвчлөл их байгааг илтгэж буй нэг хэлбэр гэж хардаг. Хүмүүс их үйлчлүүлж байгаа нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, энэ хэмжээгээр тэлж байгаа нь мэдээж. Үүнтэй адилхан ХСҮТ-ийг мөнгө гэж хараад, иргэдийн зовлонг буруугаар ашиглаад байна гэх шүүмжлэл өрнөдөг. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ. Цаашид?
-ХСҮТ дээр эмийн худалдан авалт, эмийн хэрэглээ зохицуулалтын талаар эхний уулзалтуудаа хийгээд, мэдээллүүдээ аваад байж байна. Засах шаардлагатай зүйлүүд байна. Яах аргагүй өндөр үнийн дүнтэй, их хэмжээний худалдан авалтууд хийдэг. Сүүлийн үед байн эмчилгээ гэж ярьж байгаа. Хавдрын химийн эмчилгээний сүүлийн үеийн сайжруулсан хувилбар гэж ойлгож болно. Энд дандаа биологийн бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг гаргаж авахад био анагаахын өндөр технологи шаарддаг учраас их үнэтэй. Иймэрхүү зүйлсийг дагаад үнэ өсөхөөр энэ чиглэлд зарцуулагдаж байгаа мөнгөн дүн өсөж таардаг. Зовлонтой нь мөнгө эргэлдсэн аль ч газар хардалт, сэрдэлт байдаг. Буруу санаатай хүмүүс ирвэл хумслах гээд байх ч тохиолдол бий. Одоогоор бол таны асуусан шиг эмийн мафи байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тийм зүйл байгаа гэж бас бодохгүй байна. Хэрэв шалгаад, байвал засъя л гэж бодож байна.
-Би өөрийн итгэл үнэмшлээр энд ирсэн. Улс төрийн нөлөө, оролцоо байхгүй-

-Хавдрын бодит нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа юм бол. Айл бүрд хавдартай нэг хүн байна. Насны хувьд залуужиж байна гэх болсон. Нэг хүн хавдраар өвдөхөд гэр бүлийн санхүүгийн байдал дагаад унаж байна. Энэ мэт хавдрыг тойрсон төвөгтэй зүйлс маш олон болсон. Яг ийм хүнд үед ХСҮТ-ийг удирдана гэдэг амаргүй болов уу?
-Богино хугацаандаа хүртээмжээ нэмэгдүүлээд, төвлөрөл, ачааллыг бууруулъя гэж бодож байна. Тэгэхийн тулд өргөтгөлийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингэж чадвал хүлээгдэл, ачаалал буурна. Цаашид эрт илрүүлдэг байх тал дээр анхаарах шаардлагатай. Хэрэв эрт илрүүлж чадах л юм бол хорт хавдар эмчлэгддэг өвчин. Тиймээс энэ чиглэлд онцгой анхаарах ёстой. Эрт илрүүлэгт хамрагдалтын хувь 60 гаруй л хувьтай байна. Одоо үүнийхээ хамрагдалтыг нэмэгдүүлж, зөв хийх чухал байна. Ямар зорилтот бүлгийг, ямар шинжилгээнд, хэдий хугацаанд, яаж хамруулах юм бэ гэдэг бодлогыг гаргадаг, нотолгоог бий болгодог газар нь ХСҮТ.
Энэ хүрээндээ манайх бүртгэлээ маш зөв болгох ёстой. Олон улсын стандартаар хортой хавдрыг бүртгэдэг, танддаг. Тандалт бол одоогоор нэлээн дутуу байх шиг байна. Тиймээс тандалт, бүртгэлээ сайжруулъя. Үүн дээрээ үндэслээд бодлогоо тодорхойлоод Эрүүл мэндийн яаманд танилцуулъя. Шаардлагатай бол хуулиар зохицуулалт хийе. Тухайлбал үнэхээр шаардлагатай бол “бүх байгууллагууд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрт илрүүлэгт зайлшгүй хамрагдах ёстой” гээд хуульчилж өгч болно шүү дээ. Гол нь ийм хэрэгцээ шаардлага байгаа бол нотлох ёстой. Яг энэ бол манай төвийн зорилт.
-Одоогийн байдлаар өдрийн ачаалал хэр байна?
-Манайх 15 хоногийн хүлээгдэлтэй байна. Зарим хэсэг дээрээ 15 хоногоос ч их байна. Эмч нарын хувьд ажлынхаа найман цагт багтаад үзлэг хийж байна. Ингэхэд хүлээгдэл байна гэдэг нь нэмээд тэр чиглэлээр кабинетууд гаргах эсвэл тэр чиглэлийн эмчийн тоог нэмэх шаардлага байгааг илтгэж байгаа юм.
-Танай ачааллыг хуваалцаж байгаа улсын хэдэн эмнэлэг байгаа вэ?
-Ерөнхийдөө төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүд бүгд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Тэнд ажилладаг эмч мэргэжилтнүүдийнх нь мэргэшсэн байдалд үнэлгээ хийгээд эрүүл мэндийн даатгалаас хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх оношны хамааралтай эсэхийг нь тодорхойлж өгч байгаа. Жишээлбэл миний өмнө нь ажиллаж байсан Монгол Японы эмнэлэгт ходоодны хортой хавдрын бүх төрлийн мэс заслыг хийж байна. Бөөр, шээсний замын бүх төрлийн хавдрын мэс заслууд. Элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслуудыг хийж энэ төвийн ачааллаас хуваалцаж байна. Эмч мэргэжилтнүүдийн тухайд бүгд мэргэшсэн. Энэ төрлийн тусламж үйлчилгээг хаана ч ижил түвшинд үзүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёрдугаар эмнэлэгт мэргэшсэн маш том баг ажиллаж биш жишээтэй. Үүнээс гадна бүх дүүрэг, аймгийн эмнэлэгт хавдрын мэргэжлийн эмчийн ажиллуулдаг кабинет байгаа. Химийн эмчилгээнүүдийг мөн тэнд хийж байна. Нэмээд томоохон хувийн эмнэлгүүдийг дурдаж болно.
-Хавдрын эмнэлэг болоод өвчтөнүүдийг тойрсон асуудал ийм байна. Харин чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдынхаа нийгмийн байдалд хэрхэн анхаарах вэ.Тухайлбал цалин нэмэх боломжтой юу?
-Мэдээж энд буюу мэргэжлийн төвд ажиллаж байгаа хамт олон бол хавдар судлалын хамгийн хүнд ачааг үүрч байгаа. Ачаалал үнэхээр их. Хортой нөхцөлтэй. Яаралтай тасаг 24 цагаар ажилладаг гэх мэт.
Тиймээс мэргэжлийнх нь онцлогийг тусгасан, түүнд зориулагдсан бүхий л нөхцөлд нэмэгдлийг нь өгнө. Хуулийн дагуу цалин, урамшуулал олгоно. Өшөө дахиад хуулийн хүрээнд ямар боломжтой байна. Тэр хүрээнд нэмэгдлүүдийг нь өгнө гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд ч бүрэн боломжтой гэж ойлгож болно. Цалин нэмэхийн тухайд боломжтой юм байна лээ. Жишээлбэл, эхний уулзалтаа хийхэд үйлдвэрчний эвлэл маань ажиллахгүй байна. Үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ гэж хийдэг. Хамтын гэрээгээр нэмэгдэл хөлс, төлбөрүүдээ тохирч болдог. Үүн дээрээ үндэслээд цалин дээрээ хамтын гэрээний нэмэгдэл оруулах боломжтой. Ингэж байж эрх зүй нь үүснэ гэсэн үг. Иймд дэд захирлууддаа хамгийн түрүүнд өгсөн үүрэг бол хамтын гэрээ.
-Сүүлийн асуулт. Хавдар судлалын үндэсний төвд улс төрийн нөлөө, хараат байдал тусах уу?
-Жишээлбэл миний томилгоон дээр улс төрийн зүгээс тусгайлан дэмжээд, эсвэл хэн нэгэн хүн тусгайлан эсэргүүцсэн юм бол огт байхгүй. Сайдын зүгээс бол хийх ёстой ажлуудаас энийг нь зайлшгүй шийдэх ёстой гэдэг зүйлүүд хэлсэн. Мөн улс төрийн зүгээс ямар ч асуудал, нөлөө байхгүй гэдгийг ч өөрөө хэлсэн. Энэ салбар дээр ийм зүйлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байна гээд надад санал тавьсан. Яг үүн дээр үндэслээд, мөн өөрийн итгэл үнэмшлээр ирсэн. Энэ чинь миний мэргэжил. Салбарынхаа төлөө санаа зовж, хийх юм сан гэж бодож байсан ажлууд байсан учраас зөвшөөрсөн. Шийдвэр бол ингэж л гарсан.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Eguur.mn