Уоррен Баффетын зөвлөгөө: Тогтвортой байдал уу, популизм уу?!

0
tsnkne__D5A8387_x974

“Кью эс си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн нийтлэлийг хүргэж байна.


“Монгол Улсын хувьд тогтвортой валюттай, бизнесийн таатай орчинтой гэгдэх нэр хүндийг олж авах нь хамгийн чухал. Бид өндөр инфляц явагдах магадлалтай улсад хөрөнгө оруулахыг хүсдэггүй, бид тийм тоглоомд оролцдоггүй”. Энэ бол 94 настай, хөрөнгийн зах зээлийн домог  У.Баффет АНУ-ын Небраска мужийн Омахад болсон “Беркшир Хэтэвэй” компанийн жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр монгол залуугийн асуултад өгсөн хариулт. Хорин мянга орчим хөрөнгө оруулагч цугларсан уг арга хэмжээний үеэр У.Баффетын хэлсэн Монголын талаарх энэхүү товч бөгөөд тодорхой дүгнэлт бол манай эрх баригчдад хандсан анхааруулга гэж хэлж болно. Үндсэндээ инфляцийн эрсдэл бол эрх баригчдын бодлогын эрсдэл гэсэн үг. Домогт хөрөнгө оруулагчийн  “Бид тийм тоглоомд оролцдоггүй” гэх үг гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэсэнтэй адилхан сонсогдсон нь мэдээж.

Түүний Монголын талаарх дүгнэлтийг задалбал:

Нэгдүгээрт, “валютын тогтвортой байдал” гэж хэллээ.

Үүнийг бий болгохын тулд инфляц, ханшийг тогтвортой барих нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Учир нь мөнгө гэдэг бол өмч, хөдөлмөр оролцоог илэрхийлдэг хэрэгсэл. Гэтэл хөдөлмөр оролцоонд суурилахгүйгээр мөнгө тараах, хэт халамж, төрийн үр ашиггүй зардал зэрэг нь эдийн засгийн суурь тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг.

Хоёрдугаарт, “бизнесийн таатай орчин” гэж дурдсан.

Энэ нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд гол зүйлсийг дурдвал хууль засаглах, өмчийн эрх хамгаалагдах, гэрээний дархлаа тогтох, шударга шүүхтэй байх, зохицуулалт болон татварын бодлого нь ойлгомжтой байх, эдийн засгийн эрх чөлөө хангагдсан байх гэсэн ойлголтууд багтдаг.

Гуравдугаарт, “нэр хүндийг бий болгох” гэж хэлсэн.

Дээрх нөхцөлүүдийг бүрдсэн гэж үзэх “нэр хүнд”-ийг хэлж байгаа юм. Энэ нь нэг өдрийн дотор бий болгочихдог зүйл биш. Үүний тулд бид урт хугацаанд бодлогоо тогтвортой байлгаж, сахилга баттай байж харуулах замаар хөрөнгө оруулагчдын итгэл буюу “нэр хүнд” олж авах учиртай. Зүгээр нэг хууль баталчихаад “одоо гоё болчихлоо” гэж ойлгох нь хэт гэнэн зүйл.

Тэгээд бид яах ёстой юм бол? У.Баффет АНУ-ын жишээг онцлон бидэнд өгсөн зөвлөгөө нь “улс орны бизнесийн орчин төгс байх албагүй, гагцхүү бусад улс орнуудаас арай илүү байхад л хангалттай” гэж хэллээ.

Харамсалтай нь, Монгол Улс ийм харьцуулалтуудаар муу талруугаа хэлбийсээр л байна. Сүүлийн жилүүдэд бидний хууль засаглалын индекс, эдийн засгийн эрх чөлөөний индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс, авлигын индекс зэрэг олон үзүүлэлт дордсоор байгаа нь хөрөнгө оруулагчдын нүдэнд биднийг эрсдэлтэй бүс болгон харуулсаар байна. Биднийг элдэв муу дохио дуугаргасаар байтал хөрөнгө оруулагчид биднийг тойрч гарсаар л байна.

Жишээ болгон зарим дохионуудыг дурдая.

  1. 34–50 хувийг төр үнэгүй өөртөө авна гэх шийдвэр.

“Ард түмний мэдэл”-д авлаа гэх хуурамч үгээр төрийн өмч олж авахаар хувийн өмчийн эрхэнд халдсан шийдвэр болох нь илэрхий харагдаж байгаа. Стратегийн ач холбогдолтой ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны 34–50 хувийг үнэгүйгээр төрд шилжүүлэх тухай шийдвэр бол хөрөнгө оруулагчдыг шууд үргээх үр дагавартай.

Учир нь “хувьцааг” үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг үг нь зөвхөн эрдэс бүтээгдэхүүний ордын асуудлаас хальж томроод тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны тухай ойлголт болж хувирдаг.

Тэгэхээр тухайн орд газарт хөрөнгө оруулалт хийж дэд бүтцээ эзэмшдэг бол, уулын ажлын машин механизмтай бол, баяжуулах үйлдвэр барьж бүтээсэн бол тэдгээр нь хувьцаа гэдэг үгний бөөрөнд нь наалдаад бас төрд очих магадлалтай зохицуулалт хийсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийгээгүй нэг нь яахав, хийхээр бол яахав, гэсэн зүйлс тодорхойгүй. Энэ бүхнээс харахад хувийн өмчийн хамгаалалт сул, хууль ёсны баталгаа муутай орчин гэдгээ л харуулж байна.

  1. 1072 хувьцаа-Хөдөлмөр оролцоогүй мөнгө

Улс төрчид “баялгийг тэгш хуваарилна, хүртээнэ” гэх попролын үр дүнд Эрдэнэс Тавантолгой ХК‑ийн 1072ш хувьцаа гэх нэртэй “хувьцаа биш” үр дүн муутай улс төрийн зорилгоор мөнгө тарааж оноо авдаг Ваучер маягтай хэрэгсэл бий болсон. Ингэж хэлэхийн учир нь гэвэл 1072ш хувьцаа нь ҮЦТХТ-д бүртгэлгүй, зарах шилжүүлэх эрх байхгүй, зах зээлийн үнэ, үнэлгээ нь тодорхойгүй, хувьцаа гэж хэлэх боломжгүй зүйл. Мөн “Эрдэнэс Тавантолгой” гэх компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлгүй, хувьцаат компанийн шаардлагаар ажилладаггүй гэсэн үг.

Үүнийг арай өөр өнцгөөс нь харвал “ногдол ашиг” гэх нэрээр хөдөлмөр оролцоо байхгүй хий мөнгийг зах зээлд ихээр нь оруулж, үр дүнд нь У.Баффетын хэлсэн мөнгөний тогтворгүй байдал нь бий болдог. Хөдөлмөр, бүтээмжээс ангид ийм сул орлого нь инфляцийг өдөөж, төсвийн сахилга батыг сулруулж, хүмүүсийн олдог орлогыг үнэгүйдүүлэх үр дүн л үзүүлдэг.

  1. Кью Эс Си Компанийн Концессын гэрээ гэнэт цуцалсны нөлөө

Хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн үгүй хийж буй бас нэгэн бодит жишээ бол Кью Эс Си ХХК-ийн төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийсэн хөрөнгө оруулалтын төслийг бүдүүлгээр зогсоож хөрөнгийг шууд хураан авсан асуудал. Тус компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сэргээж, өргөтгөх хэдэн арван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл төр шүүх, арбитрын ямар ч журам, хууль засаглалын зарчимгүйгээр шууд хураан авч, компанийн бүх хөрөнгийг царцаав.

Энэ нь “Гэрээг хүндэтгэх, хамгаалах” гэсэн хамгийн энгийн зарчим ийм амархан алдагддаг улс орон гэдгээ зарласан үйлдэл юм. Гэрээний эрх зүйн дархлааг үгүй хийсэн улс оронд хэн хөрөнгө оруулалт хийх вэ?

У.Баффет 2007 онд өөрийн хувьцаа эзэмшигч нартаа илгээсэн захидалдаа “Хэдийгээр АНУ-д олон сул тал байдаг хэдий ч бидний хөрөнгө орлого АНУ-д төвлөрсөн хэвээр байх болно. Учир нь хуулийн засаглал, зах зээлд суурилсан эдийн засаг, мерит зарчмын тогтолцоо бол хөгжилд итгэх гол хүч нь юм” гэж хэлсэн байдаг.

Хөрөнгө оруулагчид төгс төгөлдөр байдал нэхээгүй. Тэд тогтвортой валют, эрх зүйн хамгаалалт, бодлогын тодорхой тогтвортой байдал шаарддаг. Түүнээс биш “хөрөнгө оруулалтын тухай” гэдэг нэртэй хууль нэхээгүй.

Тиймээс улс орноо хөгжүүлэхийн тулд төрд өмч хурааж, өөрсдөө хүрз барьж явахын оронд хувийн өмч, гэрээний дархлааг бий болго, популист амлалтын төлөө биш бодит бүтээмж, хөдөлмөр оролцооны үр дүнгээр баялаг бүтээх нөхцөлийг бүрдүүл, хэт халамжаа боль! Улсын валют, мөнгөний чанарыг муутгадаг алхамуудаа зогсоо! Эс бөгөөс монголчууд бид итгэж болохгүй, эрсдэлтэй орон гэдэг шошгоноос салахгүй, Баффет шиг хөрөнгө оруулагчид биднээс үргэлж айсаар зугатсаар байх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *