Алтны нөөцөөрөө Цагаан суваргын дараа орох “Хармагтай” дээр Монголын төр 34 хувиа эзэмшээгүй яваа

Монголын томоохон алт, зэсийн ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог “Хармагтай” ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж илрүүлсэн бөгөөд 2002-2003 онд Роберт Фридланд анхны өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн гэгдэж байсан билээ. Роберт Фридланд бол “Оюу Толгой”-н анхны өрөмдлөгийг хийсэн “Айвонхоу Майнз”-ын захирал.
Жилд 293 сая ам.долларын ашигтай 30 жил ашиглах боломжтой
Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнз” компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлсний тээр хойно 2013 онд Хармагтай ордын нөөц тогтоогдож, “Занаду Майнз” компани “А” ашиглалтын лицензийг нь эзэмших болсон.
- Зэсийн нөөц: 1.6 сая тонн
- Алтны нөөц: 4 сая унц (≈ 124 тонн)
- Хүдрийн хэмжээ: 730 сая тонн
- Өндөр агуулгатай бүс: 100 сая тонн (0.8% Cu-equivalent)
- NPV (цэвэр өнөөгийн үнэ цэнэ): $930 сая
- Жилд үйлдвэрлэх төлөв: 80,000 тонн зэс, 170,000 унц алт
- Төслийн хамтрагч: Zijin Mining (50%)

Төслийн нөөц нь 730 сая тонн хүдэрт хүрсэн бөгөөд нийт 1.6 сая тонн зэс, 4 сая унц алт агуулагдаж байгаа нь анхаарал татахуйц. Үүнээс нэн чухал нь 100 сая тонн өндөр агууламжтай гол бүсэд 0.8%-ийн зэсийн эквивалент агуулагдаж байгаа нь “Занаду майнз”-ын хувьд “том загас”.
Хамгийн сүүлд хийсэн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгаагаар Хармaгтай төслийн өнөөгийн цэвэр үнэлгээ 930 сая ам.долларт хүрч, 890 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 293 сая ам.долларын EBITDA ашиг өгнө гэж тооцсон байна.
Төсөл жил бүр 80,000 тонн зэс, 170,000 унц алт олборлох бөгөөд нэг фунт зэсийн өртөг дунджаар 70 цент байх тооцоотой. Үйл ажиллагааны зардлаа 4 жилийн дотор нөхөж, 30 орчим жил ашиг өгөх төсөөлөлтэй. “Оюу Толгой” 2051 он хүртэл манай улсад 11.9 тэрбум буюу жилд ойролцоогоор жилд 440 сая орчим ам.долларын өгөөж өгнө гэж ярьдаг бол Хармагтайн өгөөж ч мөн энэ хэмжээнд хүрч болохуйц.
Хармагтай дээр Занаду майнз Хятадын компанитай хамтралын тохироогоо хийж байна
Хамгийн сүүлд, “Занаду майнз” компани Хармагтай төсөл дээр Хятадын уул уурхайн салбарт акулуудын нэг “Зижинь майнинг”-тай хамтарсан түншлэлийн компани байгуулсан бөгөөд 50/50 хамтралтай. Гэвч хэдхэн хоногийн өмнө Зижинь групптэй байгуулсан онцгой эрхийн гэрээгээ цуцалсан талаар The West Australian-д мэдээлсэн байв.
Хоёр талаас харилцан тохиролцоонд хүрч чадаагүй учир сунжирсан хэлэлцээрийн эцэст “Занаду майнз”-ын ТУЗ-аас Зижинь группийн тавьсан санал болох 25 хувийг худалдах саналаа буцаахаар болсон аж.
Учир нь хоёр компани санхүүжилт дээрээ тохироогүй байна. Иймд “Занаду майнз”-ын захирал Колин Мурхэд “Төслийг урагшлуулахад шаардлагатай санхүүжилтийн шийдэлд хүрэхийн төлөө хамтран ажиллахыг оролдох болно. Мөн Хармагтай төсөл дээр гуравдагч талуудтай хэлэлцээг дахин эхлүүлнэ” хэмээн хэвлэлд өгсөн яриандаа онцолжээ.
Зижинь групп хөрөнгө оруулалтаар Хармагтай төслийн цаашдын үйл ажиллагааны процесст оролцохоор болж, анхны хэлцлээр 11 сая хүртэлх австрали доллар болон нэмэлтээр 35 сая хүртэлх ам.долларыг үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байсан юм.

Ингээд процессийг ажиглавал, энэ том ордыг тойрсон хэлцлүүдэ ердөө хоёр том компанийн дунд өрнөж буй бөгөөд Монголын талын оролцоо огтоос байдаггүй.
“Занаду Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Колин Мурхед “ACB News”-ийн Бээжин дэх салбарын сэтгүүлчтэй ярилцах үедээ “Занаду компанийн ажиллаж буй, хамгийн амжилттай томоохон төслүүдийн нэг болох Монгол улс дахь алт зэсийн орд нь өөрөө Рио Тинто групийн томоохон ордтой ойролцоо байрладаг. Бидэнд тулгарч буй хамгийн том эрсдэл нь усны эх үүсвэр, томоохон техникүүд, Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээн дээр тохиролцох юм. Эдгээр асуудлуудыг бид шийдвэрлэхээр ажиллаж байна. Засгийн газрын түвшний сайдтай уулаж, энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авахын тулд хэлэлцээ хийгдсээр байгаа” хэмээн энэ оны 1-р сард ярьсан байдаг.
Гэтэл Засгийн газар, УИХ дээр огт Хармагтайн асуудлыг сөхдөггүй.
Төр яагаад алт, зэсийн нөөцөөрөө гуравт жагсдаг Хармагтай дээр орж ирэхгүй байна вэ
Улс төрийн нюансыг нь харвал, Монголын төр уг төсөл дээр Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор 34 хувь эзэмшинэ гэж 2019 онд буюу УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед нэг хөндсөн. Тухайн үед Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байхад Хармагтай ордын 34 хувийн асуудлыг түлхүүлж, Засгийн газарт оруулж ирж байв. Хармагтай нь зэс, алтны томоохон орд тул стратегийн ордод хамааруулах санаачилга эндээс гарч байсан ч төр оролцоод үлэмж ашиг хүртэхгүй тул роялти татвар авахаас өөр бодитой сонголт гарч ирээгүй.
Яг энэ 2019 ондоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж алтны роялти татварыг 2.5 хувь байсныг 5.0 хувь болгож нэмэгдүүлж байсан билээ. Харин дараахан нь Салхитын ордыг ахмадын зээлийг тэглэх “ажиллагаа” болгосон түүхтэй.
Өнөөдөр, Хармагтай нь стратегийн орд биш учир 34 хувийг төр эзэмших эрхзүйн зохицуулалт байхгүй төдийгүй төрийн оролцоо хязгаарлагдмал болчихсон. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хөндөгдөөд байгаа Баялгийн санд Хармагтай орохооргүй нөхцөлд байгаа гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар зөвхөн стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон орд газруудад үндсэн хуулиар баталгаажуулсан онцгой оролцоотой байх эрхтэй байдаг. Харин Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компаниуд олборлосон ашигт малтмалынхаа төрлөөс хамааран тодорхой хувиар роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
Засгийн газрын түвшинд энэ асуудлыг лавлахаар “Лицензийг нь өгснөөс өөрөөр төр энд оролцоогүй” гэдэг тайлбар хэлдэг. Ингэхээр Монгол Улс уг ордыг стратегийн ордод авч байж Баялгийн сан болон дараагийн агуулгууд хөврөх юм.