Стратегийн ордын ажлын хэсэг: Тэдний хэн нь хэн бэ, эрх ашиг нь ямар вэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 2007 оны 27-р тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж,
- Оюу толгой
- Тавантолгой
- Цагаан суварга
- Асгатын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ахалж байгаа. Мөн түүнээс гадна есөн гишүүн бий.
Стратегийн ордод холбогдох УИХ-ын нөлөө бүхий ажлын хэсгийг ер нь хэн ахалж, хэн хэн бүрдүүлчихэв. Тэд бүлэглэлийн биш ард түмний төлөөлөл байж чадах уу?
Ерөнхий сайд: Э.Болормаа, О.Батнайрамдал
МАН-аас нэр дэвшиж, анх удаа парламентад сонгогдсон залуу дөрвөн гишүүний үзэл баримтлал бол Засгийн газрын талд байгаа. Ялангуяа О.Батнайрамдалын хувьд өмнө нь Оюу толгойн гэрээг ярьж байсан. Өдгөө мөн “Онтрэ”-гийн хоёр лицензийг Оюу толгойн бүлэг ордод хамруулж, Монголын эрх ашигт нийцсэн байдлаар эргэлтэд оруулах шаардлагатайг тайлбарлаж байна.
Э.Болормаа тэр хоёр ерөнхийдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүмүүс. Э.Болормаа шууд уул уурхайн сэдэвт холбогдож байсан түүхгүй ч Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ үедээ Халзанбүргэдэйн ордын асуудалд анхаарсан. Мөн аав нь байгаль орчны мэргэжилтэй хүн юм.
УИХ-ын дарга: Х.Баасанжаргал
Х.Баасанжаргалын хувьд залуу хуульчид дундаа урдаа барих мэргэжилтэн. Парламентад хөл тавиад асуудалд намын болон хувь гишүүний байр сууринаас ижил тэнцүү хандаж байгаа. Илүү хүний эрхийн чиглэлд ажилладаг ч, хууль эрх зүйн гаргалгаа талаас сайтар нухацтай ажиллах боломж бүхий.
Нөгөө талаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн гэгдсээр ирэв. МАН-аас ажлын хэсэгт багтсаны хувьд, стратегийн орд дээр УИХ-ын даргын байр суурь түүнээс харагдана. Нэн ялангуяа Тавантолгойн Бортээгийн орд яригдаж байгах нөхцөлд анхаарал татах өнцөг мөн юм. Хаврын морин уралдаан ярьж гарч ирсэн Х.Баасанжаргалыг үндэсний гэх хэв шинжийн эсрэг хэмээх болсон. Цаашид маш их анхаарал татах дүрээр нэрлэгдээд байгаа юм.
Ташрамд, ГХО компаниас хандив авсан гэх асуудалтай Э.Болормааг парламентад хамгаалж буй хүн бол Д.Амарбаясгалан. Иймд Э.Болормаа ч тодорхой хэмжээнд УИХ-ын даргын байр суурийг илтгэж мэдэх юм.
Ерөнхийлөгч: Б.Бат-Эрдэнэ
За, Б.Бат-Эрдэнэ мэдээж БОАЖ-ын сайд асан. ЗГХЭГ-т ажиллаж байсан туршлагатай. Тэр бол дааж авсан ажлаа гаргаахгүй нь мэдээж. Ерөнхий сайдтай ойр шадар ажилладаг, гэлээ гэхдээ асуудалд маш прагматик, тооцоо судалгаатай, зөв жишгээр ханддаг. Сайдын ажлыг маш сайн хийсэн гэж үнэлэгдсэн.
Нэг талаас Ерөнхий сайд яригддаг ч хөшигний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ихээхэн ойр харилцаатай. Иймд ажил хэрэгч, зарчимч дүртэй ч стратегийн орд гэдэг сэдэв дээр Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалж, илэрхийлж мэдэх дүр.
С.Зулпхар
МАН-аас байгаа өөр нэг гишүүн нь С.Зулпхар. ХНХ-ын яаманд дэд сайдаар ажиллаж байсан, өөр улс төрийн намтаргүй. Түүний өмнө дандаа Удирдлагын академи болон бусад сургуульд боловрсолын үйл ажиллагаа эрхэлж байсан байна.
Социологич мэргэжилтэй юм. Мэргэжил нь хийгээд мэддэг салбар нь “далий” л аж. Чухам хэний тохироо, дэмжлэгээр УИХ-д орж ирсэн, одоо яаж яваад энэ ажлын хэсэгт багтсан нь анхаарал татна. Түүнчлэн өмнө нь уул уурхайн чиглэлээр ярьж, дуугарч байсан намтар туршлагагүй. Энэ утгаар хамгийн битүүлэг, зорилгогүй гишүүн нь С.Зулпхар болж харагдаж байна.
Ш.Бямбасүрэн – Адуун чулууны нүүрсний орд түүний хамааралд
За, гэтэл АН-аас мөн залуу гишүүн Ш.Бямбасүрэн багтжээ. Гэтэл шууд ашиг сонирхлын зөрчил байж мэдэх үндэслэл харагдаад байна.
Түүний аав Ц.Шинэбаяр агсан нь Дорнод аймгийн ИТХ-ын дарга, МАХН-ын дэд дарга зэргээр ажилласан удс төрч хүн. Хамнийн гол нь “Адуун чулуун” ХК-ийн Ерөнхий захирал асан. Ш.Бямбасүрэн өөрөө тус компаниас хувь эзэмшдэг. Энэ нүүрсний уурхайн олборлолт, тээврийг хийдэг “Найнги” компанийн эцсийн өмчлөгч.
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, “Хамуг монголын хөдөлмөрийн нам”-ыг байгуулан удирдаж байсан түүхтэй. Харин Ш.Бямбасүрэнгийн хувьд улс төрийн гараагаа АН-аас эхлүүлж буй бөгөөд 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон, нэг сонгуулийн нүүр үзсэн нэгэн. Шатахууны бизнест ч оролцоотой.
2007 оны тогтоолоор, 39 ордыг стратегийн ордод нэмж бүртгэх санал бүхий хоёрдугаар хавсралтыг баталсан. Энэ хавсралтад Ш.Бямбасүрэнгийн хамааралтай, энэ Адуун чулууны нүүрсний орд бий.
Ш.Бямбасүрэн одоо өөрөө энэ 2007 оны тогтоолын хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэгт орчихсон байна.
Д.Пүрэвдаваа – МАК, Н.Номтойбаяр
Мөн л анх удаа парламентад хөл тавьсан хүн, гэхдээ улс төр хийж нэлээд явсан нэгэн. Ардчилсан нам, ХҮН намд идэвхийлэн ажиллаж байв. Сүүлд өөрөө Либерал ардчилсан нам гэдгийг толгойлж, Н.Номтойбаяртай эвсэл болж, сонгуульдсан.
Улс төрийн тогтсон үзэл баримтлал байсан бол тэр олон намыг богино хугацаанд сэлгэж гүймгүй. Тогтворгүй, албан тушаалд хайртай дүр зураг ажиглагддаг.
Энэ удаа Н.Номтойбаярын эрх ашгийг төлөөлж, асуудалд хандах юм биш биз гэсэн хардлага төрж байна. Д.Пүрэвдаваагийн Үндэсний эвслийн жагсаалтад дээгүүр бичигдэх эрхийг Н.Номтойбаяр л бий болгож өгсөн. УИХ-д оруулж өгсөн.
Ажлын хэсгийн дүгнэлт гаргах Цагаан суваргын орд гэхэд МАК-ийн Ц.Нямтайшир дээр байна. Стратегийн дахиад 2-3 ордын асуудал МАК дээр яригдана. Засгийн газар хэлцэл хийж байгаа. Д.Пүрэвдаваа МАК-ийн эрх ашгийг хамгаалах магадлалтай байна.
Б.Жаргалан – Ил тод байр суурь илэрхийлээгүй ч Ж.Баярмаагийн талд
Б.Жаргалан бол АН-аас хүчтэй улс төр хийж байсан “Фортуна” Н.Батбаярын охин, мөн л анх удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Эдийн засагч мэргэжилтэй. Тэдний гэр бүл уул уурхайд шууд холбогдсон намтар түүхгүй.
Өнөөгийн УИХ дахь АН-ын фракцуудаас аль талд бий нь Б.Жаргалангийн хувьд мэдэгдэхгүй байна. Хэрэв тэр Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нарын фракцад жин дарвал уг асуудалд, ялангуяа Тавантолгойн бүлэг ордод MCS-ийн эрх ашгийг хамгаалах юм биш биз гэсэн эрсдэл үүснэ. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг хэвлэлийн хуудаснаас шүүрдэж үзэхэд энэ сэдвээр байр суурь илэрхийлээгүй байна.
Харин Ерөнхий сайдыг Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйсан акцын хүрээнд, бүлгээ төлөөлж үг хэлжээ.
Р.Батболд, М.Нарантуяа-Нара – Чимээгүй, Засгийн газрын талд
Тэд ИЗНН-аас УИХ-д хөл тавьсан, мөн л анхдагчид. Ер нь ажлын хэсэг УИХ дахь бүх нам, эвслийн төлөөллийг хангахыг зорьсон шинжтэй байна. ИЗНН-ын хувьд дарга Б.Батбаатар нь биш, С.Замира ч биш, энэ хоёрыг оруулжээ.
Р.Батболд эдийн засагч мэргэжилтэй хүн байна. Улс төр, уул уурхайгаас өдий төдий хол хүн аж. М.Нарантуяа-Нараг Монголын ард түмэн хэлүүлэлтгүй мэднэ биз ээ.
ИЗНН-ын асуудалд хандах байр суурь Засгийн газар талдаа байх болов уу. Үүнийг давж улстөржих оролдлого сэдвийнхээ хүрээнд бол гараагүй. Асуудалд прагматик ханддаггүй юм гэхэд олон нийтийн төлөөлөл болох, стратегийн орд дээрх шинэ агуулгаар ил тод дуугарах боломж бололцоо бүхий харагдаж байна.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ П.МӨНХТУЛГА: С.Баярцогтын худ
Эцэст нь, ажлын хэсгийг гэнэтхэн ахалсан АН-ын П.Мөнхтулгын тухайд хэдэн үг.
Аав нь цагтаа идэвхтэй улс төр хийж явсан хүн мөн. П.Мөнхтулгын хувьд харьцангуй залуу, яг энэ сэдэв дээр бол хэзээ ч, юу ч ярьж хэлж яваагүй. Ер УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг цөөн харсан. Гэтэл ийм галтай, том агуулгатай сэдэв дээр, ажлын хэсэг ахалж орж ирсэн нь анхаарал татсан.
Гэтэл нэг жиг ургачихсан. П.Мөнхтулгын аав бол Ө.Пүрэвбаатар. Ө.Пүрэвбаатарын охин Оюунтөгс нь С.Баярцогтын хүү Гомботой гэр бүл болсон байдаг. Нэг ёсондоо худууд юм байна.
С.Баярцогт гэхээр даруй Тавантолгой, Оюу толгой бөгөөд MCS яригдах нигууртай. Энэ ажлын хэсэг, хариуцсан тогтоол нь гэхэд Тавантолгой, Оюу толгойг бүхэлд нь хамарсан агуулгатай нь анхаарал татаж байгаа юм.