ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ АШУҮИС-ИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-65”-Д ОРОЛЦЛОО

0

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр болсон АШУҮИС-ийн уламжлалт “Эрдмийн чуулган”-д оролцож анагаахын шинжлэх ухааны салбарт түүчээлэгч эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар, судлаач оюутнуудыг төрүүлж бойжуулсан түүхэн замналтай сургуулийн хамт олонд эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр монголчууд эртнээс эрдэм мэдлэг, оюун ухааныг эрхэмлэн дээдэлж, хөгжүүлэн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжилж, түгээн сурталчилж ирсэн түүхэн уламжлалтайг онцлоод “Дэлхий дахинаа шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж сараар биш өдрөөр, цаг минутаар хөгжлийн хурд хэмжигдэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг хохирол багатай даван туулахад эмч мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн эрдэмтэн судлаачид минь эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр 100 гаруй судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд  хэвлүүлсэн нь нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр болж буйгаас гадна цар тахлыг харьцангуй бага хохиролтой даван туулсан улс орны тоонд Монгол Улс багтахад томоохон нөлөө үзүүлсэн билээ” хэмээгээд эдгээр судалгаанаас улсын хэмжээнд хоёр шинэ технологи нэвтэрч, гурван оношлуур бүтээн тусламж үйлчилгээнд өргөнөөр хэрэглэж байгааг дурдан судалгааны чиглэлд онцгой анхаарч, шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ арга зүйг нэвтрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа АШУҮИС-ийн үе үеийн эрдмийн хамт олонд талархал илэрхийллээ.

Алсын хараагаа дэлхийн шилдэг их сургуулийн нэг болох хэмээн тодорхойлсон АШУҮИС эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр манлайлан, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, түгээх үр дүнг амьдралд хэрэгжүүлэх судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Судалгааны их сургууль болох зорилтынхоо хүрээнд Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнг 2023 онд шинээр байгуулахаар шийдвэрлэж Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэн, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхүйц шинэ мэдлэг, технологи, инновацийн бүтээгдэхүүн бий болгох салбар дундын болон олон улсын 30 гаруй төсөлт ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн мэдээллийг “Эрдмийн чуулган-65”-ын нээлтийн үеэр тус сургуулийн захирал доктор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан.
Өнөөдрийн байдлаар тус сургуулийн хэмжээнд гадаад дотоодын эрдэм шинжилгээний байгууллагын захиалгат 146 төсөл хэрэгжиж, 2022 онд эрдэм шинжилгээ, судалгаанд 2.6 тэрбум төгрөг зарцуулсан нь их сургуулийн нийт төсвийн 7.3 хувийг эзэлсэн байна. Улмаар тус сургууль хөгжлийн бодлогодоо эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах өртгийг нийт төсвийн 20 хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд өнгөрсөн онд л гэхэд судалгааны 36 төслийн гэрээг шинээр байгуулсан аж.

АШУҮИС-ийн ахисан түвшний сургалтад 1600 гаруй магистрант, докторант суралцаж байгаагаас өнгөрсөн онд 30 доктор, 150 магистр нэг сэдэвт бүтээлийг туурвиж, горилсон зэргээ амжилттай хамгаалсан. Түүнчлэн магистр, докторт амжилттай сурч буй суралцагчдын судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор захирлын нэрэмжит тэтгэлгийг бий болгон олгож эхэлсэн байна. Энэхүү тэтгэлгийг 2022 онд 17 магистрант, докторант,  2023 онд 23 докторант хүртээд байгаа аж.
Багш судлаачид нь хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд нийт 676 бүтээл хэвлүүлсэн байна. Тус сургууль энэ чансаагаараа Монгол Улсын хэмжээнд эхний гуравт тогтмол бичигдэж ирсэн зэрэг эрдэм судлалын ажлын ололт амжилтынхаа талаар “Эрдмийн чуулган”-ы үеэр ярьж байв.
65 дахь удаагаа болж буй “Эрдмийн чуулган”-д эрдэмтэн багш, эмч судлаачдаас нийт 735 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснээс 157-г нь сонгон салбар хуралдаануудад хэлэлцүүлсэн бөгөөд салбар хуралдаануудаас шалгарсан найман бүтээлээс шилдгийн шилдэг илтгэлийг шалгаруулах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *