“Өвөр Гүнтийн 4.5 километр замыг маргааш засварлаж эхэлнэ. Суурийг сольсны дараа замыг дөрөв хоног хаана”

0

Өвөр Гүнтийн 4.5 километр замыг маргаашаас эхэлж хэсэгчлэн засварлахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Жигжид зуслангаас Өвөр Гүнтийн даваа давах хүртэлх 4.5 километр замыг засварлах компани өчигдөр шалгарч, гэрээ байгуулаад ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тус замыг “Фючер Прогресс” компани засварлахаар шалгарсан.

Гүнтийн зам 2015 онд ашиглалтад орсон бөгөөд 10 жилийн хугацаанд нөхөөс буюу арчлалтыг хийж байснаас хүчитгэх, шинэчлэлт хийгдээгүй. Маш их эвдрэлтэй гэж иргэдээс гомдол дагуулдаг зам юм.

Замыг шинэчлэхдээ 30 сантиметртэй, цементээр бэхжүүлсэн чулуун суурь тавьж, өнгө хучилтыг таван сантиметрийн зузаантай хийх, зорчих хэсгийн баруун талд дугуйн зам, зүүн талд явган хүний зам тавих, дагуу налуу багатай хэсгүүдэд ус зайлуулах хоолой суурилуулна.

Цементээр бэхжүүлсэн суурийг тавьсны дараа 48 цаг болж байж бэхэждэг тул гурван хэсэгт хувааж, замын хөдөлгөөнийг дөрвөн хоног бүрэн хаана. Энэ хугацаанд иргэдийг түр замаар зорчуулна.

Уг замыг засварлах ажил маргааш буюу тавдугаар сарын 16-наас эхэлнэ” гэж мэдээллээ.

Замын зураг, төслийн талаар “Фючер Прогресс” ХХК-ийн ерөнхий инженер н.Батбаяр “Замын зураг төсөлд эвдэрсэн нөхөөснүүдийг зүсэж аваад дүүргэлт хийх, гурван сантиметрийн тэгшилгээ, таван сантиметрийн өнгө хучилт хийх, бүх хашлагыг солих, явган болон дугуйн зам тавих, уулын шуудууг сэргээх, ус зайлуулах хоолойг засах гэж тусгасан байгаа” гэв.

Тус замд гүний ус гарах эрсдэлтэй тул ус ундарч байгаа зургаан байршилд усыг зайлуулах хоолойг суурилуулах аж.

Өвөр Гүнтийн замыг хэрхэн арчилж байсан тухай НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Жил бүр урсгал засварын хүрээнд нөхөөс хийдэг байсан. Өнгөрсөн жил замын ус тогтдог, намагтай хоёр хэсгийн суурийг 1.5-2 метрийн гүнд “Улаанбаатар АЗЗА” ТӨХК-аар солиулсан.

Замын орц, гарцыг гаргахдаа уулнаас бууж буй усыг урсгахгүй, зам дээр тогтох хэлбэрээр шуудууг хийсэн учраас эвдрээд байгаа юм.

Одоо Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх 4.5 километр урт, долоон метр өргөн замыг засварлахдаа цементээр бэхжүүлэн хучилт хийж хоёр талд нь 1.5 метрийн өргөн, асфальт бетон хучилттай явган хүний зам тавина.

Замын шуудууг сэргээж, орц, гарцан дээр 500-700 диаметртэй хоолойнууд, ус тогтож байгаа газарт мөн ус зайлуулах хоолойг суурилуулахаар төлөвлөж байна” хэмээв.

Өнгөрсөн жил Гүнтийн замыг засварлах тендер зарласан ч гүйцэтгэгч компани олдоогүй байна. Энэ жил дахин тендер зарлаж, өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тендер шалгаруулалт явагдаж, өчигдөр гэрээг байгуулж, өнөөдрөөс зам засварын бэлтгэл ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Гүнтийн даваа хүртэлх замыг орон нутгийн төсвийн 5.2 тэрбум төгрөгөөр засварлах
тендерт “Хонгорбээс транс” компани 5.1, “Оффрөүд таванбогд” компани 5, “ОДНД” компани 4.8, “Фючер Прогресс” компани 4.7 тэрбум төгрөгөөр засварлахаар саналаа ирүүлээд байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *