МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

0

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.

Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн хурал өнөөдөр 09:00 цаг Туушин зочид буудлын Соёмбо танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр эхэлж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа эзэмшигч танхимаар оролцон, нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 72,81 хувь болсон тул тооллогын комиссын дарга хурлын ирцийг баталгаажуулж, оролцогчид болоод хурлын даргад хурлыг хүчин төгөлдөрт тооцож буйг мэдэгдлээ.

Хурлыг нээж Хурлын дарга, Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, холбогдох шийдвэрүүдийн дагуу төрийн өмчит 25 компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй компани болгохоор тусгасан.

Ингэснээрээ ТӨК-иудын үйл ажиллагааг олон нийтийн шууд хяналтад оруулах, засаглалыг нээлттэй ил тод болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, өгөөж нь иргэд олон нийтэд хүртээмжтэй байх, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувьтай тэнцэх нэмэлт хувьцааг 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд олон нийттэд нээлттэй санал болгож, одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт 62%-иар өссөн байна. Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-нь МУ-ын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлэн ажиллаж буйг онцох нь зүйтэй” хэмээн хэллээ.

Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хурлын эхэнд компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнийг танилцуулж, оролцогчид үндсэн 7 асуудлыг хэлэлцэн батлахаар хуралдаан үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *