Тойм: Л.Оюун-Эрдэнэ хүчгүйдсэн МАН-ын Бага хурал, түүний үр дүн

Үүссэн улс төрийн зөрчлийн хайнааг Бага хурал дээрээ хагалъя гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаачилга урд шөнө 03.50 цагт нэг тийш шийдэгдлээ. Бараг 15 цагийн турш хуралдав. Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 70 хувь нь оролцсон ирцийн мэдээтэй.
Үр дүн: Хамтралын гэрээгээ зөрчсөн намд итгэл үзүүлэхгүй. Дахин хамтрахгүйгээр, Засгийн газрыг байгуулна.
“Хамтралын гэрээ зөрчсөн нам” гэдэгт нэр заагаагүй ч АН байх магадлал өндөр байгаа юм. Харин ХҮН нам хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр АН, ХҮН намын дарга нартай уулзаж, хамтарсан Засгийн газрын Бодлогын зөвлөл гэж бүтэц хуралдах аж.
Улмаар Засгийн газраас аль намыг гаргах вэ гэдэг шийдэгдэнэ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв хамтарсан ЗГ унавал би өөрөө хариуцлага хүлээж, огцорно” гэж мэдэгдээд байв.
Хэдийгээр ЗГ-аас АН-ыг гаргаж, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтаръя гэдэг хувилбар яригдсан гэгдсэн ч энэ шийдвэр хамтарсан ЗГ-ыг тараах агуулгатай байж мэднэ. Хэрэв тэгвэл Л.Оюун-Эрдэнэ ч огцрох өрнөл рүү нөхцөл байдал гулсаж байна гэсэн үг юм.
Нөгөө талаас, Бага хурал ихээхэн жигтэй уур амьсгал дор хуралдлаа.
Хурлын өмнө Тусгаар тогтнолын ордны төв хаалгаар орохдоо 30 орчим гишүүн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Тэд 100 хувь хамтарсан Засгийн газрыг дэмжинэ хэмээн ярьж байв.
Бага хурлын 48 гишүүн үг хэлж, Ерөнхий сайдаас асуулт асуусан. Дараа нь саналын томъёолол дээр тохирох гэж нэлээд удсан. Эцэст нь дээр дурдсан шийдвэрийг дэмжих эсэхээр санал хураасан юм.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхэндээ гишүүдийн санал 50/50 харьцаатай байсан. Яваандаа 80 хувь нь хамтарсан ЗГ-ыг үлдээх чиглэлд дийлсэн ч санал хураалтын өмнө түр завсарласан юм. Үүний дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, 70/30 орчим хувийн харьцаатайгаар, дээрх шийдвэр гарчээ.
Ерөнхий сайдын хувьд Бага хурал дээр, “Хамтарсан ЗГ-ыг байгуулснаар томоохон төслүүдийг хөдөлгөсөн. Нөгөө талаас улс төржилт, хууль бус томилгоо, олон нийтийн ойлголтын зөрүү зэрэг хэд хэдэн сөрөг тал ч гарсан. Том төслийн цаана том эрх ашиг бий, өнөөдрийн улс төрийн үйл явдлууд ч үүнтэй холбоотой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 2027, 2028 оны сонгуульд манай нам амжилттай оролцох эсэх нь үүнээс шалтгаална” гэсэн агуулга бүхий үг хэлжээ.
Улс төрийн нюансын хувьд, наанаа – ЗГ-т хамтарсан ч Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын эсрэг байр суурьтай гишүүд гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Иймд АН-тай хамтрах эсэхээ ярья гэсэн дүр зураг харагдсан. Цаанаа – Ерөнхийлөгчийн эрх ашиг ихээхэн анхаарал татсан юм.
Ерөнхийлөгчийн хувьд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, “Хамтарсан засгийн газрыг боль, эсвэл дангаар засаглаж өөрөө тэргүүл” гэж шахсан гэгдсэн. Нэгэнт Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй гэдгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсоор илэрхийлчихсэн учраас, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших үү, эсвэл өөрийн хүнийг сойх уу гэдэг асуулт үүссэн юм. Энэ тоглолтод шинэ Ерөнхий сайд ихээхэн чухал үүрэгтэй. Учир нь Ерөнхий сайд нь МАН-ын дарга байдаг.
Л.Оюун-Эрдэнэ ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дунд Үндсэн хуулийг өөрчлөх болон Ерөнхийлөгчийн сонгуулийн агуулгаар тодорхой зөрчил үүсээд удсан нь ч үнэн юм.
Иймд өнөөдрийн МАН-ын Бага хурал дээр У.Хүрэлсүхийн тал буюу 70-аад оныхон ялах уу. Эсвэл Л.Оюун-Эрдэнийн тал буюу 80-аад оныхон илүүрхэх үү гэсэн нюанс харагдаж байлаа. Үеийн хувьд Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар түүний талд гэдгээ илэрхийлээд авсан.
Гэвч сүүлийн мөчид хурлын атмосфер огцом эргэж, Ерөнхийлөгчийн талд шийдэгдчихсэн дүр зураг уншигдаж байна. Ерөнхий сайдын хувьд энэ утгаар ажлаа өгөх магадлал тун их байна.
Нэг л зүйл. АН ЗГ-т хамтарсан шиг хамтарч чадахгүй байгаа бол шийдэх гэж шийрэгнэх шаардлага байхгүй. Бага хурал хуралдуулах ч утгагүй. Нөгөө талаас нийгмийн бухимдал бол орлого нотлох асуудлаас үүдсэн. Гэвч ийм асуудал дээр, ингэн ингэн үүрийн 04.00 цаг хүртэл маргалдсаны цаана тохиролцоход амаргүй байж, эрх ашгийн зөрчил асар их үүссэнийг л харж болно.
Эцэстээ залуусын “Огцрох амархан” жагсаалын шаардлага бараг биелж мэдэх нь. Ерөнхий сайдыг орлогоо нотлох, хүүгийнхээ тансаг хэрэглээний эх үүсвэрийг тайлбарлах маш энгийн ёс зүйн шаардлага гол асуудал ч яригдахаа больж байна. Жагсагчид огцор, хамтарсан ЗГ тар гэж шаардаж байсан. Шалтгаан нь харин үнэн хэрэгтээ юу болоод улс төрийн хэд хэдэн хатуу байр суурь илэрхийлж байсан Л.Оюун-Эрдэнэ бууж өгөв, гол найдвар Д.Амарбаясгалан ч Бага хурал дээр яагаад хүчгүйдэв гэдэг сонин.
Залуусын санаачилсан “Огцрох амархан” нэрт жагсаал өчигдөр найм дахь өдрөө үргэлжилсэн. Зэрэгцээд, “Ухаа худгаа авъя” гэсэн жагсагчид гарч ирснээр, МАН-ын Бага хурлын үеэр төв талбай дээр хоёр жагсаал нэг дор өрнөж эхэлсэн.
Ялгарахын тулд “Огцрох амархан”-ы залуус доош сууж, Ухаа худагийн талынхан Сүхбаатарын хөшөөний ойролцоо, тойрч зосгоод лоозонгоо барьж байв. Атал мягмар гарагийн орой эхлэхдээ л төлбөртэй мэт харагдаж байсан Ухаа худагийн жагсаалын цаана санхүүжилт байв уу гэж хардах бүрэн үндэслэлүүд тавигдсан юм.
300 мянган төгрөгийн тухай яриа төв талбай хавиар битүү яригдаж, орой жагсаал тарсан хойно нэгдсэн автобусаар авч явсан байж болзошгүй үйлдэл ч олны хараанд өртсөн. Амны хаалт зүүж, нүүрээ халхалсан, сэдвээ төдийлөн судалж мэдээгүй, илтэд түрэмгий авир араншин гаргасан сэлтээрээ тэд төлбөртэй гэдгээ илчилчих шиг болов.
Энэ бол харамсалтай л хэрэг юм. Бохир, буруу, хуучирсан технологи. Ухаа худагийн сэдэв бол тусдаа асуудал. Нухацтай авч үзэх шаардлагатай.
З.Энхболд анх Ухаа худагийг гаргаж тавьсан, Засгийн газраас Ухаа худагийг судлах ажлын хэсэг байгуулсны ердөө дараа Ж.Оджаргалын ММС компани 350 сая ам.долларын өрийн бичиг гаргачихсан нь анхаарал татах асуудал мөн. B+ зээлжих зэрэглэлтэй атлаа нэг дор санхүүжилт нь орж ирдэг, аврах багцын шинжтэй өрийн бичиг ингэж гаргахдаа Ухаа худагийг шууд бусаар барьцаалсан. Хэрэв Ухаа худагийн лицензийг цуцалбал ММС 350 сая ам.долларын өрөнд орох (ММС хүндрэхээс гадна Монгол Улсын нэр хүнд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө унана), эсвэл 34 хувийг нь эзэмшвэл энэ өрийн төлөлтөд ч хариуцлага хүлээх нөхцөл байдал руу оруулчихсан.
Ажлын хэсгийг ахалсан О.Алтангэрэл баримт материалаа УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэхгүй байгаа. Улмаар хоёр боть ном болгон хэвлэж, УИХ-ын гишүүдэд тараахад хүрсэн. Харин тухайн долоо хоногт л Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудал сошиалд ил болсон давхцалыг мөн тоймлон дурдахаас өөр арга байхгүй юм.
Гээд энэ бол чадалтай, чансаатай, ажил явуулж, хууль хэрэгжүүлж чаддаг төртэй гэвэл төлбөртэй жагсаал өрдөөд, гонгинож гиншигнээд байх шаардлагагүйгээр явуулчих ёстой асуудал мөн юм. Аргагүй MCS, Тавантолгой гэдэг өөрөө хараалтай гэмээр ужиг сэдэв юм даа. Хэд хэдэн Засгийн газар, Ерөнхий сайдын огцрох, хагаралдах, тэмцэлдэх шалтгаан зөвхөн Тавантолгой ба MCS болж ирснийг 10-хан жилийн өмнөх түүх гэрчилнэ.
Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн хүүгийн асуудал хэдий тодорхой субъектээс анхлан сөхөгдсөн ч, тэр орлогоо нотлох алхам хийсэнгүй. Нийгмийн бухимдал органикаар өдөөгдсөн. Улс төрийн олон жилийн түүх, Ухаа худаг гэдэг нарийн ширийн сэдвийг сайтар мэдэхгүй ч “Огцрох амархан” жагсаалд хүрч ирээд суучихсан, нэгдчихсэн байгаа залуусыг буруутгах боломж үгүй юм.
Улс төрийг Л.Оюун-Эрдэнээс хүчирхэг субъект зурж байна, өчигдрөөс үзэхэд. Цаашихыг хэрхэн зурах нь Монголын эрх ашигт л эерэгээр тусаасай.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
Эх сурвалж: Eguur.mn