Л.Оюун-Эрдэнийн гэрийн хэрэгт АН шийтгэл хүлээв!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ нийгмийг бухимдуулж, тэрбээр энэ асуудалд тайлбар өгөхдөө “ялаа” хэмээн иргэдээ заналхийлснийг эсэргүүцсэн залуус талбай дээр гарч түүний албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа билээ. Мөн түүнээс орлогоо нотлох шаардлага тавих болсон. Энэ асуудал улс төрийн хүрээнд өндөр авч, Ерөнхийлөгч түүнтэй уулзахдаа өөрөө өргөдлөө өгөхийг шаардсан юм. Харин Ерөнхий сайд Бага хурлаа зарлан хуралдуулж, хамтарсан Засаг хэвээр үлдэх эсэхийг асуух нэрээр суудлаа хадгалж үлдэх тактик ашигласан.
МАН-ын бага хурал өчигдрийн 15:00 цагаас эхлэж, шөнө дөл болтол хуралдсан. Бага хурлын үеэр гишүүд Ерөнхий сайдад хандан Х.Баттулгаас салахыг шаардсан гэх албан бус мэдээлэл цацагдсан юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалын асуудлаар АН болон ХҮН намын дарга нар байр сууриа илэрхийлсэн. АН-ын дарга Л.Гантөмөр “Бид итгэл үнэмшлээрээ хамтарсан шүү дээ. Энэ итгэл үнэмшил Монгол Улсын эрх ашигт байна. Харин улсынхаа эрх ашгаас урвасан бол эвсэл задрах ёстой. Хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсын эрх ашгаа орхиод намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байвал, цаашдаа ч ингээд явна. Түүнээс биш АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Эрх ашгаасаа урвахгүй. Тавьсан зорилгынхоо төлөө ажиллана. Эргээд харахад өнгөрсөн найман сарын хугацаанд АН хоёр удаа л завсарлага авсан. Завсарлага авахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэдэг тухайд огт завсарлага аваагүй. АН-ын тодорхой гишүүд санал, санаачилга гаргасан. Тэгэхдээ АН-ын Улс төрийн зөвлөл хэзээ ч Хамтарсан засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид байгуулсан гэрээнийхээ талд хатуу байр суурьтай байгаа” гэсэн юм.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд “Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш.Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр ретингтэй улстөрч байх байсан нь үнэн. Дүрмийн бус, хууль бус, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Та нар улсынхаа эрх ашгийн төлөө биш бол дараагийн үе гарч ирж хариуцлага тооцох болно” гэх тайлбарыг хийсэн.
МАН-ын Бага хурлын гишүүдийн бай гэрийнхээ зовлонг намруугаа оруулж ирсэн Ерөнхий сайд биш, өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн галыг өөр дээрээ авч ирсэн АН болж хувирсан аж. Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг албан ёсоор шаардсан хүн ч байгаагүй бололтой. УИХ-ын дарга Л.Амарбаясгалан наанаа Л.Оюун-Эрдэнийгээ дэмжин ажиллана гэсэн ч цаана эсрэг ажилласан байхыг үгүйсгэхгүй. Учир нь МАН-ын Бага хуралд АБ-ын хүмүүс жин дардаг. Ямартай ч МАН дахин хамтарсан засаг байгуулах ингэхдээ парламентад суудалтай гурван жижиг намтай хамтрах сонголтыг хийж, Л.Гантөмөрийн АН эрх мэдлийн гадна үлдэв.