Гүйцэтгэх засаглалын тамгыг хэн атгах вэ?

Өнөөдрийн улс төрийн трэнд асуулт энэ болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр болсон байна.
Түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ олон нийтэд ил болсноор Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж эхэлсэн. О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүй Ө.Өгөөмөртэй бэлэглэсэн тансаг зэрэглэлийн буюу тэрбумын үнэтэй, 2025 оны Lexus RX машин, 5000 ам.долларын үнэтэй Сhanel цүнх, 20 саяын үнэтэй очир алмаазан бөгж, “Seven” нуга амралтад тэмдэглэсэн тансаг үдэшлэг зэрэг нь нийгмийн бухимдлыг төрүүлж, олон нийт Ерөнхий сайдаас огцрохыг мөн орлогоо нотлохыг шаардан, залуус нь талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон билээ.
Төрсөн хүүтэй нь холбоотой дуулиант мэдээлэлд хариу тайлбар өгөхдөө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар үг-үйлдлийн алдаа гаргасан нь мэдээж гал дээр тос нэмсэн үйл явдал болов. Түүний үгийг эсэргүүцсэн “ялаанууд” талбай дээр гарч ирэх нь нэмэгдсээр эцэстээ МАН Бага хурлаараа энэ асуудлаа шийдвэрлэхэд хүрсэн юм.
Эрх баригч намын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийн улс төр дэх гурвалыг задлаж, Засгийн газрын бодлогоо жадлан эсэргүүцдэг гэх шалтгаанаар Л.Гантөмөрийн АН-ыг гэрээсээ хөөх шийдвэр гаргаснаар МАН-ын Цагаан ордонд нэкстийн төлөөх ил далд тэмцэл хэдийнэ эхэлжээ.
Д.АМАРБАЯСГАЛАН
УИХ-д анх удаа сонгогдсон ч улс төрийн замналын хувьд тэрбээр Л.Оюун-Эрдэнээс ч туршлагатай. Дөрвөн даргын гал тогоог барьж, МАН-д олон жил генсек хийсэн түүнд муу сайн түүх, туршлага ч их. Намын гал тогоог маш олон жил барьсан хүний хувьд парламентын архагуудын өмнө гишгэн алх барьсан нь магадгүй түүнд чамлалттай санагдсан байж мэднэ. Намын гал тогооноос намын хойморт суух зорилго түүнд мэдээж байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд энэ бүгдээ булаалгасан нь бас худлаа ч зүйл биш. Хэдийгээр УИХ-ын дарга Монголын улс төрд номер хоёр гэж дуудагддаж, номер гурав нь зангаргийн хувьд илүү. Тэгэхээр Д.Амарбаясгалан наяад оны залуусын карьераа үргэлжлүүлж, найзынхаа үлдээж буй тамгыг атгахыг хэн байг гэх билээ.
Н.УЧРАЛ
Аль эртнээс л дараагийн Ерөнхий сайд гэж нэр нь сэвэгдэж ирсэн. У.Хүрэлсүхийн бас нэг хуурай дүү. Түүнийг улс төрд хөл оруулсан хүн бол мэдээж Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгчийн улс төр явж байна гэж харвал ЗГХЭГ-ийн даргаас Засгийн газрын тэргүүн болж дэвших боломжтой кандитатаар нэрлэгдэж байна. Тэрбээр сүүлийн сар Женко.Баттулгатай хонь, чоно болтлоо тэмцэлдсэн. Төгрөг нуурын ордыг хятадуудтай хамтран зарсан хэргийг нь шалгуулахаар АТГ болон УЕПГ хандчихсан. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэвэл тэрбээр нууж хаах юмгүй сайхан амьдралтай. Залуу хүний хувьд эрч хүчтэй, Д.Амарбаясгалантай ч ойлголцож ажиллаж чадах байх. Харин түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжих эсэх нь тодорхойгүй. Хамгийн ихээр ил цагаан дэмжиж, хамгийн их итгэл өгсөн хуурай дүү нь ар хударгаар нь Женко.Баттулгатай очиж нийлсэн урвалтын шарх нь хөндүүр байгаа нь ойлгомжтой.
С.АМАРСАЙХАН
Шадар сайдаар олон жил ажилласан түүнд олон нийтийн дэмжлэг муу. Хариуцсан салбарт удаа дараа осол гэмтэл гарсан ч тэрбээр нэг удаад ч ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй. Тэр бүү хэл түүний эхнэр, хүүхэдтэй холбоотой элдвийн дуулианд тэрбээр гүлдийж суугаад өнгөрөөдөг гэмтэй. Мэдээж, дур эзнээ голохгүй гэгчээр түүнд Ерөнхий сайд болох амбиц бол бий. Гэвч олон нийт түүнийг Оросын гар хөл гэж хардаг, харддаг. Тиймээс С.Амарсайханаар Л.Оюун-Эрдэнийг солихыг хүмүүс тийм ч дуртай хүлээж авахгүй л болов уу. Мөн Женко.Баттулгатай худ ураг. Энэ нь ч түүнд сөрөг оноо болж ирнэ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ Женко.Баттулгатай хэт сүжирч гүйснээсээ болоод улс төрийн карьераа өндөрлүүлэхэд хүрсэн билээ.
Б.ЖАВХЛАН
Монгол Улсын Сангийн сайдаар хамгийн олон жил ажилласан хүний нэг бол Б.Жавхлан. Тэрбээр Сангийн сайдаас Гүйцэтгэх засаглалын тэргүүн болон зорилго бол бий. Гэхдээ түүнийг Сангийн сайдын үүргээ маш муу гүйцэтгэсэн гэх шүүмжлэл дагалддаг.
Б.Жавхлангийн хувьд У.Хүрэлсүхтэй төрөл садан гэгддэг. Тэр утгаараа түүнийг Ерөнхийлөгч дэмжиж магадгүй. Гэхдээ мэдээж, түүнд гүйцэтгэх засаглалыг удирдах боловсрол, туршлага ч хангалттай.
Я.СОДБААТАР
У.Хүрэлсүхийн дэргэд удаан шадарлаж байгаа хүн. Бараг баруун гар нь гэж хэлж болно. У.Хүрэлсүх, Я.Содбаатар хоёр хэн хэнийхээ ааш зан бүхнийг бараг харцаараа шахуу ойлголцдог болсон байх. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “илгээлт” өвөрлөн МАН-ын гал тогоог хариуцах болсны улс төрийн зангилаа одоо л тайлагдаж байна.
У.Хүрэлсүхээс урвахгүй байж чадах хамгийн бат хүн бол Я.Содбаатар. Тиймээс намын гол тогоогоо өөр хэн нэгэнд хариуцуулаад гүйцэтгэх засаглалыг Я.Содбаатар авна гэвэл түүнд туршлага бий. Нөгөө талаар бусад намуудтай ч хэл амаа ололцож чадах гол хүн.
Эх сурвалж: Nnews.mn