Ерөнхийлөгчийн институц, Гүйцэтгэх засаглал нэг талдаа гарч, парламентыг “шалдан” үлдээх цаг

0
ордон

 

-Л.Оюун-Эрдэнийг сүүлийн мөчид яаж эргүүлсэн нь анхаарал татав-

Өчигдөр Бага хурлаар яг санал хураахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Саналаа эсрэг өгч болно” гэсэн чат өөрийн хүмүүс рүүгээ илгээж, индэрт үг хэлэхдээ “Би шантарч байна, ажлаа өгч болно” гэсэн агуулга хэлжээ.

  • Нэг талд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг дэмжих гишүүд,
  • Нөгөө талд Ч.Содбаатар нарын дэглэсэн хамтарсан ЗГ-ыг задлах

Ийм хоёр агуулгаар саналыг хайрцаглахад талууд ажиллаж байв. Заалны уур амьсгал ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнийн талд, гэвч эхнээсээ бага хурлын гишүүдийн саналыг хайрцагласан байдалтай байжээ.

С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар заалны уур амьсгалын үеэр биечлэн босож, Л.Оюун-Эрдэнийн талд байр сууриа илэрхийлсэн. Н.Учрал огт дуугарч, хөдлөөгүй. Сайд нарын ихэнх нь ойлгомжгүй байдалд саналаа өгцгөөсөн байна.

Яг эцсийн мөчид Л.Оюун-Эрдэнэ байр сууринаасаа эргэхээс өмнө түүний хамгаалалтыг чангалж, Х.Нямбаатар тэргүүтэй ойрын хүмүүсийг нь огт уулзуулаагүй. Я.Содбаатар нартай тусгайлан уулзаж, эргэсэн гэх зэргээр МАН-ын бага хурлын гишүүд ярьцгааж буй. Чухам яаж Л.Оюун-Эрдэнийг сүүлийн мөчид тэгж эргүүлсэн нь анхаарал татав.

Одоо хэрхэх гурван хувилбар: 1980, 1970 оны төлөөллүүд эсвэл Л.Оюун-Эрдэнэ

Юуны өмнө Л.Оюун-Эрдэнэ одоо МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд. Давуу эрхээ өнөөдөр ч хадгалж буй онцлогтой. Тэр хүсвээс АН-ыг хамтралаасаа гаргаж, өөр бусдыг нь урих. Эсвэл дангаар засаглах хэлбэр дээр “ширэн” нүүрлээд үлдчих боломж өөрт нь байна гэсэн үг.

Нөгөө талд 1980 оноос Ерөнхий сайд сонгох аваас тэр Д.Амарбаясгаландаа итгэл үзүүлээд, танхимаа аваач гэж хүсчих магадлалтай. Өчигдөр үлэмж их хүч гаргаж ажиллаж, ЕТГ болон төрийн тэргүүний зүгээс түүнд санал тавьсан ч гэгдэж буй.

Эс бөгөөс 1970 оны төлөөллөөс Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой гэдгээрээ Засгийн газрын тэргүүнд идэвхтэй нэрлэгдэж байна.

Нэг ёсондоо 1980 он уу, 1970 оны гэдэг сонголт МАН-ын томчууд хийнэ гэсэн үг. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ засаглалаа үргэлжлүүлнэ. Ерөөс ийм гурван хувилбар л байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тухайд одоогоор Засгийн газрын тэргүүнээс огцрох өргөдлөө өгөөгүй байгаа. Тэр АН болон ХҮН намын дарга нартай уулзаж, хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээгээ дүгнэх чиг бий.

-Парламентын өнгө төрх бүүдийсээр байвал Засаглалын давамгайлал хаана төвлөрөх бэ-

МАН тойрсон энэ манаргаанд үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баг ялчхаж байгаа нь маш тодорхой юм. Засгийн газрын шинэ тэргүүн ч түүнд яг ивээгдсэн дүр гарах нь ойлгомжтой болов. Ингэж Ерөнхийлөгчийн инститүц, Гүйцэтгэх засаглал нэг талдаа гарах нөхцөл үүсч байна.

Харин нөгөө талд жинхэнэ утгаараа сөрөг хүчинтэй парламент үүснэ. Сайн тал нь парламент мэтгэлцэж, сайтар хэрэлдэх боломж үүсч байна. Гэвчиг парламентын танхим байнга хоосон байж, шинэ спикерийн “Хууль баталж чадах нь уу” гэсэн түгшүүр улам нэмэгдэнэ.

Томоохон төслүүд цаашдаа олон намын зөвшилцлөөр бус, нэг намын бодлогоор яваад ирэхээр гадаад ба дотоод орчинд хана мөргөж унасаар байх шууд эрсдэл үүсчхэж байгаа хэрэг.

Нэг ёсондоо том төслүүд нь ч олигтой явж өгөхгүй, парламент нь ч хуулиа баталж чадахгүй. Ийм үлхийж үлбийсэн Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалууд намраас нийгмээ улам бухимдуулах нөхцөл бүрдэхээр харагдаж буй.

Намар яг юанийн эрэлтээс үүдэлтэй инфляцын хөдөлгөөн, гурилын импортыг тэглээгүй агуулга, дунд шатны ААН-үүдийн сөхрөлт энэ Засгийн газар үргэлжилсэн ч шинэ танхим бүрдсэн ч дахиад л тэднийг ниргэх өндөр магадлалтай.

Ийм засаглалын хямралууд, дотоодын эдийн засгийн уналт, гаднаа хэлцлүүдээ шинэ сайд нар нь шинээр эхлүүлэх гэж ухнатах хооронд Баялгийн сангийн маргаан зэрэг нь ер нь зогсчих биз ээ. Үүнд МАК, MCS тэргүүтнүүд хамгийн их баярлана. Тэдэн ийм өгөөжтэй учир “Огцрох амархан” жагсаалын органик даралтыг зориудаар нэмлээ гэж хардах үндэслэл бий.

Нэг удаадаа Засгийн газраа огцруулж, эсэргүүцэгчид сайхан таашаал аваад, хоёрдугаар ээлжнийхэн хоол хошиндоо орж дэвэрцгээнэ. Нөгөө харахад Монголд засаглалын хямрал нүүрлэж, байгаа жаахан ардчиллаа тавиад туучихсан байх эрсдэл бодитоор үүсэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *