“Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

0
2025.05.23-3

Монгол Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний хэргийн танхимын шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчид, Монгол Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, АНУ-ын Спурлок сан, Нээлттэй нийгэм форум, Ханс-Зайделийн сан, Оюуны-Инноваци ТББ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн төв болон бусад их дээд сургуулийн эрдэмтдийн төлөөлөл болсон 240 орчим оролцогч танхим болон цахимаар оролцсон юм.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хэлэлцүүлгийг нээж “Сэтгэцийн хохирлыг мөнгөөр нөхөн төлдөг эрх зүйн орчин хязгаартай байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийг 2022 онд баталснаас хойш сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах эрх зүйн орчин нэг алхам урагшилсан. Гэсэн хэдий ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. Тулгамдаж буй асуудлаа ярьж, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцахын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь АНУ болон Япон улсаас илтгэгчид оролцож, бидэнтэй санал зөвлөмж ярилцах явдал юм. Мөн хэлэлцүүлгээс гарсан саналыг боловсруулж, хууль тогтоогчдод саналаа хүргүүлэх болно” гэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхдээ “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэрийн цахим сан буюу “shuukh.mn” сайтад байршсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой нийт 1162 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс дийлэнх буюу 45.3 хувийг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг эзэлж байна” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн АНУ-ын Техас мужийн Рөүзбуд хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт болон Форт Уорт хотын Вановер дүүргийн 8 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Чарлз Чак нар “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах АНУ-ын эрх зүйн тогтолцоо, туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт “Хохирогчийн хохирлыг төлүүлдэг санг байгуулах юм бол эрүүгийн хэргийг иргэний хэргээс тусад нь шийдээд явах боломж бий. Ер нь бол сэтгэцэд учруулсан хохирлыг шийдвэрлэхэд нэг хэм хэмжээ, нэг шалгуур тогтоож өгөх нь их ач холбогдолтой юм. Тодорхой, ойлгомжтой шалгуурыг бий болгох ёстой” гэдгийг тодотгон ярив.

Мөн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа  “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах зохицуулалт, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхдээ  “Үзэл баримтлалын түвшинд нэг мөр ойлголт тогтох, хохирол шаардах эрх-субъектив шаардах эрх, тодорхой гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол учрах нь хэнд ч илэрхий үед шууд баримтлах боломжтой хэм хэмжээг материаллаг хуулиар бий болгох, маргаантай бол иргэний журмаар шийдвэрлэх-талуудын зарчим, аргачлалуудыг үүнд нийцүүлэн шинэчлэн тогтоох шаардлагатай байна” хэмээн дүгнэн хэлсэн юм.

Түүнчлэн Нагояа Их сургуулийн профессор, доктор Күрита Масархиро “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах Япон улсын эрх зүйн тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхдээ “Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр нь тухайн хэрэг бүрийн бодит нөхцөл байдалд үндэслэн объектив үйл баримтаар тогтоогддог. Мөн шаналлын хэмжээ гэдэг нь эрх зүйн хэм хэмжээний үнэлгээ болохоос биш, байгалийн бодит баримт хэлбэрээр нотлогдох шаардлагатай зүйл биш юм” хэмээлээ.

Илтгэлүүдийг танилцуулсны дараагаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Сайнзориг “Хэлэлцүүлгээс олон чухал санал гарч байна. Гадаад төлөөлөгчдийн яриаг ч сонслоо. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга бол мөс хагалах оролдлого байсан юм. Хүнд нийгмийн, сэтгэлийн, биеийн гэх гурван төрлийн эрүүл мэнд бий. Бид биеийг л ярьдаг байснаас нийгмийн болон сэтгэлийн эрүүл мэндийг орхигдуулдаг. Тиймээс ч сэтгэцийн эрүүл мэндэд тулгуурлаж хуулийн төслийг боловсруулж байсан. Ингэхдээ сэтгэцийг хамгаалахын тулд мөнгөөр үнэлж, ямар нэгэн байдлаар нөхөн төлөх ёстой гэх агуулга юм. Хэлэлцүүлгээс гарах санал зөвлөмжийг анхаарч ажиллаж, хууль боловсруулагчид хүргэнэ” гэв. Энэ үеэрээ тэрбээр Тусгай сангийн тухай хуультай холбоотойгоор оролцогчдын зүгээс тодруулсан асуултад хариулсан юм.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллагууд, мэргэжлийн болон олон нийтийн байгууллагууд, хуульчид, эрдэмтдийн саналууд тэмдэглэлд бүрэн тусгагдаж, асуудал нэг бүрийг дахин шинжлэн боловсруулж, нэгтгэн Улсын дээд шүүхээс хуулийг боловсронгуй болгох саналыг хууль санаачлагчид хүргүүлэх, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн албан ёсны тайлбар гаргах, аргачлал журмыг боловсронгуй болгох үйл ажиллагаанд ач холбогдолтой байх болно” хэмээж, хэлэлцүүлгийг хаасан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдын илэрхийлсэн байр суурь, санал зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж, хууль тогтоогчдод санал хүргүүлэхээр зөвлөлдлөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *