ТОЙМ: “Иргэдээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж болно”

0
erhembayr

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“Ард түмний мөнгийг шамшигдуулдаг “дарга анги” бий болсон”

Эдийн засагч Ц.Лут-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд “Огцрох амархан” жагсаалд хэд дэх өдрөө оролцож байна вэ?

-Би “Засгийн газар огцор” гэдэг үзэл бодлоо илэрхийлж, Сүхбаатарын талбай дээр жагсаад нэг сар гаруй болсон. Залуусын “Огцрох амархан” жагсаалд тав дахь өдрөө нэгдэж байна. Бидний жагсаал өдөр бүр өргөжиж, хүмүүсийн анхаарлын төвд өртөж байна. Зарим улстөрчид жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлж байна.

-Жагсаалд УИХ-ын гишүүд нэгдэж, гарын үсгээ зурсан?

-Эрх барих намын болон сөрөг хүчний намын гишүүд жагсаалд оролцож байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал нар хамтарсан Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурлаа. Эрх баригч нам дангаараа засаг барихгүйгээр парламентад суудалтай улс төрийн намууд нийлж, хамтарсан Засгийн газрыг байгуулж байгаа нь буруу. Үндсэн хуулийн бус Засгийн газрыг байгуулсан. Нөгөө талдаа Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр нь улс орны эрх ашигт нийцэхгүй, хохироож байна. Тиймээс энэ бүгдийг эцэргүүцэж, жагсч байгаа юм.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бямба гаригт албан бус байдлаар тайлбар өгсөн. Ингэхдээ жагсагчдыг ялаа гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэлээ?

-Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хэлэхдээ хүүхдийнхээ тансаг хэрэглээний эх үүсвэрийг ерөөсөө тайлбарлаагүй. Яагаад тэр хүүхэд дөнгөж 20 гаруй настай, ямар нэгэн орлогын эх үүсвэргүй байж, тансаг хэрэглээтэй байна вэ.

Тэгснээ хүүхэд маань тусдаа гарчихсан, хүүгээ сүй тавьсныг сая мэдсэн гэж ярихаар утгагүй, худлаа сонсогдож байгаа.

Хүүхдээ хэнтэй үерхэж, сүй тавьсныг мэдэхгүй байна гэж ард түмнээ доромжилж болохгүй ээ. Дээр нь Засгийн газар огцор гэж шаардаж байгаа хүмүүсийг ялаа гэдэг нь ямар учиртай юм бэ. Тэгвэл баас нь Ерөнхий сайд шүү дээ. Үргэлжлэлийг https://news.mn/r/2801889/ уншина уу.

“Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай”

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Ардчилсан намын бүлгийн хуралдаанд өчигдөр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Бүлэг мега төслүүдээс өөр асуудлыг хэлэлцсэн үү?

-УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Засгийн газар болон нийслэлээс зарлаад байгаа мега төслүүдэд эрэмбэ дэс дараа тогтоох юм уу, ер нь эдийн засгийн байдлаа эргэж харах юм уу? гэдгийг бүлэг дээр хэлэлцэж байна. Өнгөрсөн намар УИХ-аар улсын төсөв баталж байсан үеэс нөхцөл байдал багагүй өөрчлөгдлөө. Тэгэхээр одоо яг хамгийн чухал гэсэн төслүүдээ явуулах хөрөнгө оруулалтын орон зайг бий болгох, эрэмбэ дэс дарааллын хувьд арай хойгуур жагсаах төслүүдийг магадгүй танах зэрэг асуудлыг бид УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцээд шийдчихвэл дараа дараагийн удаа төсөв батлахад хий дэмий хоосон ТЭЗҮ, газар шорооны ажил хийхээс зайлсхийх боломжтой. Товчхондоо бол хэмнэлт үүсэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа. Тэр утгаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарыг хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн АН-ын бүлгийн хуралдаанд ирж мега гэгдэх төслүүдээ танилцуулна уу гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Яагаад гэвэл нийслэл Улаанбаатар Монгол Улсаас илүү олон мега төсөлтэй болчхоод байна шүү дээ. Тиймээс энэ хүсэлтийн дагуу бүлгийн хуралдаанд Х.Нямбаатар дарга оролцсон.

Нийслэл дээр нийт 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж үзэж, хөрөнгө оруулалтын нийлбэр дүнг 55 их наяд төгрөг байхаар тооцоолсон байгаа юм.

Гэтэл бид жилд төсөв дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг нийлүүлээд 5-6 их наяд төгрөг  тавих гэж үйлээ үздэг. Тэр нөхцөлд 55 их наяд төгрөгийн төслийг нэгэн зэрэг эхлүүлж, мөнгө үрэн таран хийсэн дор бол эрэмбэ дэс дарааг хийсэн нь дээр гэдэг байр суурьтай байгаа.

Мөн бүлгийн хуралд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцуулсан. Энэ бол мөн л 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдаатай асуудал. Намар хэлэлцэх ирэх жилийн улсын төсөвтэй холбоотой, магадгүй төсвийн тодотгол орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бид ирэх гурван жилийн улсынхаа эдийн засгийн хөгжлийг юу гэж харж байна вэ, аль аль төслүүдээ хэрэгжүүлэх нь илүү чухал болох зэргээр асуудлуудад бодитой хандаад явъя гэдэг зорилготой байгаа.

Х.Нямбаатар даргын яриан дээр хэд хэдэн асуудал анхаарал татлаа.

Улсын төсвийн аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил бол давхар давхар зорилго, ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт, түгжрэл бууруулах, хотын дэд бүтэц сайжруулах зэрэг тодорхой асуудал шийдэх. Хоёрдугаарт, төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалт үндсэн зорилго, үр ашгаас гадна давхар эдийн засгийг тэлэх, дотоодын эдийн засагт эргэлт үүсгэх давхар ач холбогдолтой байх ёстой. Хотын даргын хувьд хоёрдугаар зорилгыг үл ойшоогоод байгаа мэт санагдаж байна. Жишээлбэл, Сэлбэ дэд төв гэх барилгын төсөл. Өмнө нь 2024 оны төсвийн тодотголоор 600 орчим тэрбум төгрөгөөр газар чөлөөлсөн Сэлбэ дэд төв дээр 1063 айлын орон сууц барина гэж байгаа. Тухайн орон сууцны хувьд 2024 оны арванхоёрдугаар сард хотоос босгосон гадаад бондын санхүүжилтээр буюу 500 сая ам.долларын санхүүжилт, мөн нэмэлт мөнгийг гаргаж нийт 2.4 их наяд төгрөгийн санхүүжилттэйгээр хот буюу төр орон сууц барихаар болсон. Тэгвэл төр бэлэн мөнгөөр орон сууц барих нь зөв юм уу, буруу юм уу? Барилгын салбарынхан бол төрөөс илүү үүнийг хийж чадна. Хоёрдугаарт, төр барилга барилаа гэж үзье. Саяхан тус дэд төвийн эхний хоёр багцын тендер зарлагдсан байна. 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт Хятад компани шалгарсан. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжүүдэд ажлын байр бий болгох, дотоодын аж ахуй нэгжүүдэд орлогын эх үүсвэр бүрдүүлэх зорилго ор тас алга болж байна гэсэн үг. Энийг асуухаар Хотын дарга Х.Нямбаатар манайд хүний нөөц дутагдалтай, компаниудын чадавх муу байна гэдгийг хэлээд байгаа.

Мөн чанартаа дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжихгүйгээр яаж энэ эдийн засгаа хөгжүүлэх юм бэ?. Үүнээс болж Ардчилсан намын бүлэг хоттой ширүүн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тендерүүдээ цуцал гэдэг байр суурийг ч гишүүд илэрхийлсэн. Үргэлжлэлийг https://news.mn/r/2802149/ уншина уу

“Иргэдээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж болно”

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа


-Монгол Улсад хууль хүн бүхэнд тэгш үйлчилж чадаж байна уу. Ингэж асуухын учир Монголд даабль стандарт хэдийнэ бий болсон байна. Даргад нэг өөр, иргэнд бүр өөр үйлчилдэг засаглалтай болсон байна?

-Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Уг хуулиар бид өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн тогтолцоо илт уналтад орсон гэж би хардаг. Үүнд юу нөлөөлж байна вэ гэхээр засаглалын гажуудал нөлөөлж байгаа. Үүнээс үүдэж, Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал үүссэн. Монгол Улсад 340 орчим хууль, тогтоомжоор иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байна. Үндсэн хууль тогтолцооны гажуудалд орсноор эргээд хүний эрхийг хамгаалах, иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломжгүй болно гэсэн үг л дээ. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн хүрээнд, Засгийн газрын оруулж ирсэн төсөв, мөнгөний бодлогыг УИХ өөрчилж болохгүй гэдэг өгүүлбэрийг нэмсэн. Ардчилсан Үндсэн хуультай оронд бол хүн эхээс төрөхдөө амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шударгаар өмч хөрөнгөтэй болох гэх мэт эрхүүдийг авч төрдөг. Энэ эрхийг төр өгдөг гэсэн үг биш шүү дээ. Харин энэ эрхүүдийг сайн хууль гаргаж хамгаалах нь эрх зүйт төрийн үндсэн шинж гэж үздэг.

-Төр илүү эрх мэдэлтэй болж байна гэлээ. Үүний сөрөг үр дагавар нь юу вэ. Төрийн илүү эрх мэдэл гэдгийн ард дарангуйлал тогтож байна гэсэн үг биз дээ? 

-Бүх эрх мэдэл нэг газар төвлөрвөл маш аюултай. Монгол Улс хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн гурван засаглалтай. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хууль гүйцэтгэх засаглалын эрх, мэдлийг илүү болгоод өгчихсөн. Харин хууль тогтоох байгууллага буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг жил ирэх тусам хязгаарлаж байна. УИХ-ын гишүүд чинь Үндсэн хуулиа сахин хамгаалж байх ёстой онцгой субьект. Гэтэл УИХ-ын эрх мэдлээс давж, Засгийн газар дуртай хуулиа шахаж батлуулдаг болсон. Яаралтай горимоор хууль, тогтоомж батлуулдаг энэ мэт асуудал нь Үндсэн хуулийн тогтолцоог гажуудуулж байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхий сайд “шүүх засаглал болохгүй байна. Шүүх хуулийн хүрээнд асуудал шийдэхгүй байна, авлигажсан байна” гэдэг. Тэр битгий хэл суудлаасаа огцрох хэмжээний үг хэллэгийг хүртэл хэлж байсан. Гэтэл шүүх байгууллага бол УИХ-аас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг гүйцэтгэдэг, эргээд Их хуралд ажлаа тайлагнадаг ийм л байгууллага шүү дээ. Одоо харин нам эхэлж шийдвэр гаргаад түүнийг нь Засгийн газар УИХ-д өргөн бариад намын бодлогоос зөрөхгүй шүү гэдэг л болсон байна.

-Ерөнхий сайд суудлаасаа огцрох хэмжээний үг хэлж байсан гэлээ. Үнэнийг хэлэхэд Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ, өөрийнх нь ард иргэдээ “ялаа” гэж хэлснийхээ төлөө залуус түүнийг огцрохыг шаардаж байна. Та энэ шаардлагыг хэр үндэслэлтэй гэж бодож байгаа вэ? 

-Залуучууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг хэн нэгэн хааж боох эрх байхгүй л дээ. Харин цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэгтэй. Монголын нийгэмд агаарын бохирдол, татварын дарамт, түгжрэл, инфляци гээд өчнөөн асуудал бий. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ, орлогоо тайлагнахгүй байгаа зэрэг нь залуучуудын бухимдлыг төрүүлээд байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь шалгаж ажлаа хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхий сайд бүгд нийтийн албан тушаалтан. Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс, тэдний хамаарал бүхий гэр бүлийн гишүүд жил бүр хөрөнгө, орлогоо нийтэд ил тод мэдээлэх ёстой. Тэр битгий хэл хуульд заасан хугацаанаас өмнө 160 саяас дээш үнэтэй эд хөрөнгө, орлого олсон бол хугацаа хамаарахгүйгээр заавал мэдүүлнэ. Ингэснээр нийтийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий иргэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүнийг захиран зарцуулсан эсэхэд хяналт тавих боломж бүрддэг. Үүнд АТГ хяналт тавьдаг. Ингээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн шинжтэй байна аа гэж үзвэл прокуророос албан тушаалаас нь чөлөөлж байгаад шалгамаар байна гэдэг хүсэлтээ тавьж болно.

Үүний өмнө ёс суртахууны хэм хэмжээндээ захирагдаж ард иргэдээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж болно.

Бусад улс оронд ийм жишиг бий. Манайд бол аль аль зарчим нь нээлттэй. Үргэлжлэлийг https://news.mn/r/2802421/ уншина уу.

“БЗС-г үе залгамжлан төр барих арга хэрэгслээ болгосон”

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, нийгмийн тэгш хүртээмжийн асуудлаар ярилцлаа. 


-Боловсролын салбарт нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудалд иргэний нийгмийн байгууллагын хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Сүүлийн Засгийн газрын жишээн дээр яръя. Үе үеийн Засгийн газар боловсролын салбарт учир дутагдалтай ажиллаж ирсэн. Одоогоор Засгийн газар нийтийн эрх ашгийн эсрэг ажиллаж байна. Үүний нэг жишээ нь сургуулийн өмнөх боловсролын асуудал байна. Социализмын үеэс сургуулийн өмнөх боловсрол үнэ төлбөргүй байж ирсэн. Гэтэл энэ Засгийн газрын үеэс эцэг эхчүүдээс төлбөр авч эхэлсэн. Үүний үр дагавар нэг жилийн дотор л гарч байна. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийг, энэ жилтэй харьцуулаад үзэхэд 10 мянган хүүхэд цэцэрлэгээсээ гарсан байна. Энэ бол төлбөрийн чадваргүй хэсгээ сургуулийн өмнөх боловсролоос хасаж байгаа хэлбэр. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн асуудал байна. Ерөнхий боловсролын сургуулийг төлбөртэй болгож байгаа гэдгээ Боловсролын сайд зарласан.

Хоёр сая төгрөгийн төлбөртэй хотхоны сургуулиуд байгуулах гэж байна. Үүнийгээ Боловсролын сайд “хоёрхон сая” гэж ярьж байна.

Иргэдэд өндөр төлбөртэй хувийн сургууль, улсын сургууль гэсэн хоёр сонголт өгч байсан нь буруу юм байна. Тиймээс хоёр сая төгрөгийн төлбөртэй бага сургуулийг байгуулж байна гэлээ. Энэ бол нийтийн эрх ашгийн эсрэг шийдвэр. Хоёр сая төгрөгийг хямд гэж хэн хэлээд байгаа юм бэ. Бидний өнөөдрийн цалин, орлоготой харьцуулахад энэ бага төлбөр юм уу. Яагаад үнэ төлбөргүй байх ёстой гэж зарласан бага боловсролыг төлбөртэй болгож байгаагаа баяр, бахдалтай зарлаж байгаа юм. Боловсролын салбарт нийтийн эрх ашиг хөндөгдөж байна уу гэвэл тийм. Тиймээс үүнийг соргогоор харж, буруу байна гэдгийг хэлэх ёстой юм.

-2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Үүний үр дүнг юу гэж харж байна вэ? 

-Боловсролын салбарт төсвөөс багагүй мөнгө зардаг. Гэхдээ үүнийг хангалттай биш гэдгийг төр өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн ачаалал ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. “Боловсролыг дэмжих жил” гэж зарлаад үүнийг ганцхан жилд шийднэ гэвэл худлаа. Наад зах нь дөрвөн жилийн тогтвортой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Цаашдаа бид боловсролын хүртээмжийг төдийгүй чанарыг сайжруулах ёстой. Үүний тулд арван жилийн бодлого, төлөвлөлт хэрэгтэй. Ингэж бид боловсролын салбараа өөд нь татаж чадвал цаашдаа улс орны хөгжилд хурдацтай нөлөө үзүүлж чадна гэдэг итгэл, үнэмшилтэй л ажиллахгүй бол ганцхан жилийн санхүүжилт үйл ажиллагаа хангалтгүй. 

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *