Дараагийн Засгийн газрыг 70-аад оны ах нар зурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгсөн тохиолдолд Үндсэн хуульд зааснаар Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ хуулиараа одоо ажиллаж байгаа сайд нар дараагийн Засгийн газарт орж ажиллах бүрэн боломжтой юм. Гэвч дараагийн Засгийн газрын танхимд ямар улстөрчид байх вэ, хэн хэн сайд болох вэ гэдгээс илүү Ерөнхий сайд хэн байх нь анхаарлын төвд байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дараагийн Ерөнхий сайд 70-аад оны төлөөлөх байх гэнэ.
Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газрын бүтэц, хувь заяаг 70-аад оны ах нар зурж мэдэхээр байгаа аж. Хэрэв уншигчид анзаарсан бол Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын суудал, Засгийн газар нь ганхаж эхэлсэн өдрөөс 34 дэх Ерөнхий сайдад хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тухайлбал, УИХ-ын дарга асан Г.Занданшатараас эхлээд Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэр намын түвшинд ч, олон нийтийн дунд ч хүчтэй яригдаж байна.
Тэд бол 70-аад оны төлөөлөл юм. Харин 80-аад оны төлөөлөл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Ерөнхий сайд болохгүй” гэдэг байр суурийг тодорхой илэрхийлээд байна. Тэгвэл дараагийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар, С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг байх нь тодорхой болж байна. Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хувьд Ерөнхий сайдаар ажиллах бодолгүй, амбиц байхгүй гэж мэдэгдсэн.
Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд ч Ерөнхий сайд битгий хэл, дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй гэх байр суурьтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Харин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр гурвын хувьд одоогоор ямар ч байр суурь илэрхийлээгүй байна. Эндээс харахад мань гуравт 34 дэх Ерөнхий сайд болох том амбиц байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ С.Бямбацогт, Ж.Энхбаяр хоёроос илүү УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатар дараагийн 34 дэх Ерөнхий сайдаар ажиллах магадлал өндөр байгаа аж. Учир нь, Засгийн газрын тухай хуульд ч, Үндсэн хуульд ч тэр Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байна гэж заагаагүй.
Тэгэхээр Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход хуулийн ямар нэгэн тээг байхгүй гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд гурван шатны шүүхээс ял авсан УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг эгүүлэн татаж, оронд нь Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн болгох улс төрийн “шар шувуу” ч нисээд эхэллээ. Эндээс 34 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын дарга асан Г.Занданшатар томилогдож, ажиллахыг үгүйсгэхгүй ээ. Ямартай ч эх сурвалжийн мэдээлснээр дараагийн Ерөнхий сайд болон Засгийн газрын хувь заяаг 70-аад оны ах нар зурж мэдэхээр байгаа аж.