Т.Содбилэг: Нэг машины зайд 10 скүүтер явах боломжтой байдаг

Т.Содбилэг: Нэг машины зайд 10 скүүтер явах боломжтой байдаг.
“Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” Төрийн ордонд өнөөдөр /2025.05.27/ үргэлжилж байна.
“Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр “Жет шеринг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг илтгэл тавилаа.
Тэрбээр, Манай компани 2022 онд үйл ажиллагаа эхэлж анхны жилд 226864 түрээс явагдсан бол 2024 онд 958275 удаа түрээсэлсэн байна. Энэ тооноос харвал Улаанбаатар хотод скүүтер түрээсийн үйлчилгээ жил ирэх тусам хүрээгээ тэлж, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж байна.
Монгол Улсын нийт хүн амын 68 орчим хувь нь хот, суруиан газарт амьдарч байна. Улаанбаатар хотын хүн амын тоо сүүлийн 15 жилд нийслэлийн хүн амын тоо 40 гаруй хувиар өссөн нь тээврийн хэрэгслийн ачааллыг эрс нэмэгдүүлж, замын түгжрэл үүсгэж байна.
Хотжилт эрчимжиж, замын түгжрэл нэмэгдсэн үед бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ өсөж, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон талын асуудлыг шийдвэрлэх нь энэ тээврийн хэрэгслийн үүрэг юм. Цахилгаан скүүтер, мопед, унадаг дугуй нь зөвхөн монгол биш дэлхий даяар чухал сэдэв болоод байна.
Бичил тээврийн хэрэгсэл гэж 1 болон 2 хүн тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгслийг хэлнэ. Үүнд, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, унадаг дугуй, ховербоард зэрэг тээврийн хэрэгсэл орох бөгөөд хотын төв болон орон сууц хоорондын богино зайх туулах, мөн хол амьдардаг иргэдэд нийтийн тээврийн эцсийн цэг хүрэх замын хурдан туулах зориулалттай. Эсвэл шөнийн ээлжийн ажилтнууд ихээхэн сонгож хэрэглэдэг.
Нэг машины явах зайд 10 скүүтер явах боломжтой байдаг. Эдгээр тээврийн хэрэгсэл нь идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралыг дэмждэг. Бичил тээврийн хэрэгслийн тусгай зам, зурвас байхгүйгээс ослын тоо нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатай. Хувийн бичил тээврийн хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэн осол гарч байна. Цаашид дугуй болон скүүтерийн замтай болох шаардлагатай гэв.