Цагаадсан Д.Батбаяр, Т.Баясгалан нар прокурорын эсэргүүцлээр өнөөдөр дахин шүүгдэнэ

Д.Батбаяр, Т.Баясгалан нар Эрүүгийн хуулийн мөнгө угаах, залилах гэмт хэрэгт холбогдон зургаан сараас найман жилийн хорих ялаар шүүгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг хоёр дахь удаагаа цагаатгаад байсан билээ.
- Тэдийг анх 2023.04.06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор цагаатгасан.
- Харин НПГ-ын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр, дахин хэлэлцэхээр болсон. Ингээд 2023.07.27-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэднийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
- Гэвч 2025.03.13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, тус дүүргийн шүүгч И.Ганбат Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгаад байсан.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурор О.Нандинцэцэг эсэргүүцэл бичсэнээр өнөөдөр буюу /2025-05-27/-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон байна.
Хэргийг сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг анх 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн 32 тэрбум төгрөг залилсан хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Ингээд хэргийн шалгалтын явцад Т.Баясгаланд хамаарах 28,8 тэрбумын газрын асуудал. Д.Батбаярт хамаарах 32 тэрбумын хуурамч гарын үсгийн залилангийн асуудал ил болсон.
Мөн тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.
Улмаар Прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
- 17.3-2.2 бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 16.8-1 Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.