Гадны хэвлэлүүдэд: Монгол Улсын ард иргэд нүүрсний мафийн асуудлаас хойш Засгийн газартаа мэдрэг байна

Монголын улс төр, Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар гадны хэвлэлүүдэд хэрхэн бичсэнийг тоймлон хүргэж байна.
Монгол Улс дахь жагсаал ба үе хоорондын зөрчил
Монгол Улс авлигын асуудалтай олон жил тэмцэж байгаа бөгөөд нүүрсний орлогыг цөөн бүлэг завшиж байгаад олон нийт эсэргүүцэн бухимдлаа илэрхийлж, улмаар жагсацгаах болсон. Эсэргүүцлийн жагсаалууд ар араасаа болсоор байгаа. 2021 оноос хойш Засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн үед Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл”-ийн гаргасан судалгаагаар авлигын индексээр ухарсаар байна. Мөн Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудлаас үүдэж иргэд олон нийтээс орлогоо нотлохыг шаардан, улмаар залуу үеийн төлөөллүүд 10 хоног жагсав. Монголд эдийн засаг, амьжиргааны өртөг нэмэгдэж буй нь мөн олон нийтийн уур бухимдлыг нэмэгдүүлжээ.
ОХУ-ын 2022 оны Украинд хийсэн довтолгооны дараа Монголд инфляц огцом өсөж, өнгөрсөн жил 9 хувьд хүрсэн бөгөөд жагсаалд оролцогч залуус амьдралаа залгуулахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна гэв.
Гэтэл нөгөө талд Улаанбаатар хотын нийслэл талбай дээр дунд болон ахимаг насныхан Ерөнхий сайдаа дэмжиж, түүний огцруулах нь ямар ч өөрчлөлт, шийдэл авчрахгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Ахимаг насныхан хэрвээ одоогийн Засгийн газар огцорвол дараагийнх нь илүү дээр хүн байх эсэхэд эргэлзэж байна гэсэн бол залуучууд огцрох хүртэл нь жагссаар байх болно гэсэн юм.
Арван сартай “нялх” Засгийн газар
Монгол Улсын хамтарсан Засгийн газар байгуулагдаад 10 сар болж байна. Гэтэл өнөөдрийн байдлаар цаашид энэ улсын Засгийн газар хамтралаар үргэлжлэх үү, задлаж өөрчлөгдөх үү гэдэг цаг үе дээрээ иржээ. Засгийн эрх барьж буй гурван намын удирдлагууд өнгөрсөн пүрэв гарагт хамтралын гэрээгээ эргэн харахаар уулзсан бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам (МАН)-ын хурлаар болон хамтарсан Засгийн газарт эвссэн хоёр дахь том түнш Ардчилсан Нам (АН)-ыг эвслээс хасах шийдвэр гаргасан байна.
Тус улсын эрх баригч МАН-ын зүгээс АН-ын зарим залуу гишүүд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцрох саналыг идэвхжүүлж, улмаар хамтралын гэрээг зөрчсөн гэж үзжээ.
АН-ын дарга, мөн Шадар сайд Лувсаннямын Гантөмөр “Би гишүүдээ амаа хамхихыг шаардсан ямар ч бичигт гарын үсэг зураагүй. Намынхаа зан араншинг би сайн мэднэ” хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхий сайдын хувь заяа баасан гарагт болох УИХ-ын чуулганаас өмнө тодорхой болохгүй хэмээн тус улсын дотоодын хэвлэлүүдэд бичжээ. Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн турш Ерөнхий сайдын албыг хашиж байгаа бөгөөд өмнө нь ч хэд хэдэн удаагийн огцрох шаардлага, жагсаалыг даван туулж байсан юм.
Энэ удаад ч түүнийг огцруулахыг хүссэн залуусын жагсаалтай тулгараад буй. Пүрэв гарагийн жагсаал тайван өнгөрч, оролцогчид нээлттэй микрофоноор үзэл бодлоо илэрхийлж байлаа.
3.5 сая хүн амтай, газрын баялаг ихтэй, далайд гарцгүй Монгол Улсын хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Хүйтэн дайны үед коммунист тогтолцоотой байсан ч Зөвлөлт Холбоот Улс нуран унасны дараа ардчилсан засаглалд шилжсэн. Жагсагчдын хэлж буйгаар, Монголын ашигт малтмалын баялгаас олигарх болон бизнесийн бүлэглэл л ашиг хүртдэг бөгөөд энгийн ард түмэн ядуу амьдарсаар байна хэмээж байлаа. Тус улсын одоогийн хамтарсан Засгийн газар өнгөрсөн 6-р сард болсон сонгуулийн дараа байгуулагдсан. Уг сонгуулиар МАН парламентад 126 суудлын 68-г авч, АН 42, гурав дахь эвслийн гишүүн ХҮН нам 8 суудал эзэлж буй.
Монгол Улсын хамтарсан Засгийн газар дэд бүтцийн 14 мега төслийнхөө 5-ыг нь хэрэгжүүлжээ
Монгол Улс гурван жилийн өмнө бараг дампуурлын ирмэгт ирсэн байлаа. 2020-2021 онд Хятадад гаргах зэс, нүүрсний экспортын хэмжээ болон үнэ огцом буурснаар эдийн засагт хүнд цохилт болсон. Мөн Оюу Толгой зэсийн ордын хөрөнгө оруулагчтай үүссэн маргаан төслийн хөгжлийг удаашруулав.
Улсын төсөв нь ихээхэн хүндрэлтэй байдалд орж, Засгийн газар дэд бүтцийн шинэчлэл хийх, хөдөө аж ахуй, байгаль орчны ноцтой асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах мөнгөгүй болсон гэхэд болно. Гэхдээ өнөөдөр тус улсын нөхцөл байдал төгс бус ч гэлээ 2021 оноос хойш мэдэгдэхүйц сайжирсан байна.
2022 оны сүүлээр Хятадын хил дахин нээгдэж, Бээжин ба Канберрагийн хооронд үүссэн маргааны улмаас Хятадын Монголоос нүүрс худалдан авах нь эрс нэмэгджээ. Үүний зэрэгцээ цахилгаан автомашины үйлдвэрлэл огцом өссөнийг дагаж зэсийн эрэлт ч эрс нэмэгдсэн. “Рио Тинто” компани уурхайн асуудлуудаа шийдэж, Оюу Толгой зэс, алтны ордын өргөтгөлд томоохон хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм. 2022 оны хоёрдугаар хагасаас төсөв, 2023–2024 онуудад гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл өндөр ашигтай гарав. Энэ нь Засгийн газарт гадаад өрөө төлж, мөнгөний нөөц хуримтлуулах боломж олгожээ. Гэхдээ нийт гадаад өр 370 тэрбум ам.доллараас давж, ДНБ-ий 150 хувийг бүрдүүлсээр буй. Харин 2021 онд бараг ДНБ-ий 70 хувь байсан улсын өр одоо 40 хувь руу буурсан. Мөн Олон улсын зээлийн үнэлгээний агентлагаас тус улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан юм.
Харин өнөөдрийн байдлаар тус улсад хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэх эсэх асуудал хөвөрч байна. Тус улсын эрх баригч Монгол Ардын Намын зүгээс Ардчилсан Нам болон ХҮН намыг хамтралд нэгтгэж, хамтарсан Засгийн газар байгуулан улс төрийн тогтвортой байдлыг хангаж, нийгэм, үйлдвэрлэлийн шинэчлэлүүдийг урагшлуулахад нэгдмэл бодлого явуулж эхлэнэ гэж зорьсон.
Гэхдээ хамтарсан Засгийн газар шүүмжийг ч багагүй хүртэв. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөө, шүүмжлэлт үзэл бодолтой иргэдэд “хатуу хяналт” тавьж байгааг олноор эсэргүүцэх болсон юм. Хамтарсан Засгийн газрын зүгээс мега төслүүдийн стратегийг төлөвлөж, ингэснээр эдийн засгийг шинэчлэх, ирээдүйн өсөлтийн суурийг тавих 14 томоохон дэд бүтцийн төслийг нэрлэсэн юм. Ийн төлөвлөж, эхний 5 орчим мега төслийг хамтарсан Засгийн газраас хөдөлгөсөн байна.
Монголын экспортын 90 хувь нь Хятад руу чиглэдэг тул нүүрс, зэсийн эрэлт, үнийн түвшин нь эдийн засгийн хөгжлийн үндэс хэвээр байна. Засгийн газар төсвийн тэнцвэртэй байдал, өрийн тогтвортой удирдлагыг баримтлан, мега төслүүдийн хөрөнгө санхүүжилтийг уул уурхайн татвар, экспортын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөөд буй. АНУ-ын шинэ тарифын бодлого Монголд шууд нөлөөлөхгүй ч Хятадаар дамжин нөлөөлөх магадлалтай. Хэрвээ АНУ ба Хятад тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын үйлдвэрлэл буурч, Монголын нүүрс, зэсийн эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй. Орос улс хямд үнээр экспортын зах зээлээ сэргээх оролдлого хийж байгаа нь Монголын хувьд сорилт болно.
Уул уурхайн татварын шинэчлэл хийхээр одоогийн Засгийн газар зорьж байгаа ч болгоомжтой урагшлах хэрэгтэй. Монголын Засгийн газар уул уурхайн салбараас илүү их татвар авахыг зорьж байна. Төсвийн санхүүжилтийг уул уурхайн орлогоос бүрдүүлэхийн тулд татварын бүтцэд өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байгаа энэ үед татварын орчинд итгэл төрүүлэх нь маш чухал.
Яг өнөөгийн нөхцөл байдлыг харвал, 2022 оны өвөл тус улсад “нүүрсний мафийн” дуулиан, засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадын талд нүүрсийг хямд үнээр зарж авлига авсан гэх хэрэг олон нийтийн уур бухимдлыг өдөөж, Засгийн газартаа ч мэдрэг хандах болов. Өнгөрсөн өвлийн жагсаал энэ зун давтагдаж, дахин өрнөж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг ч чилээх болов.
Хүмүүс авлигатай тэмцэх тэмцэлд эргэлзэж, мега төслүүдийг дараагийн авлигын үүр болох вий гэж үзэх хандлага ч илэрч буй. Байгаль, зэрлэг амьтан, нүүдлийн соёлдоо хайртай олон нийтэд огцом хийгдэх бүтээн байгуулалтууд нь үүнийг устгаж магадгүй гэж болгоомжлол үүсгэж байж ч болох. Улаанбаатар хотын түгжрэл, эрүүл ахуйн нөхцөл, агаарын бохирдол шийдэгдээгүй хэвээр. Тус улсын гэр хорооллын бүс улам тэлж, хэтэрхий хурдацтай, зохицуулалтгүй явагдаж, үүнийг нь дагаад агаарын бохирдол улам нэмэгдсэн. Энэ нь хөдөөний иргэд хоёр өвөл дараалан хахир зуднаар малаа алдсаны улмаас хот руу нүүж байгаагаас ч үүдэлтэй байж болох юм.
Монгол Улс тал талд эдийн засгаа тэлэх сонирхол бий ч Хятадын түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс тус улсын макро эдийн засаг бүрэн хамааралтай хэвээр байсаар байна.
Эх сурвалж: France24, Intellnews, APNEWS