Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах эсэхээ Ерөнхийлөгч шийдээгүй байна

0
vdvw1

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.

Хэргийг өдгөө Бангкок хотын Тонглорын цагдаагийн газар шалгаж буй.

Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, утсыг нь нуусан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа билээ.

Тэгвэл хэрэг ийнхүү газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргаж,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлээд буй.

Холбогдох шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана.

Тиймд эргүүлэн татах асуудал хэрхэж буй, Ерөнхийлөгч шийдвэр гаргасан эсэхийг ГХЯ-наас тодруулахад, “Одоогоор шийдвэр гараагүй байна” гэх хариу өглөө.

Харин Элчин сайдын эргүүлэн татах талаарх хууль тогтоомжийг харвал,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарна гэж заажээ.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг байна. Энэхүү Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж иржээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг ганцаараа шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг УИХ-д оруулж зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гаргах аж.

Санхуулахад, Элчин сайд А.Төмөрийн аав нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа. Ж.Амарсанаа нь Монгол Улсын гавьяат хуульч, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ. Түүнийг 2012 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар томилж, 2016 онд Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулсан юм байна.

Харин түүний хүү А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож Тайландын Хаант Улсыг зорьсон аж. Одоогоор тав дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *