Л.Гантөмөр: УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн, эс үзүүлсэн ч АН засгаас гарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар шийдүүлэх тогтоолын төслийг парламентад өргөн барих шийдвэр гаргалаа гэх мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албанаас өгөөд буй.
Энэ талаар Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “МАН-ын Бага хурлаас АН-ыг засгаас гарга гэдэг шийдвэр гаргасан. Үүний дараа МАН, ХҮН намын дарга нартай 2-3 удаа уулзсан. Би бол шулуухан хэлж байгаа. АН энэ шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авна. Эргэж буцахгүй. Ерөнхий сайд та шийдвэрээ гарга гэсэн.
Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа сая засаг дээр ярилаа. Нэг нь өргөдлөө өгөх, нөгөө нь итгэл үзүүлэх эсэх. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал. Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх гэдэг асуудал тусдаа. Үүнийг УИХ шийднэ. УИХ-ын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана.
Нөгөө талд АН засагт байх, байхгүй тухай асуудал. Үүнд цэг тавьсан. Байхгүй гэдэг дээр цэг тавьсан. АН-д урилга өгсөн нь МАН. Гэтэл МАН гар гэсэн. Бид учир шалтгаанаа тайлбарла гэж байгаа болохоос засгаас гарахгүй гээгүй. Хамтрал байх уу үгүй юу гэдэг дээр эргэлзэх хэрэггүй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд биднийг засгаас гаргах эсвэл бид өргөдлөө өгөх. Ийм л асуудал байгаа. Үүнийгээ л Ерөнхий сайдтай ярьж байгаа. Хэрэв Ерөнхий сайд бидний өргөдлийг хүлээж авахгүй эсвэл бид наймыг засгаас гаргахгүй гэвэл өөрийнхөө асуудлыг УИХ-д тавина гээд байгаа. Тэр оруулах хэлбэрийнхээ талаар сая санал солилцсон төдий. Одоо би уулзалт хийхээр явж байна.
АН ямар ч тохиолдолд ажлаа хийж байгаад дараагийн Засгийн газар эмхлэгдэн байгуулагдахад гарна. Бид МАН-ын даргыг бүлэг дээр орж тайлбараа тавихыг шаардаж байгаа.
Монгол Улсын Засгийн газрыг биш, Ерөнхий сайдыг УИХ томилдог. Одоо их хурал дээр яригдах зүйл бол Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал байх болов уу.
Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн, эс үзүүлсэн ч АН засгаас гарна.
АН парламентад ямар кноп дарахаа бүлэг дээр ярилцана. Ер нь бүлэг дээр АН цаашид салж тоглолт хийхгүй гэж ярилцаж байгаа.
Ерөнхий сайд яагаад өөрөө УИХ-д хандаж байгаа вэ гэвэл хамтарсан Засгийн газар гэдэг нь миний итгэл үнэмшил юм. Тиймээс үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ-д тавьж шийдвэр гаргуулна гэж байгаа хэрэг юм” гэв.