Хөшигний ард: Л.Гантөмөр Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд бодлоо өөрчилжээ

0
гантөмөр99

Хураангуй:

  • Ерөнхий сайдыг унагаж, Засгийн газрыг солих Бага хурлын бэлдсэн саналын томьёолол маргааны дараа АН руу чиглэж орхижээ.
  • Л.Гантөмөр Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-д хандаж Ерөнхийлөгчид үг дайсан ч, Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд намынхаа сайд нарыг өргөдлөө өг гэж шахжээ.
  • Бүх хүчний тэнцвэрийг Д.Амарбаясгалантай цуг Ардчилсан нам атгаж, олон эгзэгтэй агуулгууд тэднээс шалтгаалахаар байна.

Дэлгэрэнгүй:

Бүх зүйл МАН-ын Бага хурлын саналын томьёоллоос л боллоо.

МАН-ын Бага хурлаар “Хамтарсан засгийн газрын гэрээгээ зөрчсөн улстөрийн намыг засгаас гаргаж, шинээр Засгийн газар байгуулахыг дэмжих үү?” гэсэн бэлдчихсэн саналын томьёолол оруулж ирж. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах агуулга руу шууд чиглэсэн гэсэн үг. Бага хурлын гишүүд эсэргүүцэж, завсарлага аваад хоёр цаг гаруй маргалдсаны эцэст нь “гэрээ зөрчсөн улстөрийн намыг Засгийн газраас гаргахыг дэмжих үү?” болгон АН руу чиглүүлэгджээ. Саналын томьёоллоос үүдсэн маргаан улс орны ажлыг тэр чигээр нь гацаагаад байна.

Учрыг нь хөвөрдөх гээд үзье.

Мөнгөн аягатай хадаг барих нь холгүй гуйж байсан МАН, АН-ыг хэн ч биш болгоод шидчихэв. Бүхэл бүтэн системийн намыг өөр нам хурал дээрээ яриад хөөчихдөг байж болохгүй. Төрөөс илүү эрх мэдэлтэй намын шийдвэр байхгүй. Нэг нам нь нөгөөхөө хөөхөөр тарчихдаг Засгийн газар ч гэж юу байх вэ.

Ямартай ч, “Хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн итгэл үзүүлэх эсэх”-ийг УИХ эцэслэн шийднэ. Хэрвээ итгэл үзүүлбэл Ерөнхий сайдын асуудлыг зургаан сар хөндөхгүй. Итгэл үзүүлэхгүй гэвэл Засгийн газар унана. Унавал 30 хоногт дараагийн Засгийн газар бүрдэнэ. Үндсэн хуулийнхаа дагуу ийм л үйл явц өрнөнө.

-Лу.Гантөмөр Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд намынхнаа “Өргөдлөө өг” гэж шахжээ-

Ерөнхийлөгчтэй уулзахын өмнөх ба дараах байр суурь…

Хамгийн их тэсрэлт хийж буй дүр нь намын дарга Л.Гантөмөр байлаа. Гэхдээ өчигдрийн /2025.05.28/ Засгийн газрын хуралдааны өмнөх ба дараах түүний байр суурь эрс өөрчлөгдсөн нь анхаарал татав.

  • Засгийн газрын хуралдааны үеэр “Бүхэл бүтэн системийн намын хувь заяаг Ерөнхийлөгчтэй нийлээд шийдчихнэ гэж байхгүй шүү. Ардчилсан нам парламентаа хамгаална. Хаандаа очиж хэлээрэй” хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандаж, Ерөнхийлөгчид үг дайсан байна.
  • Гэвч Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ганцаарчлан уулзжээ. Уулзаж гарч ирээд намынхнаа “Засгийн газраас өөрсдөө гарах өргөдлөө өг” гэж хэмээн шахжээ.

Намын даргынхаа өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өргөдлүүдээ бэлдэж байгаа.

“Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч, эс үзүүлсэн ч АН Засгийн газарт үлдэхгүй” гэж уурсав. УИХ-д 42 суудал авч, Засгийн газарт найман хүнээ сайдаар суулгасан намын даргын амнаас гарах л үг.

-АН үлдвэл сайд нараа сольж салхи оруулна, явбал сөрөг хүчин болно-

Ардчилсан нам үлдэх үү, явах уу…

НЭГТ, Хамтарсан Засгийн газраас гарахгүй, үргэлжлүүлбэл хэрхэх вэ.

АН-д хэд хэдэн хувилбар бий. Сайд нараа солиод оруулж ирж, хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа тасалдалгүй үргэлжлүүлэх явдал. Р.Эрдэнэбүрэн, С.Одонтуяагаас эхлээд сул сайд нар байгаа нь үнэн тул. Уг нь Ардчилсан намынхны 2012 онд хамтарсан Засгийн газарт байснаас хойших хамгийн хүчирхэг үе нь, энэ удаагийн парламент. “МАН-ын хөнжилд орж, сөрөг хүчний үүргээ умартлаа” гэж өчнөөн чичлүүлцгээсэн. Гавьяа бас бий. Муу нэртэй, луу данстай ч парламентыг тогтворжуулахад гар бие оролцсон нь үнэн. Парламентыг 126 гишүүнтэй болгох гол алхмуудыг Л.Оюун-Эрдэнэтэй хамтран хийсэн. “Улс орны нэгдмэл ашиг” гэдэг үүднээс эрх баригчидтай хамтарч баялгийн сангаасаа эхлээд олон жил гацсан төслүүдийг урагш түлхэхэд гар бие оролцоцгоов. 14 мега төслийн олонх нь АН-ын сайд нарын нуруун дээр бий. Энэ бүх ажлууд царцана.

Иймээс л Л.Гантөмөр тэсэрлээ. Намын даргын фигур үзүүлэх нь зөв юм.

ХОЁРТ, Хамтарсан Засгийн газраас гарчихвал хэрхэх вэ.

Засаглалын ч, намын ч хямрал явагдана. АН-ыг гаргах нь Ерөнхийлөгчийн хүсэл. МАН-ын Бага хурлаар ч, Л.Гантөмөрийг дуудаж уулзсанаар ч тодорхой харагдав. АН жишээ нь “новшийн зан” гаргаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарчихвал Ерөнхийлөгчийг ард нийтийн санал асуулгаар сонгох хувилбар руу хөтөлнө. Засаглалын хямрал руу ч гулсуулж болзошгүй. Мөн сөрөг хүчнийхээ хэлбэрээр гараад ирвэл парламентын хувь заяа хаашаа эргэх нь вэ гэдэг нь үнэн. Тэгэхээр бүх хүчний тэнцвэрийг Д.Амарбаясгалантай цуг Ардчилсан нам атгаж байна. Өнөөдрийн олон эгзэгтэй агуулгууд хүссэн хүсээгүй Ардчилсан намаас шалтгаалахаар байна.

Намын дотоодод ч олон асуудал ар араасаа гарч ирнэ. Л.Гантөмөр намын даргын суудлаа өгнө. Түүний суудалд горилогчид олон бий. Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хэн нь хүнээ тавьж чадах вэ гэдэг тэмцэл намын дотоодод өрнөх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *