“Асуудал хуулийн байгууллагаар нотлогдвол Ерөнхий сайдаас хариуцлага нэхнэ

0
доржханд

ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах хариулт өглөө.


-УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг удахгүй хэлэлцэх болж байна. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд тогтоол мэдүүлэхээр болж шийдвэрлэсэн нь УИХ-д ирээд байна. Хэрвээ УИХ-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэвэл танай нам дараагийн Засгийн газарт орох уу?

-Нэг л эрх ашиг дээр нэгдсэн шүү дээ. Урт хугацааны тогтвортой байдал чухал юм байна гэж үзээд хамтарсан Засгийн газарт орсон. Та бүхэн мэдэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд манай ХҮН намынхан үргэвчээ үүрээд гурван жил бүх аймаг, сумыг тойрсон.  Энийгээ л бэхжүүлэх гэж хамтарсан Засгийн газрыг байгуулах үзэл санаан дээр нэгдсэн. Энэн дээрээ гурван намын дарга байх нь зүйтэй шүү гэдэг байр суурьтай байгаа.

Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудал ирэх 7 хоногт хэлэлцэгдээд явна. Ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Үзүүлэхгүй гэвэл дараагийн Ерөнхий сайд нь гарч ирээд процесс явна. ХҮН нам хурлаа хийнэ, дүгнэлтээ тавина. Дараагийн Засгийн газарт орох уу үгүй юу гэдэг нь тухайн үеийн асуудал.

-Танай намын зарим гишүүн “Нам дотоод ардчилалтай байж чадахгүй байна. Намыг хоёр нүүртэй лидерүүд удирдаж чадахгүй юм аа” гэхчлэн байр сууриа илэрхийлэх боллоо?

-ХҮН нам чинь бүх аймаг орон нутагт салбартай, 100 мянга гаруй дэмжигч гишүүдтэй үндэсний хэмжээний том нам байхгүй юу.  Тэр дотор бол тодорхой төвшинд гомдолтой хүмүүс байгаа. Энэ хүмүсийн гомдол гарч ирж байгаа нь бодитой үнэн. Түүгээр нь бол буруутгахгүй. Гишүүдийн маань зарим нь сошиалын мэдээлэлтэй байна. Мэдээллээ гишүүддээ өгч чадаагүй нь буруу.

Гэхдээ ХҮН намын гишүүдийн 99 хувь нь эвлэж нэгдээд улсынхаа эрх ашгийн төлөө хамтраад явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.

Цөөхөн хэдэн гишүүн яриад эхлэхээр цаанаа нэг эрх ашиг байна уу л гэж харж байгаа. Хамт олноороо гаргасан шийдвэрийг дүгнэх хэрэгтэй. Нам доторх асуудлаа бүгдийг нь ил тод болгоод эхлэхээр энэ нь ёс зүй байхгүй байна л гэж харагдаж байгаа.

-Хамтарсан Засгийн газар арван сар ажиллахдаа үр дүнтэй ажиллаж чадсан уу?

-Бид хамтраад тулгамдаад байгаа асуудлаа шийдье, репормуудаа хийе,  том төслүүдээ хөдөлгөе гээд явсан. Репормоо эхлүүлж чадаагүй бол үнэлгээ муу өгөх нь зөв байхгүй юу.

Гэтэл нэг ч хүн, нэг ч гишүүн хамтарсан Засгийн газар муу ажилласан гэж хэлэхгүй байгаа. Маш сайн ажилласан байхгүй юу.

Маш олон жилийн хуримтлагдсан асуудлыг найман сарын хугацаанд бүгдийг хөдөлгөж чадсан. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. Гэтэл дахиад бужигнадгаараа бужигнаад, би л сайд болохгүй бол болохгүй гэх юм уу эсвэл манай нам сөрөг хүчин байх ёстой ч гэдэг юмуу  болохгүй гэдэг байдлаар л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холимог систем оруулаад ямар хэлбэрээр цааш явах юм бэ гэдгийг ойлгоогүй нэг хэсэг хүмүүс байна л даа.

-Хамтарсан Засгийн газар сайн ажилласан гэж та хэлээд байна. Яг юун дээр итгэл үзүүлээд байгаа юм?

-Хамтарсан Засгийн газрын асуудлыг тусад нь нэг ярих хэрэгтэй. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг битгий холиод байгаач ээ. Ерөнхий сайдын хүүхдийн асуудал гарч ирсэн, орлогоо нотол гээд явсан. Сүүлдээ хамтарсан Засгийн газрын асуудал болж хувирсан.  Одоо болохоор Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал ороод ирэхээр хамтарсан Засгийн газар чинь муу ажилласан юм биш үү гэдэг байдлаар холиод энийгээ хамтрал руу шилжүүлэх юм бол маш буруу.

Монгол Улс цаашдаа хөгжинө гэх юм бол хамтарсан Засгийн газар цаашаа үүснэ. Тэгэхгүй хоёр талдаа гараад бие биерүүгээ чулуу шидээд муулаад байх юм бол энэ улсад ямар ч бодит хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Юу үнэн, энэ үнэн.

Хамтарсан Засгийн газар муухай гэдэг яриа гаргаад байгаа, үгүй юм аа. С.Баярын Засгийн газар тухайлбал стандарт бус Засгийн газар байсан, одоо бас энэ Засгийн газар стандарт бус гэж яриад байна. Энэ бол үгүй.  Шинэ стандарт гэдэг юмыг ойлгох хэрэгтэй. Цоо шинэ эрх зүйн орчинд цоо шинэ стандартыг бий болгосон. Ахиад 60-аас дээш суудал авах улс төрийн хүчин гарч ирэхгүй.

-Ардчилсан намын найман сайд Засгийн газраас гарах боллоо. Ерөнхий сайдын асуудал орж ирэхээс өмнө шийдвэрээ гаргачихлаа. Танай нам дараагийн Засгийн газарт хамтрах уу?

-Монгол Улсын  эрх ашиг урдаа байх ёстой. Манай нам тухайн үед шийдвэр гаргах гэж нэлээд асуудал болж орсон. Орох нь зөв зүйтэй юм аа гээд орсон бол тууштай л байна. Уулын бугыг хараад унаж яваа морио сольдог тийм ёс зүйгүй хүмүүс биш. Улс орныхоо эрх ашгийн төлөө нэг л шийдвэр гаргасан бол түүндээ бат зогсоно.

Шүүмжлүүлэх бол дараагийн асуудал. Ардчилсан намын дарга нь байр сууриа тодорхой хэлсэн байна лээ, түүнийгээ эргэж харах хэрэгтэй л гэж бодож байна. Яагаад вэ гэхээр Ардчилсан нам Засгийн газраас гараад маш хүчтэй сөрөг хүчин хийгээд явж болно. Парламент дотроо кноп нь хүрэх юм уу. Цаашаа эргээд л хуучин 34 жилийн хоёр талд гараад хуваагддаг байдал үүсэх вий дээ.

ХҮН намын тухайд одоо бол шийдвэр гараагүй. Хамтраад эвсээд явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

ХҮН нам, Ардчилсан нам Засгийн газарт орсон нь ямар нэг эрх ашиг дээр нэгдээгүй. Засгийн газрын төвшинд нэг ч хулгай гараагүй дээ. Маш сайн хяналттай явсан.

-Засгийн газар огцрох нөхцөл бүрдэхээр хөрөнгө оруулагч нар ямар аястай байгаа вэ?

-Эрчим хүчний салбарт маш олон гэрээ хэлэлцээр эхлээд явж байсан, гэвч бүгд зогсчихоод байна. Уг нь монголчууд засаглалаа өөрчлөөд тогтвортой Засгийн газар бий боллоо гэдэг сигнал гадаадын хөрөнгө оруулагч нарт очсон. Маш олон хүн итгэсэн. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал нь буцаад зургаан сарын хугацаатай Засгийн газар үүсэх эрсдэлтэй юм байна, тэгвэл бид яаж хөрөнгө оруулах вэ гэдэг нөхцөл байдал үүсгэж байгаа нь бодитой шүү.

-Олон нийт бол Ерөнхий сайдыг хүүгийнхээ орлогыг нотол гэсэн. Та  хамтрагчаасаа шударга ёс нэхэж чадах уу?

-Тухайн асуудал нь хууль хяналтын байгууллагаар нотлогдох юм бол бид хариуцлага нэхэж чадна, чадахаар барахгүй тийм асуудал үүсэх юм бол хариуцлагаа хүлээхэд бэлэн үүрэгтэй улс шүү дээ бид.

-Шинэ Засгийн газар бүрдэх бол ХҮН нам орох уу?

-ХҮН нам бол инстиутци юм, намын даргын үгээр явдаг институтци биш. 10 жилийн хугацаанд өндөр боловсроллтой маш олон хүмүүс нэгдээд улс орон даяар гишүүнтэй, бүтэцтэй нам болсон. Бид зарчим дээрээ нэгдээд олонхиороо шийдэр гарсан бол ардчиллын зарчим. энэн дээрээ тууштай байна.

Цаашаагаа хамтраад явах үзэл баримтлал нь хөгжлийн загавар юм аа гэдгийг бид мэдэж байгаа байхгүй юу. Дэлхийн загварыг бид бүгдээрээ мэдэж байгаа учраас ийшээгээ л хөгжих нь зүйтэй буюу хуваагдахгүйгээр хөгжиж болох юм байна,  ардчиллаа хамгаалах боломжтой юмаа гэдгийг ойлгох хугацаа энэ дөрвөн жил байхгүй юу.

Энэ ойлголтыг өгөх гээд явж байтал иргэд ойлгоод явж байтал найман сар болоогүй байхад дахиад Засгийн газрын асуудал гарч ирж байгаа нь харамсалтай.

Тийм учраас ХҮН нам Засгийн газар  орох уу, орохгүй юу гэдэг асуудал 30 дугаар асуудал юм. Би өнөдөр ХҮН намынхаа даргын албыг өгөөд улс төрөөс явахад ч бэлэн хүн. Улс үндэстний ирээдүй чухал болохоос өнөөдрийн сандал суудалтай зууралдаад байх нь улс төрийн намын даргын хувьд 30 дугаар асуудал юм.

Манай ХҮН нам арай өөр соёлтой шүү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *