“Явган хүний замын эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн” гэж тайлбарлав

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186,839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар болж, өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байгаа билээ.
Өчигдөр буюу тавдугаар сарын 27-нд гэхэд Төв шуудан болон Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5,012 ам метр талбай бүхий явган хүний замын хуучин хавтанг шинэчилж эхэлсэн юм.
Харин олон нийтийн зүгээс явган хүний замын эвдэрч гэмтээгүй хавтангуудыг сольж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.
Энэ асуудалд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн явган замтай болсон. Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Шинээр тавьж байгаа явган замын хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй.
Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн” гэсэн тайлбар өгөв.
Нийслэл хотын гол гудамж, талбайн явган хүний замыг шинэчилж байгаа ч бодит байдал дээр бусад гудамж талбайд энхэл догол, зарим хавтан нь алаг цоог алга болсон, зарим нь нэг л хүн явах өргөнтэй явган хүний зам байсаар л байна.