Сэлбэ хотод улсын циркийг барьж байгуулна

Хотын дарга Х.Нямбаатар улсын циркийг Сэлбэ хотод байгуулна гэв. Тэрбээр “Соёлын хамгийн том үйлчилгээ болох Монгол Улсын циркийг Сэлбэ хотод байгуулахаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамтай тохиролцож, төлөвлөлтөө хийсэн” гэдгийг яриандаа онцолсон юм.
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Гэтэл 2020 оноос түүхэн дурсгалт барилгыг засварлаж, нэрийг нь “Аса арена” болгон өөрчилсөн.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан.
Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.