Б.Баасандорж: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөл Үндсэн хуультай зөрчилдөхгүй

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийн талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр хэлэхдээ,
Ерөнхий сайд 2025 оны 5-р сарын 28-ны өдөр УИХ-д Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд буюу 44.1-д зааснаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулбал 3 хоногийн дараа, 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж эцэслэнэ гэж заасан байдаг. Ингэхээр УИХ-д оруулснаас 3 хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг оруулж хэлэлцүүлнэ гэсэн үг. Ингэхээр 10 хоногийн дотор хэлэлцэж, эсийн шийдвэрийг гаргана.
-Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үү?
-Тогтоолын төслийг Үндсэн хуульд заасныхаа дагуу оруулсан. Тогтоолын төсөл дээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг тодорхой бодлогын асуудлуудыг хэрэгжүүлэх үүднээс энэ бодлогын асуудалд итгэл үзүүлэх тогтоолын төслийг оруулсан тул Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бодлогын асуудал мөн. Тиймээс энэ асуудлын хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн гэсэн үг. УИХ-ын чуулган хуралдааны Дэгийн тухай хуулиар уг асуудлыг хэлэлцэнэ. Маргааш Даргын дэргэдэх зөвлөл буюу 20 гаруй гишүүний бүрэлдэхүүн хуралдаж байнгын хороо, УИХ-ын чуулган хэзээ хуралдаж уг асуудлыг хэлэлцэхийг шийдвэрлэнэ. Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой” гэв.