ТОЙМ:Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүслээ

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен болон холбогдох албаны хүмүүс Монгол Улсад айлчиллаа. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулсан юм. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө батлах хуулийн хугацаатай тул уг хугацаанд амжиж хэлэлцэхийн тулд ийнхүү долоо хоногийн эхээс УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулсанаараа онцлог байв. Мөн Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон нь бас нэг онцлог үйл явдал байлаа.
Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа аж.
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 25 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн төвшинд боловч үнэ буурсан. Нүүрсний үнэ 44 хувиар унасан. Хэрвээ нүүрсний дээрх үнэ энэ дахин унахгүй хэвээр хадгалагдвал оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөв гарч буй аж.
Сангийн сайдаар ахлуулсан баг экспортыг нэмэгдүүлж, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төсвийн орлогын бууралтыг нөхөхөөр ажиллаж байгаа юм.
Мөн Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилт тавиад буй.
Үндэсний статистикийн хорооны энэ оны дөрвөн сарын мэдээллээр экспорт өмнөх оны мөн үеэс 695.0 сая ам.доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал, амьтны самнасан үс, хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байдаг. Харин зэсийн хүдэр ба баяжмал 501.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн байна.
АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан

Ашигт малтмал газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан талаар мэдээллээ. Тодруулбал, АИ-92 автобензины үнийн нэмэгдлийн талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцсэний үр дүнд зарим компаниуд Хамтарсан зөвлөлийн шийдвэр албан ёсоор гарах хүртэлх хугацаанд АИ-92 авто бензины үнийг 100 төгрөгөөр буулгаж эхлээд байна. Мөн гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, импортын үнэтэй уялдуулан АИ-95 автобензин болон дизель түлшний үнийг тус бүр 200 төгрөгөөр буулгасан байна. Энэ асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийхдээ “Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан. Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн. Бид бүхний зүгээс “Дөрөвдүгээр сарын 29-нд авсан үнээр дизель түлшний үнэ хэрэглээний үнэ дээр 100 ам.доллараар буурсан байхад бусад бусад төрлийн түлшний үнийг яагаад буулгадаггүй юм бэ гэдэг асуудлыг тавьсан.
“Шунхлай” компаниас эхлээд АИ-92 -оос бусад төрлийн түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгасан гэдэг мэдээлэл ирсэн.
Үнэ нэмсэн асуудалд салбар яамны зүгээс шууд хэрэгжүүлэх хуулийн арга хэмжээ хомс, зөвшилцөх байдлаар шийдвэрлээд, Үнийн зөвлөлөөс зөвлөмж гардаг. Ард иргэдээс ирж байгаа шаардлагад үндэслээд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана” гэдгийг хэлсэн юм.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов.Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал бухимдал үүсгэсэн учраас залуучууд жагсаал хийж эхэлсэн бөгөөд бидний төлөөлөл УИХ-д хандах нь зүйтэй гэсэн байр сууриар уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
У.Хүрэлсүх: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя.