3 цаг үргэлжилсэн галд инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан “ДЦС-3”

0
tsahilgaan-stants-2-zlb

Өчигдөр буюу /2025-06-02/-ны 00.25 цагт “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэх дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн. Харин уг станцад болсон гал түймрийн улмаас нэг хүн амиа алдсан, нэг хүн угаартсан гэх дуудлага таван минутын дараа буюу 00.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Улмаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй Д.Хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдаж, нэгэн цехэд хамт ажиллаж байсан ээлжийн дарга 39 настай Т.Баясгалан угаартсан байдалтайгаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын улмаас амиа алдсан 47 настай эрэгтэйн хувьд тухайн станцад инженерийн алба хашдаг байсан аж.

“ДЦС-3”-т гарсан гал гурван цагийн туршид үргэлжилж, үүрийн 03.21 цагт бүрэн унтраасан байдаг.

Тухайн галын үеэр гадагшаа мэдээлэл задруулахгүй үүднээс ажилчдыг гадагш гаргахгүй, гар утсыг нь хурааж авсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Урьд шөнө ТЭЦ-3 дээр маш том хэмжээний осол гарсан. Үүний үр дүнд ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан. Б.Чойжилсүрэн сайдаас мэдээлэл авъя гэхэд одоогоор ямар нэгэн байдлаар холбогдож мэдээлэл өгсөнгүй. Мөн албан бичиг явуулахад мэдээлэл өгөөгүй. Тэнд ажилладаг хүмүүс надтай холбогдож байгаа. Тухайн шөнө ээлжид гарсан ажилчдыг станцаас гаргахгүйгээр утсыг нь хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргавал ажлаас нь хална гэж сүрдүүлж байсан гэж надад хэлсэн. Эрчим хүчний яам хэр хүртэл энэ асуудлыг хав дарах зорилготой байгаа вэ. Миний хувьд үүнийг өглөө мэдэж байсан ч гарч ирж яриагүй нь улс төрийн сенсац юм уу хүний амиар улс төр хийхийг хүсээгүй учраас орой хүртэл хариу өгөөгүй байна” хэмээсэн юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “ТЭЦ-3”-аас тодруулахад “Ташаа мэдээлэл. Гал түймэр гарч, олон хүний амь нас яригдаж байхад гадагшаа гаргахгүй байна гэж яав ч байхгүй. Гэхдээ одоогоор ослын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагаас ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй. Нэг ажилтан маань амиа алдаж, нөгөө нь угаартаж эмнэлэгт хүргэгдсэн нь үнэн. Харамсалтай байна” хэмээсэн юм.

Одоогоор гал гарсан шалтгаан, нөхцөл байдлыг тогтоохоор ОБЕГ болон ЦЕГ-аас хамтарсан баг газар дээр нь үнэлгээ хийн ажиллаж байна.


Гал хаанаас гарав, шалтгаан нь юу байв…

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр “50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан” хэмээн мэдээлсэн.

Өндөр Даралтын Зуухан Цех гэдгийг ДЦС-3 албан байдлаар ингэж тодорхойлов. “Тус цех нь Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалт хийж зуухны галын хотолд шатаан, нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 ата даралттай, 540 градусийн халуунтай усыг боловсруулж хэт халсан уураар турбиныг хангах үүрэгтэй. ӨДЗ Цех нь цагт 100 атмосферийн даралттай 220 тн уур боловсруулах хүчин чадал бүхий БКЗ-220-100-4С маягын 7–н уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон. Мөн зууханд шатаасан түлш буюу тоосны нүүрсний шаталтын бүтээгдэхүүн болох үнс, шлакийг усаар тээвэрлэн үнсэн санд шахах зориулалттай 900 м3/цаг бүтээмжтэй Грант – 900/67 маркын 3 насос бүхий Багер Аж Ахуй, тээвэрлэгдэн ирсэн үнс, шлакийг үнсэн санд хуримтлуулж, үнс тээвэрлэсэн усны хөдөлгөөнийг нь тайвшруулах замаар тунгааж, тунгаасан усыг эргүүлэн шахах зориулалттай Д –500-65 маркын 4 –н насос бүхий Тунгаагдсан Усны Насос Станц, Мазут нөөцлөх 1000 м3 багтаамжтай 3 бактай, тодорхой даралт температуртай мазутаар зуухыг хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай Мазут Аж Ахуй зэрэг туслах аж ахуйтай”

Үүнийг энгийнээр тайлбарлавал, өндөр даралтын цех бол цахилгаан станцын үндсэн хэсэг бөгөөд уурын даралт хамгийн өндөр байгаа хэсэг. Энэ хэсэгт уур үйлдвэрлэх, уураар эрчим хүч үүсгэх процес явагддаг байна.

Харин гал түймрийн шалтгааныг мэргэжилтнээс тодруулахад “Галын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Гэхдээ урьдчилсан байдлаар дараах гол хүчин зүйлсээс үүдсэн байж болзошгүй, тухайлбал

  • Тосны системийн алдагдал: Турбин, генераторын тасалгаанд ашиглагддаг их хэмжээний шатамхай тос (lubricating oil) нь өндөр температурт хүрэлцсэн үед хурдан шатах аюултай байдаг. Тосны шугамын битүүмжлэл алдагдсан, эсвэл насосны ажиллагаа доголдсоноос үүдэн шаталт үүссэн байж болзошгүй.
  • Цахилгааны богино холболт: Генератор болон хяналтын самбарын хэсэгт үүссэн цахилгааны доголдол, тусгаарлагчийн гэмтэл нь оч үсэрч гал үүсгэх шалтгаан болсон байх магадлалтай. Энэ нь дотоод хэлхээний хэт ачаалал, хуучирсан кабель, эсвэл тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан байж болзошгүй.
  • Хөргөлтийн системийн доголдол: Генераторын дотоод халалт зохих ёсоор буурч чадаагүй тохиолдолд төхөөрөмж хэт халж, шатамхай эд ангиуд шатах нөхцөл бүрддэг. Мөн температурын хяналтын мэдрэгчийн доголдол гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Гал унтраах автомат систем бүрэн ажиллаагүй: Галын дохиолол, автомат CO₂ шүршигч болон бусад хамгаалалтын системүүд хангалттай хариу үйлдэл үзүүлээгүй, эсвэл доголдсон байх магадлалтай” хэмээсэн юм.

-2021 оноос хойш Л.Энхбаатар “ДЦС-3” гүйцэтгэх захирлаар ажиллаж байна-

Нэмэлт мэдээлэл: 1966 оны 12-р сарын 3-ны өдөр Дулааны 3-р цахилгаан станцын суурь тавигдаж, 1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтад орж, нийслэл хотын албан байгууллага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлсэн түүхтэй. Харин 1968-1975 онд дунд даралтын станц баригдаж, цагт 40 ата даралттай, 75 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-75-39 ФБ маркийн 6 зуух, цагт 12 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-12-3510М маркийн 4 турбингенератор ашиглалтад орж, станцын хүчин чадал цахилгаанаар 48 мВт, дулаанаар 157Гкал суурилагдсан хүчин чадалтай болсон байна.

 Тус цахилгаан станц нь

  • Цахилгаан үйлдвэрлэх
  • Дулаан үйлдвэрлэх
  • Дулаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Дулаанаар зохицуулалттай хангах

тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол улсын эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажиллаж байна. Станц нь технологийн хэрэглээний усыг Нисэх Сонгиноны районд байрлах өөрийн худгуудаас, нүүрсийг дан ганц Багануурын уурхайгаас хүлээн авч хэрэглэдэг. Дунд болон өндөр даралтын зуухнуудад хэт ханасан уурыг боловсруулан, турбингенераторт өгч, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн35/110 киловольтын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний систем ба 6 киловольтын шугамаар хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Тус станцын удирдах албан тушаалтнаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэл Л.Эрхбаатар ажиллаж байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *