Х.Номингэрэл: АН дахин хамтарсан засаг гэхээс илүү УИХ дээрээ хууль тогтоомж батлах, хянах эрх хэмжээгээрээ дамжуулж ажиллах хангалттай боломжтой

Засгийн газраас Ардчилсан нам гарч байгаагаа мэдэгдэж, Ерөнхий сайд огцорсон энэ үед дараагийн Засгийн газрын асуудал улс төр болоод нийгэмд хүчтэй яригдах болсон билээ. Тухайлбал, АН, МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орохоор зэхэж байна гэх шүүмжлэл тасралтгүй явж буй.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, хуульч Х.Номингэрэл өөрийн цахим хуудастаа “УИХ-ын дахь Ардчилсан намын 42 гишүүний бүлэг нэг мөр хөдөлбөл ямар хүчтэй болохыг сая харлаа. 42 гишүүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт батлуулахгүй байх чадал бий. УИХ дээр хянан шалгах түр хороо байгуулах, ерөнхийлөгчийн хориг авах эсэхийг шийдэхээр тоо. Өндөр албан тушаалтныг импичмент хийхэд, хамгийн чухал нь хуулийг эцэслэн батлахад ирцээс биш нийт гишүүдээс олонхыг тоолно. 42 бол үүнд нөлөөлөх хэмжээний тоо.Ирцийн биш нийт гишүүний олонхын утга учрыг саяын ЕС-д итгэл үзүүлэх санал хураалтаар тал талдаа ойлголцсон байх.Тиймээс дахин хамтарсан засаг гэхээсээ илүү УИХ дээрээ хууль тогтоомж батлах, хянах эрх хэмжээгээрээ дамжуулж ажил хийх хангалттай боломж байгаа шүү” гэжээ.