Шинэ Засгийн газрын хийх ёстой хамгийн эхний ажил нь ТӨСВИЙН ТОДОТГОЛ!

Хааны алба халаатай гэгчээр хамтарсан Засгийн газар огцорч үе үеийн Ерөнхий сайд нараас түүхэндээ “рекорд” эвдсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буугаад хэдхэн хоног өнгөрч байна. Түүний орыг залгаж төрийн тамга барих дараагийн Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч шинэ Засгийн газарт 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барих “яс янгинах”-аар ажил хүлээж байна.
Энэ хаврын турш саарал ордонд өрнөсөн сандал суудлын хэрүүл, жагсаал цуглаан дундуур үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж байх хооронд төсвийн асуудал хатавчны гадна хаягдаж улсын данс улайх дээрээ туллаа. Угтаа бол нүүрсний үнэ унахаас ч өмнө, унасны дараа ч эдийн засагчид төсвийн орлого дутах нь гэдгийг сануулсаар ирсэн. Эдийн засагч Н.Энхбаяр “Нүүрсний биет хэмжээг өсгөх тусам улам үнэ унаж байгааг сүүлийн гурван жилийн байдал харуулж байна. 2022 онд тонн тутам нь 240 ам.доллар байсан нүүрс 130 ам.доллар болж одоо 100 ам.доллароос буурч 80 ам.долларт хүрч байна. Тэгэхээр бид экспортын биет хэмжээгээ өсгөөд орлогоо нөхөж чадахгүйг маш тодорхой харуулж байна” гэж маш тодорхой хэлсэн удаатай.
Түүний зүгээс УИХ-ын Хаврын ээлжит чуулгах эхлэхээс ч өмнө төсвийн орлого бүрдэхгүй тасрах аюултайг ч сануулж “Гадаад худалдааны нөхцөл байдлаа маш сайн анхаарч экспорт буурснаас хамаараад бидний төсөөлөөд буй 33 их наядын төсвийн орлого тасарвал одоогийн хавар эхлэх тендерийн ажлууд намар болоход санхүүжилт олдохгүй тасрах эрсдэлтэй. Өр үүсэх аюултай” гэж байлаа.
Харин өнөөдөр зуны амралт зугаалга, баяр наадмын сарууд эхэлж байна. Удахгүй төрийн байгууллагууд бүгд амраад хөдөө, гадаа явна. Намраас нааш төсөв, нүүрсний асуудлаа найрын ширээний ард мартана. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө амжиж 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн барихаас өөр гарцгүй. Үүний тод жишээ нь эдийн засаг /ДНБ/-ийн үзүүлэлт.
ДНБ 2023 оны эхний улиралд 8 хувь, 2024 оны эхний улиралд 7.9 хувиар өсөж байсан. Энэ оны эхний улиралд ДНБ 2.4 хувийн өсөлттэй гарсан нь эдийн засгийн орчин нөхцөл хэзээний муудсаныг илтгэнэ. Уул уурхайн салбар, тэр дундаа ганц түүхий эдээс хамааралтай манай улсын хувьд нүүрсний үнээс хамаарч эдийн засаг нь өгсөж урууддагийн тод жишээ нь энэ.
Товчхондоо, алдагдалгүй гэж баталсан 2025 оны төсөвт 33 их наядын орлого төвлөрүүлэхээр тусгасан нь мөрөөдлийн тоо болчихоод байна. Хэрэвзээ нүүрсний үнэ төсөөлсөн шиг 105 ам.доллар, түүнээс дээш үнэтэй байсан бол үнэхээр алдагдалгүй төсөв байх байлаа. Эсрэгээрээ нүүрсний үнэ шал арчиж 100 ам.доллароос буурч шал арчих боллоо.
Ирэх өдрүүдэд ч нүүрсний үнэ сэргэх найдвар бүр тасарч ирээдүй улам бүрхэг болсоор байна. Худалдааны гол түнш Хятадад гангийн үйлдвэрлэлийн хямрал нь оргилдоо хүрч байгаа нь манайд том цохилт болох дохио боллоо. Цаашилбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого, геополитикийн тодорхойгүй байдал нь цар тахлаас ч илүү хүнд шок болж байгаа нь даарин дээр давс гэгчийн үлгэр болж байна. Тарифын улмаас эдийн засгийн байгууллагууд ч эдийн засаг өсөх төсөөллөө сааруулж, таамгаа бууруулах болсон. Энэ мэтчилэн бидэнд 2024 оны эдийн засгийн өсөлтөө энэ жил хэвээр хадгалах эсэх нь маш том сорилт болохыг Монголбанк ч дуугарч буй юм. Хэрэвзээ гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдлээ тооцож чадахгүй төсөвтөө тодотгол хийж амжихгүй бол улсаараа модоо барихдаа тулах вий.