Бага хурал: Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүллээ

0
images (29)

2025-6-9

Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдааны үеэр заалнаас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлжээ. 

Ингэснээр Ерөнхий сайдад Г.Тэмүүлэн, Г.Занданшатар нарыг нэр дэвшүүлэн санал хураах болж байгаа юм. Санал хураалтыг нууцаар явуулна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй. “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит компанийн захирал асан Ч.Ганзоригийн хүү юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэгэн адил МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэрбээр “Засгийн газар зардал өндөртэй төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн. Зардлыг бууруулах ёстой” гэж шүүмжлэлтэй хандаж байсан гишүүний нэг юм. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд
  • Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

13 : 03

2025-6-9

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр эхэлжээ. 

Тус хурлыг өнөөдөр 11:00 цагт товлосон ч Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцсэнтэй холбоотойгоор хойшилсоор сая эхэлж буй юм. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхдээ одоогийн нөхцөл байдалд илүү тохирох кандидат гэж үзжээ. Учир нь, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон, мөн нам дотор үүссэн хагарал зөрчлийг намдааж чадна гэж итгэл хүлээлгэсэн байна. Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас өөр нэг хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломж бас бий. 

УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэр гаргасан үеэс шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд хэд, хэдэн хүний нэр яригдаж эхэлсэн дотор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн багтсан. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Өмнөх УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж байсан. Засгийн газрын танхимд ажиллаж байгаагүй ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн адармаатай үед тохирох бас нэгэн нэр дэвшигч гэж яригдсан. УИХ-дахь МАН-ын бүлэгт 1980-аад оны төлөөлөл олон бий. Тэд Г.Тэмүүлэн гишүүнийг заалнаас нэр дэвшүүлж магадгүй байгаа. Энэ тохиолдолд хоёр нэр дэвшигчээс хамгийн олон саналыг Бага хурлын гишүүдээс авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших эрхтэй болно. Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ-аас Ерөнхий сайдыг томилно. Түүний дараа шинэ Ерөнхий сайд Засгийн газраа байгуулна. Хуулиараа шинэ Засгийн газар ирэх долдугаар сарын 3-нд байгуулагдсан байх ёстой. 

12 : 40

2025-6-9

УЗ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. 

Иймээс түүний нэрийг МАН-ын Бага хурал руу оруулахаар шийдвэрлэсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд 100 хувийн дэмжлэг авсан мэдээлэл урьдчилсан байдлаар гарлаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Тэрбээр өмнө нь УИХ-д таван удаа сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг албыг хашиж байсан юм. 

Боловсрол

– 1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

– 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

– АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал:

• 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач

• 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал

• 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч

• 2000-2003 онд ХААН банкны дэд захирал

• 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

• 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд

• 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

• 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

• 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга

• 2024 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

12 : 38

2025-6-9

Ж.Бат-Эрдэнэ: Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.


-Ерөнхий сайдад нэр дэвшигч нь ямар хүн байх ёстой гэж та харж байгаа вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал, улс орны нөхцөл байдал хүнд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт буурлаа, нүүрсний борлуулалт муудчихлаа, төсвийн алдагдал өндөр төвшинд хүрлээ, төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүслээ.  Улс орныхоо нөхцөл байдлыг томоор нь харах хүнийг л гаргах хэрэгтэй. Намаас удаа дараа ярьж байгаа. Тухайлсан салбаруудад зайлшгүй юуг хэрэгжүүлэх шаардлагатай юм, юу нь хаягдаад байна вэ гэдгийг томоор нь харж байдаг Засгийн газар байгуулах ёстой. Ганц Ерөнхий сайдаас бүх асуудал шалтгаалдаггүй. Баг байж, зохион байгуулж аль салбарыг нь илүү урагш нь түлхэх вэ, аль салбарыг хөгжүүлэх вэ гэдгийг харж чадах хүн Ерөнхий сайд болох ёстой.

-Шинээр байгуулагдах Засгийн газрыг хамтарч байгуулах ёстой юу, эсвэл дангаараа засаглах ёстой юу?

-Хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй. 126 гишүүнтэй том парламент бий болсон. Холимог тогтлцооны гол ач холбогдол нь олон намын тогтолцоо бий болж байж, хяналт сайжирч, Засгийн газраа бүхэлд нь хянаж байх тогтолцоог бий болгосон. Өмнөх Засгийн газарт Ардчилсан нам хамтарсан ч бүлгийн гишүүд нь тодорхой саналуудаа хэлээд явсан. Энэ бол ардчиллын том суурийг тавьж чадсаны л илрэл. Цаашдаа ч хамтардаг л байх хэрэгтэй. Монголчууд биенийхээ хөлөөс  татаад унагаад байх биш нэг нэгийгээ дэмждэг харилцан зөвшилцөлд хүрч чаддаг парламент байх ёстой.

-Шинээр байгуулагдах Засгийн газар 14 мега төслийг үргэлжүүлээд аваад явах шаардлага байна уу, эсвэл эрэмбэлж заримыг нь хойшлуулах ёстой юу?

Эдийн засаг хүнд байдалд орох хандлага харагдаж байна. Гадаад худалдаа зогсонги байдалд орсон, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогсонги байдалд орох гээд байна. Эдийн засгийг бүхэлд нь харж,  14 мега төслөөс зарим төслийг сугалж, цомхон болгох. Боомтын яам, 20 минутын хот яамыг цомхотгож хот руу нь өгдөг юм уу, Зам тээврийн яаманд нь шилжүүлдэг үү, цомхон болгоод явах ёстой.

Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Цомхон Засгийн газар бий болох, мэргэжлийн Засгийн газар бий болгох тал дээр хөтөлбөрөө оруулж ирээд батлуулах ёстой.

-Танд сайд болох санал тавибал хүлээж авах уу?

-Сайд болчих гээд гүйгээд байх шаардлага байхгүй. Сандраад тэвдээд байгаа юм алга.

12 : 06

2025-6-9

“Женко гэдэг хүний нөлөөллөөс Ардын нам салах хэрэгтэй”

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан энэ цаг мөчид /2025.06.09/ үргэлжилж байна. Удирдах зөвлөлийн хуралдаан дуусангуут МАН-ын Бага хурал эхэлнэ. Бага хуралдаа оролцохоор МАН-ын гишүүд Тусгаар тогтнолын ордонд ирж байгаа юм. Энэ үеэр Бага хурлын гишүүн С.Анхбаяраас дараах тодруулгыг хийлээ.


-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ ярилцаж байна. Дурдагдаж байгаа хүмүүсээс хэнийг дэмжиж байна вэ. Ардчилсан намтай ахиад хамтрах ёстой гэх асуудал хөндөгдөх. Та ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна, албан ёсоор нэр гараагүй байна.  Нөхөртэйгээ таарамж муутай айлын эхнэр сард хоёр удаа хариад байдаггүй.  Тэгэхээр сарын дотор эргээд Ардчилсан намтай хамтрах тухай  яригдахгүй байх. Болж өгвөл МАН дангаараа засаглах, болохгүй бол жижиг намуудыг оруулаад засаглах хувилбар яригдах байх.

Ер нь Женко гэдэг хүний нөлөөллөөс Ардын нам ч, Ардчилсан нам ч Монгол Улс салах хэрэгтэй. Тэгэхийн тулд Женкотой хамааралгүй Ардын намын лидерүүдээсээ нэгийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх байх.

-Одоо Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсээс хэнийг нь дэмжиж байна вэ. Бага хурлын гишүүдийн саналыг хайрцагладаг асуудал бий.  Тийм оролдлого ирж байна уу?

-Ганц л нэр яригдаж байна, Г.Занданшатар гээд. Ер нь Женко Х.Баттулга гэдэг хүнээс яаж ийгээд  салах хэрэгтэй.

Түрүүчийн Бага хурлаар, энэ Бага хурлаар ч хайрцаглах гэдэг оролдлого огт болоогүй. Итгэл үнэмшлээрээ гишүүд саналаа өгч байгаа. Өдийг хүртэл тэрийг дэмжээрэй, энийг дэмжээрэй гэдэг нэр хайрцаглах гэдэг оролдлого байхгүй байна.

Миний хувьд Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг эхлээд сонсоно. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргаагүй байхад Ерөнхий сайдад тэр энэ гэж нэр дурдах, болох гэж байгаа хүнийг долоож оноо авах гэдэг зарчимгүй юм байж болохгүй.

-Шинэ Ерөнхий сайдаас юу хүлээж байна вэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн асуудал байгаа. Хоёрдугаарт нам дотор гишүүд хагарсан нь үнэн, түүнийгээ цэгцлэх ёстой. Дарга нар хоорондоо тохирох бус ард түмний дэмжлэг хүлээх хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ёстой.

Эдийн засаг цаашдаа улам хүндрэх төлөвтэй байна. Босоо удирдлагатай бүх байгууллагуудын зардлыг татаад авсан. Төрийн алба үйл ажиллагааны зардалгүй болсноос бичгийн цаасаа тоолж байна. Гэтэл бүтээмжийн менежер гээд 400 хүн томилоод тансаглаж байна. Бүтээмжийн менежерийг халахаас шинэ Ерөнхий сайдын ажил эхлэх ёстой. Төрийн зардлыг хэмнэхээс эхлэх ёстой. Хэмнэнэ гээд төрийн жижиг албан хаагчдыг махлахгүй байх

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *