Боловсролын багшийн хомсдлыг бууруулах талаар УИХ-ын ажлын хэсэг санал дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилт, бүх шатны сургуулийн багшийн хомсдолын асуудлыг судалж, менежментийг сайжруулах зорилгоор анхны тайлангаа танилцууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн нөхцөл байдлыг цогцоор нь судалсан байна.
Судалгаагаар нийт сурагчдын 29.5 хувь буюу 214 мянган хүүхэд 40-өөс дээш сурагчтай ангид хичээллэж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг онцолжээ. Иймд нэг ангид суралцах хүүхдийн тоог 40-аас хэтрүүлэхгүй, нэг сургуульд 1800-аас олон сурагч элсүүлэхгүй байх шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв.
Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа ч 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд зөвхөн 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасныг бодит үр дүн гэж тайлбарлав. Харин 2025 оны улсын төсөвт боловсролын хөрөнгө оруулалт тусгагдаагүй нь энэ удаагийн тайлангийн ач холбогдлыг илтгэж байгаа юм.
Мөн сургуулийн барилга, лаборатори, инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Үүний зэрэгцээ багш нарын ажлын байрыг дэмжих, ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг дахин оролцуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.
Эдгээр санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөсөн тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn