Тагнуулын хэргээр ял сонссон З.Санждорж нар давж заалдана

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргээр ял сонссон З.Санждорж, Д.Бямбажав нар давж заалдах шатны шүүхэд хандахаар гомдол гаргажээ. Одоогоор гомдол танилцуулах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим нэг өмгөөлөгч нь шийтгэх тогтоолтойгоо танилцаагүй байгаа талаар албаныхан мэдээллээ.
Анхан шатны хаалттай шүүх хурал өнгөрсөн сард /2025.05.05.12/ болж дууссан. Тодруулбал, З.Санждоржийг нээлттэй хорих ангид есөн жил 6 сар хорих ял оноосон бол Д.Бямбажавыг есөн жил нээлттэй хорих ангид хорих ял оноож шийдвэрлэсэн юм.
Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс, 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.