ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцана

0
264937047_429981402126470_3959753272629367473_n-1

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ахлан ажиллаж байна. Уг ажлын хэсэгт Эрчим хүчний дэд сайд Д.Тавинбэх тэргүүтэй Сангийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн 12-13 хүн багтжээ. Ажлын хэсэг маргааш буюу 2025 оны зургадугаар сарын 10-ны өглөө 09.00 цагт ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцах гэнэ.

“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бөгөөд хэргийг шалгаж байна. Гал түймрийн тархалтыг 2025 оны зургадугаар сарын 2-ны шөнийн 01.54 цагт зогсоож, 03.21 цагт галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Онцгой байдлын байгууллагад зургадугаар сарын 2-ны оройн 00.27 цагт нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан юм. Одоогоор гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох нэгдсэн дүгнэлт гараагүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар мэдээлэл өгөхдөө “ДЦС-3 ТӨХК нь 1965 онд ашиглалтад орж байсан. Тэр цагаас хойш 60 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ станцын тавдугаар турбины ашиглалтын хугацаа дуусч, өнгөрсөн өвлөөс ашиглахаа больсон. Бас долдугаар турбины ашиглалтын хугацаа дууссан. Түүнээс гадна нам дарамлтын 12 МВт-ын дөрвөн турбины ашиглалтын хугацаа дууссан. Төвийн эрчим хүчний системд зургаан цахилгаан станц холбоотой байгаагаас 220МВт-тай тэнцэх хэмжээний турба генераторууд ашиглалтын хугацаа дууссан, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн сүүлийн хэдэн жил болсон. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн” гэдгийг хэлж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *