Одоо шантаажаа болиод төрийн ажил явуулъя, О.Цогтгэрэл дарга аа

Шинэ парламент бүрдэж, Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас хамтралд оролцсон АН-ын хэд хэдэн гишүүн эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсээр ирсэн.
Ил цагаан илэрхийлсэн нь Ч.Лодойсамбуу болон Ж.Баярмаа нарын гишүүд сүүлд С.Цэнгүүн гишүүн нэмэгдсэн. Харин далд эсэргүүцэгчид нь О.Цогтгэрэлийн нэгдсэн бүлэглэл байв.
Тэд саяхнаас ил гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кабинет тарах асуудал дээр байр сууриа илэрхийлж, Хамтарсан Засгаа унагахаар улайрсан. Үүн дээр нэмээд МАН-ын Бага хурлын шийдвэр АН-ынханд цохилт болж, гишүүдийн дийлэнх нь бүлэг дээрээ О.Цогтгэрэлтэй санал нэгдсэнээр Л.Оюун-Эрдэнийг унагаад буй.
Болж өнгөрсөн энэ үйл явдал АН-ынхан одоо парламентад сөрөг хүчнээ хийх нь гэх ойлголтыг ч мөн өгөөд байсан юм.
Гэвч хөшигний ард шинэ Ерөнхий сайдаар удирдуулсан шинэ Засгийн газарт дахиад АН-ыг оруулах, АН нь ч орох талаар тохирцгоож, 4-6 сайдын суудал авахаар зөвшилцөх хувилбар дэвшүүлж яваа сураг гарсан.
Үүнийг тэргүүлж яваа хүн нь нөгөөх Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэгч АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байж магадгүй байгаа. Энэ нь мягмар гарагт болсон улс төрийн үйл явдлууд дээр бараг л ил харагдсан.
Энэ өдөр Ерөнхий сайдад шинээр нэр дэвшигч Г.Занданшатарыг намын бүлгүүдэд танилцуулах цаашлаад ТББХ, чуулганыг өдөрт нь амжиж хуралдуулах тов гарсан. Хуваарийн дагуу хоёр бүлгийн хуралдаан зэрэг шахуу эхэлсэн ч АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ерөнхий сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй. Пүрэвт хэлэлцэнэ” гэх саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд өргөн бариад бүлгээ завсарлуулсан. Удалгүй О.Цогтгэрэл мөн ТББХ-ны хуралдаанд ороод АН хуралдаанаас цагийн завсарлага авч буйг хэлээд гарсан.
Гэтэл хуульд уг асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийддэггүй. Энэ үйл явц нь О.Цогтгэрэлийн хувь тоглолт болж таарсан.
Эдгээрээс АН-ын даргад горилогч О.Цогтгэрэл энэ удаа сайдын суудалд санаархаж, бүлгийн даргын байр сууриа ашиглан элдэв шантааж хийгээд байна уу гэх таамаг гарч буй.
Л.Оюун-Эрдэнийн асуудал эхэлснээс хойш төрийн ажил зогсонги байдалд бараг сар боллоо. Мөн АН энэ хэвээр улсын ажил гацаагчийн байр суурьтай байвал цаашид парламентын ажил явахгүй нь О.Цогтгэрэл дарга аа.