Яамдын тоог цөөлж, үндэсний хороодыг авч хаяж, 1980-аас илүү 1970 оныхныг ЗГ-т багтаана

0
SMNHYtcHH1wSFXTPYDH0-small

Өнөөдөр /2025.06.12/ Шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болно. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт, үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Үүгээр 34 дэхь Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэхийг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл Г.Занданшатарын нэртэй ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын цаг явж эхэлнэ. Тэгээд танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барина.

Яамдыг цөөлж, үндэсний хороодыг үгүй болгоно

Олон нийтийн хамгийн их хүсэж буй зүйл нь цомхотгол. Одоогийнхоор бол Ерөнхий сайдтайгаа нийлээд 23 сайдын суудалтай. Яамгүй сайд дөрөв бий. Үндэсний хороо гэсэн нэршилтэй ч сайд нар үүнд багтдаг. Тэгэхээр ямартай ч яамдаа цөөлж, Үндэсний хорооны дарга гэдэг нэршлийг байхгүй болгон гэх мэдээлэл байна. Ингэснээр зарим нэг чиг үүргийн давхардал арилна. Жишээ нь, Б.Чойжилсүрэнгийн удирдаж байгаа Эрчим хүчний яам байсаар байтал Т.Доржхандыг Эрчим хүчний реформын үндэсний хороон дарга нэршилтэйгээр ажиллуулсан билээ.

Ямартай ч Бүтээмж болоод Хяналтын менежер гэгч 4-7 саяын цалинтай суудлаа ч бас хасаарай гэдгийг сануулъя. АН, ХҮН намыг эрхлүүлсэн энэ ажилд 100 гаруй хүний орон тоо яригддаг. Үүгээр жилд 28 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх юм.

1980-аас илүү 1970 оныхноос Засгийн газар бүрдэнэ

Хэнийг сайдаар суулгаж, хэнийг явуулах хувь заяаны зургийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар нар зурна. Сайдын суудалд горилогчид ерөнхийлөө 1980, 1970 оноороо хуваагдчихсан гүйлдэж байна.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн хүмүүс орж ирнэ гэсэн үг. Жишээ нь, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар. Танхимынхаа эсрэг санал өгсөн сайд нар явахгүй. Зарим нь яам сольж, бууриа сэлгэх сонирхол өндөртэй. Харин олон Засгийн газарт олон жил сайдаар суусан хүмүүсийг олон нийт ч явуулах хүсэлтэй байгаа. Тэдгээрт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар нэрлэгдэж байна.

Гаднаас Э.Бат-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Д.Бум-Очир, Н.Номтойбаяр, Ж.Ганбаатар, Э.Батшугар гэсэн нэрс яригдаж байгаа юм.

АН-ынхны зарим нь Засгийн газарт орох гэж тохироо хийн гүйж, бусад намууд ч шургахыг хичээнэ

МАН-ын Бага хурлын үеэр Г.Занданшатар “Засгийн газрын бүтцийг багасгаж, МАН дангаараа засаглах” тухай үг хэлсэн гэгдэж байгаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар чичлүүлсэн Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намынхан гэдийж буй. Харин Ц.Туваан нарын хэдэн хүн хамтрах сонирхол өндөртэй. О.Цогтгэрэл ч нэг цагийн завсарлага авснаар “Засгийн газарт орох нь” гэдэг хардлагыг дагуулаад байна. АН-аас бусад жижиг намууд угаасаа 2-3 сайдын суудал авах хүлээлттэй. Энэ агуулгаар тохироо хийх оролдлогууд ч явагдаж буй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *