БЗД: Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ
Баянзүрх дүүрэг нь 112094 өрх айл, 440,289 хүн амтай. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэгт тулгамдаж буй олон асуудал бий. Үүний нэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж юм.
Өнөөдрийн байдлаар орны хэмжээ, эмнэлгүүдийн тоо нэн шаардлагатай ор бүхий тусламж үзүүлдэг байдал хангалтгүй, хүртээмжгүй байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд газрын асуудал шийдэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд иргэдэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай.
Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын өмнө Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Тухайлбал нэг дор төвлөрсөн ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, эмч, сувилагчдыг чадавхжуулах хүрээнд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангахыг хүссэн юм.
Амбулаторийн тусламж, үйлчилгээний хувьд бусад дүүргүүдтэй харьцуулаад хамгийн бага буюу нэг иргэнд дунджаар 0.82 удаагийн амбулаторийн тусламж, үйлчилгээ ногдож байгаа анхаарал татах хэмжээнд хүрээнд байгаа. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүл төв, Нэгдсэн эмнэлгээс дэвшүүлж буй саналыг хүлээн авч, хамтран ажиллах боломжтой гэдгийг уулзалтад оролцсон эмнэлгийн удирдлагууд хэллээ. Ялангуяа эмч, сувилагчдыг сургалтад хамруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах боломжтой гэсэн юм.
Эмнэлгийн удирдлагуудтай хийж буй уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар болсон юм. Дараагийн уулзалтыг АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг дээр хийж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.