Б.Батцэцэг: Тайвань, Хонгконг, Шинжаан бол “дотоод асуудал”

0

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн Хятад улсад хийсэн айлчлалыг “South China Morning Post” сонинд онцолсныг орчуулан хүргэж байна. 


Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган Монголын талыг хүлээж авч уулзахдаа, хоёр орныг “сайн хөрш, сайн анд, сайн хамтрагчид” гэдгийг онцлоод, эдийн засаг, төмөр зам, элсэн шуургатай тэмцэх дэд бүтцийг барих зэрэг өргөн хүрээтэй асуудалд харилцаагаа гүнзгийрүүлэхээр ярилцсан байна. Тэрбээр Даваа гаригт Б.Батцэцэгийг хүлээн авч уулзсан бөгөөд “Хятад улс хөгжлийн стратегиа нэгтгэж, “Бүс ба зам” санаачилгаа Монголтай хамтран сурталчлахад бэлэн” гэж хэлжээ.

Хятад улс худалдааны замаа төрөлжүүлж, далайд гарцгүй хойд хөршөөрөө дамжуулан Оростой харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаа энэ үед дээрх амлалтыг өгч байна. Бээжингийн бүс ба зам стратегийн гол хэсэг болох Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх 2016 оны хамтарсан төлөвлөгөөнд Улаанбаатар чухал үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн Цин Ган хэлэхдээ, “Хятад улс Монгол Улстай улс төрийн харилцан итгэлцлээ улам нэмэгдүүлж, “бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Тэрбээр мөн уул уурхайн салбарт хоёр талын хамтын ажиллагаа, “хамтын ирээдүйтэй Хятад, Монголын хамтын нийгэмлэг”-ийг байгуулахад чиглэсэн харилцан уялдаа холбоог онцлон тэмдэглэв.

Харин Б.Батцэцэг Тайвань, Хонгконг, Шинжааны асуудалд Бээжинг дэмжиж буйгаа илэрхийлж, тэдгээрийг “улсын дотоод асуудал” гэж Хятадын талын хэвлэлүүд мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Хятад улсын  гадаад бодлогын сүүлийн үеийн цуврал баримт бичгүүд, тэр дундаа өнгөрсөн онд баталсан “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-г сайшаажээ. 

Мөн “Монгол Улс БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны харилцааг бүс нутагтаа үлгэр жишээ болгоход бэлэн байна” гэж Б.Батцэцэгийн хэлснийг иш татав. Тэрбээр Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлалаа Мягмар гаригт өндөрлүүлсэн. 

Үүний зэрэгцээ хоёр тал элсэн шуургаас сэргийлэх, хянахад хамтын ажиллагаагаа хүчирхэгжүүлэхээр тохиролцжээ. Хятадын хойд, Монголын өмнөд хэсгийн говиос эхтэй элсэн шуурга нь хаврын улиралд бүс нутаг даяар  агаарын бохирдлын хэмжээг тогтмол нэмэгдүүлэх болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд элсэн шуургын давтамж, нягтаршил нэмэгдсээр байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятад улсад энэ он гарсаар 12 удаагийн элсэн шуурга болж, нарийн ширхэгтэй тоосонцор салхиар зөөвөрлөгдөн Япон, Өмнөд Солонгост ч хүрчээ.

Монголын Гадаад хэргийн сайдын хэлснээр, хамтарсан судалгааны баг Бээжин, Улаанбаатарт ажиллаж тав болон зургадугаар сард Монгол болон Хятадын зарим хэсгийн цөлжилтийг нэмэгдүүлж буй элсэн шуургыг хэрхэн зохицуулах талаар судлах гэнэ.

Үүнээс гадна хоёр улсын гадаад хэргийн сайд нар хамтын ажиллагааны төслүүдийн жагсаалтыг баталсны олох нь Монголын хуучирсан төмөр замын чиглэлүүдийг шинэчлэхтэй холбоотой аж. Дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад төрийн айлчлал хийх үеэрээ ярьж тохиролцжээ.

Орос, Хятадын дунд хавчуулагдсан Монгол Улс нь эрчим хүчний хэрэглээгээр хоёр хөршөөсөө маш их хараат бөгөөд Бээжин нь сүүлийн 20 шахам жил худалдааны хамтрагч, хамгийн том хөрөнгө оруулагч нь байсаар ирсэн. Хятад улс нь Монголын  экспортын бүтээгдэхүүний, тэр дундаа нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын 95 хүртэлх хувийг худалдан авдаг ба хоёр талын худалдааны эргэлт 2021 онд 9 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулбал 35 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Хятадын худалдааны яам мэдээлэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Хятад, Оросын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн 90 орчим хувь нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Тиймээс Монголын төмөр зам болон бусад дэд бүтэц, тухайлбал,  гурван орны зам бүс эдийн засгийн корридорыг сайжруулах нь  Украинд дайн хийснээс ОХУ барууны хоригт орсон энэ үед Хятад, Оросын худалдааг нэмэгдүүлэхэд тусална гэж тооцож байна.

Монголын талын мэдээллээр, Б.Батцэцэг Монголын зэс, коксжих нүүрсний экспортын талаас илүү хувийг дамжуулдаг Гашуунсухайт-Ганцмодны хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтад туслахыг Хятадын талаас уриалжээ.

Тэрбээр мөн Хятадтай 1955 онд байгуулсан төмөр замын боомтын тухай хоёр талын хэлэлцээрийг шинэчлэхийг уриалсан байна. Ши Жиньпин 2014 онд Монголд төрийн айлчлал хийснээс хойш уг гэрээг шинэчлэх тухай Бээжингийн талаас удаа дараа амлажээ. Тус гэрээг шинэчилснээр уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг тогтворжуулж, хоёр талын худалдааны эргэлтийг жилийн 20 тэрбум ам.долларт хүргэж чадна гэж үзэж байна.

Мөн Монголын талаас нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт Хятад улсаас авч болох дэмжлэгийг онцолжээ. Гэхдээ хоёр тал Хятад-Монгол-Оросын байгалийн хий дамжуулах шинэ хоолойн төсөл буюу “Сибирийн хүч 2”-ийн талаар дурдаагүй байна. Ши Жиньпин өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчлах үеэр уг төслийн судалгаа, зөвлөлдөх уулзалтыг дэмжихээр Хятад, Оросын тал тохиролцсон аж.

Украины дайны улмаас зогсонги байдалд орсон Европыг холбосон “Хойд урсгал 2”-ыг орлуулахаар Оросын эрх баригчид төдийгүй Улаанбаатар ч энэ мега төсөлд  их найдаж байгаа. “Гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогын хүрээнд АНУ, Япон, Европын холбооны гишүүн орнуудтай бүтээлч хамтын ажиллагааг эрэлхийлэхийн зэрэгцээ хоёр хөрштэйгөө эдийн засгийн харилцаагаа бодолцож, Монгол Улс нь ОХУ-аас Украинд дайрсныг нээлттэй буруушаахаас зайлсхийж, тэнцвэрийг хадгалахыг хичээж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард тус агентлагт өгсөн ярилцлагадаа,  хоёр орны харилцааг сайшаасан боловч Бээжингээс хэт хараат байдлаа бууруулахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Тэрбээр энэ онд Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *