“Хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхээр ажиллах ёстой МҮЭ холбоо улс төрийн гишгүүр хийдэг л газар боллоо”

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд холбооны их хуралд оролцох төлөөллийн тоог нэмэгдүүлэн шударгаар өрсөлдөх боломжийг хангуулах шаардлагыг тавьж “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮЭ холбоо нь 108 жилийн түүхтэй, 21 аймагт салбартай, 200 мянга гаруй гишүүнтэй аж. МҮЭ холбоо дөрвөн жилд нэг удаа их хурлаа зохион байгуулж хурлаар ерөнхийлөгчөө сонгодог юм байна. Гэтэл жирийн гишүүдэд хурал хэзээ, хаана болох, ямар асуудал хэлэлцэх зэрэг мэдээлэл нь хаалттай байдаг аж.
“Үндсэн үүрэг, хуулийнх нь дагуу ажиллуулан гишүүддээ ээлтэй үйлчилдэг байгууллага болгохын төлөө тэмцэл эхлүүлж байна”
МҮЭ-ийн гишүүн “Их хурлаар холбооны дүрэм болон холбоог дөрвөн жил төлөөлж ажиллах ерөнхийлөгчийг сонгодог. Үе үеийн МҮЭ-ийн ерөнхийлөгч үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг биш улс төрийн байгууллагыг төлөөлж УИХ-ын гишүүн болдог. Иймд улс төрийн гишгүүр болж байгаа энэ тогтолцоог өөрчилж үндсэн үүрэг, хуулийнх нь дагуу ажиллуулан гишүүддээ ээлтэй үйлчилдэг байгууллага болгохын төлөө тэмцлээ эхлүүлж байна” гэв.
“МҮЭ холбоонд боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын гишүүд жилд нэг хүн ₮450,000-500,000-ийн татвар төлж байна”
МҮЭ-ийн гишүүн “МҮЭ-ийн гол үүрэг бол хөдөлмөрчдийн цалин хөлс, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх юм.
Монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792,000 төгрөг болсон. Энэ бол Монголд амьдралаа бүрэн аваад явах хэмжээний босгыг давж чадахгүй мөнгө юм. Энэ доод хэмжээг МҮЭ-ийг төлөөлж байгаа ерөнхийлөгч болон түүний удирдлагын баг зөвшөөрч гарын үсэг зурдаг.
МҮЭ-ийн холбооны гишүүдээс сар бүр татвар шимтгэл авдаг. Зарим хүмүүс үүнийг төлдгөө ч мэдэхгүй явах нь бий. Үүнийг мэдээлэхийг ч хүсдэггүй. Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын гишүүд жилд нэг хүн 450,000-500,000 төгрөгийн татвар төлж байна. Гэтэл хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээс цуглуулсан татвараа МҮЭ холбоо юунд зарцуулж байна вэ? Чадварлаг ажлын алба, сайн хуульчтай байж Засгийн газарт шаардлага хүргүүлэн хөдөлмөрчдийн амьжиргааг дээшлүүлэх үүрэгтэй гол байгууллагын удирдлагууд улс төр рүү шургаж орохыг л гол зорилгоо болгодог боллоо. Төвлөрүүлсэн татварынх нь санхүүгийн тайлан ил тод биш байна.
Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийг бүх гишүүдийн саналаар сонгодог болох хэрэгтэй байна” гэв.