АРИГ БАНКНЫ “Signbank” төсөл ХАКАТОНЫГ ТЭРГҮҮЛЭВ

Монголын банкны салбарын инновац, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Бид банкир – 2025” хакатон тэмцээнд Ариг банк тэргүүн байр эзэллээ.
“Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, арилжааны банкнуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү хакатон нь 24 цагийн турш үргэлжилдэг бөгөөд багууд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн шинэ санал санаачилга гаргаж, салбарын хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулан өрсөлддөг онцлогтой.
2025 оны хакатонд Ариг, Голомт, Капитрон, Төрийн, Хаан, Хас банкны нийт 7 баг оролцсон бөгөөд Ариг банк “Signbank” төслөөрөө тэргүүн байр эзэлж, инновац, нийгмийн хариуцлагын шилдэг шийдлийг танилцууллаа.
“Signbank” – Дохионы хэлээр харилцдаг банкны анхны туслах
Монгол Улсад 11,000 гаруй сонсгол, ярианы бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа ч банкны салбарт дохионы хэлтэй ажилтан, эсвэл орчуулагчтай шууд холбогдох боломж хомс байдаг. Үүнийг шийдэхээр “Signbank” төсөл боловсруулагдсан бөгөөд:
Хэрэглэгчийн дохионы хэлний хөдөлгөөнийг AI технологиор таньж,
Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын харилцаагаар (дохионы хэлээр) хүргэх,
Санхүүгийн үйлчилгээг илүү тэгш хүртээмжтэй болгох зорилготой.
Энэхүү төсөл нь зөвхөн банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн оролцоог дэмжсэн технологийн шийдэл гэдгээрээ хакатоны шүүгчдээс онцгой үнэлгээ авч, Ариг банкийг салбарын манлайлагч болгож чадлаа.

Хакатоны дараа юу хүлээж байна вэ?
“Бид банкир” хакатоны гол онцлог нь шалгарсан төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх боломж олгодог явдал. Иймд ойрын ирээдүйд Ариг банк “Signbank” төсөлдөө туршилтын шат эхлүүлж, салбар болон дижитал сувгуудаар дамжуулан виртуал дохионы хэлний туслагчийг банкны салбарт анхлан хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллана гэсэн үг.
Ариг банк хүртээмжтэй санхүүгийн ирээдүйг эхлүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.