ЧУУЛГАН: Үндсэн гадаад хэл нь англи хэл байна. Харин хуульд хэддүгээр ангиас заах тухай тусгагдаагүй байна

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Маш чухал том хууль өнөөдөр хэлэлцэж байна. Боловсрол нэгдүгээр зэргийн чухал асуудал. Энэ хуулиар орлого багатай иргэдээ л орхиж болохгүй. Хамгийн чухал асуудал. Манайд Оросоос үлдсэн боловсролын тогтолцоо хамгийн сайн нь, үүнийг өөрчилж болохгүй. Ёс суртахуунтай хүнийг л бэлтгэх асуудал. Эрдэмтэн, судлаачид сурах бичгийг хийх ёстой. Эх оронч монгол хүн бэлтгэж байсан зүйлээ 2000 оноос хойш нурааж эхэлсэн.

Үндсэн хуульд ерөнхий боловсролыг төрөөс үнэгүй олгоно гэж заасан. Мөн төрөөс тавьсан боловсролыг үнэгүй олгох шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулж болно гэж тусгасан байгаа юм. Гэтэл төлбөртэй хувийн хэвшлийн сургуулийн тухай яригдаж байгаа нь Үндсэн хуулийнхаа эсрэг байна. Үр дүнд суурилсан тогтолцоо гэдэг нь чинь явж явж хувийн хэвшлийг дэмжинэ шүү. Эрүүл мэндийн салбарт бас яг энэ асуудал тулгарч байна. Жижиг өрхийн эмнэлгүүд одоо маш хүнд байдалд орчихсон. Том эмнэлгүүд нь өөрсдийгөө аваад явж байна. Үр дүнд суурилсан тогтолцоо, зах зээлийн нийгэмд боловсрол, эрүүл мэндийн салбарт хүндээр тусдаг. Багш нарын асуудал бол чухал. Гэхдээ социалист системийн багш нарын үнэлэмжийг одоо бий болгох нь хэцүү. 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Ц.Даваасүрэн сайдаа энэ бол манай Засгийн газраас өргөн барьсан хууль шүү дээ. Тийм учраас Засгийн газрын гишүүд нэг зарчимтай байх болов уу гэж бодож байна. Үр дүнд суурилсан тогтолцоо бол Л.Оюун-Эрдэнэийн Засгийн газрын гол реформ. Энэ зүйлээс бид нэг ч алхам ухарч болохгүй. Тэр тусмаа Засгийн газрын гишүүн хүн үр дүнд суурилсан тогтолцоо бол ухралт, хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг буруу ойлголт нийгэмд төрүүлж болохгүй. 

Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж байж хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах гээд байгаа юм. Нэг хүүхдийг 800,000-1,200,000 төгрөгийн хувьсах зардлаар санхүүжүүлж байна. Чанар, үр дүнг хэмжиж байгаа ямар ч зүйл байхгүй. Баян-Өлгийн аймгийн Цэнгэл суманд сурч байгаа хүүхдүүдийн сурах орчныг хотын хүүхдийн сурах орчинтой нийцүүлэхийн тулд хувьсах зардлын тогтолцоог хэрэгжүүлэх гээд байгаа юм. Олон улсын сургуулиуд дээр хувьсах зардал олгож байгаа асуудлыг больсон.

Хувийн сургуулиудыг хаана гэж хэлээгүй. Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд Монгол Улсын үндэсний хөтөлбөр, түүний стандартыг хэрэгжүүлдэг тогтолцоо байх ёстой.

Тантай би нэг зүйл дээр санал нэг байна. Орлого багатай иргэд буюу дундаж давхаргынхны хүүхдүүдэд тэгш боломж олгохын тулд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхийг оролдож байна.

Хувийн сургуульд сурч байгаа 40 мянган хүүхэд хамгийн өндөр хэлний боловсролтой, олон улсын шалгалтуудын босго давдаг, гадаадын их, дээд сургуулиудад суралцдаг. Ингэж жинхэнэ утгаараа баян, хоосны ялгаа гарч байна. Харин бид нарын хийх гэж буй үр дүнгийн тогтолцоог нэвтрүүлж чадвал хүүхэд хаана амьдарч байгаа, эцэг, эхийн орлогоос үл шалтгаалж, хүүхэд бүр тэгш суралцах боломжийг олгох юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Боловсролын хууль олон сар дуншлаа. Шалтгааныг нь харахаар нөгөө л хувийн хэвшлээ л үзэн ядсан, хувийн сургуулиудаа илүү харсан зүйл их яригдсан шүү. Сайд хувийн хэвшил, гишүүдийн саналыг нэлээн сайн хүлээж авч байсанд талархаж байна. Ковидын үед маш олон хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. Амьдралаас тасархай зүйл яриад байх юм. Солонгост гэхэд хүртээмж нь байгаа юм. Улсын сургууль нь хангалттай байгаа юм. Шинэ баригдаж байгаа хотхонууд чинь нэг ч сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа шүү дээ. Тэр ачааллыг хувийн сургууль, хэвшил л үүрээд явж байгаа. Амьдралаас тасархай зүйл ярихаа болио. Англи хэлний багш нарын хүртээмж хэр байгаа вэ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хуулийн төсөлд хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт огт байхгүй. Боловсрол нэг талдаа үнэтэй бүтээгдэхүүн. Нөгөө талдаа сонголттой байх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх, гэрээ хийх байдлаар ажиллана. Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд хувийн сургуулиуд хөтөлбөрийнхөө магадлан итгэмжлэлээ хийлгээд эцэг эх болон Боловсролын яаманд мэдээлэл өгөх ёстой. Мөн сургуулийн ТУЗ-д эцэг эхийн төлөөлөл заавал орох бөгөөд зардлын тайланг мэдээлнэ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Багшийн хөгжлийн дэмжих нь хуулийн гол ноён нуруу гэж ойлгож байна. Багшийн хөгжлийг дэмжсэн зүйл юу байна вэ, хуульд. Үндсэн гадаад хэл гэж ямар юм байна. Туслах гадаад хэл гэж ямар юм байна. Монголчууд заавал гадаад хэл сурах албагүй. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл чинь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ. Эх хэлийг зан заншил, өв соёл дагаж явдаг. Үүнийг нэг тайлбарлаад өгөөч. Ерөнхий боловсролын сургуулиар ашиг хийх нь зөв үү. Үндсэн хуульд бүх хүн үнэгүй сурч, боловсрох эрхтэй гээд заачихсан байдаг шүү.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Заавал орос хэл сураад болж байсандаа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явж байна. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байгаа юм Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй. Бүх төрлийн хэлийг үзэж болно. Үндсэн хэл нь англи хэл байна гэж оруулж ирсэн гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *