Н.Батсуурь: Аав минь муу хүн юм байна гэсэн мэдрэмж төрүүлэх вий гэж айдаг

Түрүүлсэн бөхийг автомашин болон орон сууцаар шагнадгийг шүүмжлэх хандлага их байдаг. Энэ тухай Дархан аварга Н.Батсуурь саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр ярихдаа “Янз бүрийн хараал их ирдэг. Зөвхөн над руу ирж байгаа дайралт, хараал зүхлийг бол би даана. Тоох ч үгүй. Гэтэл гэр бүлийг минь, эхнэрийг минь хараах нь их хэцүү. Манай эхнэрийг үхээсэй, ийм хүнтэй суусан зовж амьдраасай гэхчилэн янз бүрийн чат ирдэг гэсэн.
Нэг удаа уяачдын наадам түрүүлээд машинаар шагнуулаад, орой нь тэр машинаараа гэр бүлээ аваад буцаж явахад наад машинтайгаа онхолдож үхээрэй гэсэн байсан. Яах вэ би бол угаасаа дөжирчихсөн. тэртэй тэргүй юу өөрчлөгдөхгүй болохоор нэг их тоодоггүй. Гол нь одоо хүүхдүүд маань том болж байна. Янз бүрийн мессэжийг харж байгаа. Хүмүүсийн янз бүрийн хараал, муу муухай сэтгэгдлээс аав минь муу хүн юм байна гэсэн мэдрэмжийг авчих вий гэдгээс их айдаг” хэмээн ярилаа.