Тендерт орсон компаниуд хуурамч бичиг баримт бүрдүүлжээ

Газ дэлбэрэлтэд өртөж, орон байргүй болсон 207 дугаар байрыг нураах компани олдохгүй байгаа талаар оршин суугчдын төлөөлөл мэдээллээ. Энэ талаар оршин суугч Ч.Энхтуяагаас тодруулахад “Манай байрыг нураах тендерийг дөрвөн удаа зарласан ч ямар ч компани шалгарсангүй. Сүүлийн тендерт “Грийн эко тур”, “Максиз”, “Уран минж хийц” гэсэн гурван компани оролцсон ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гээд хасагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3 заалтаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гээд шалгаруулалтад тэнцээгүй гэсэн. Бид хэдий болтол татвар төлөгчдийн мөнгөөр байр түрээсэлж амьдрах вэ. Урин дулааны улирал ч дууслаа” гэдгийг хэлсэн юм.






Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг гурав дахь удаагаа зарласан ч ямар нэгэн компани шалгараагүй байна. Сүүлийн тендерт хоёр компани материалаа ирүүлсэн ч тэнцээгүй гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Энэ талаар өмнө нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулахад “Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Өмнө нь тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон” талаар мэдээлж байв.
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар дээр нэг жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлсэн.
ДҮНЖИНГАРАВ ДАХЬ ДЭЛБЭРЭЛТИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААСАН
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт гарсан газ дэлбэрэлтийн хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргажээ. Албаныхан сүүлийн хүн шүүхийн захирамж гардан авсан бөгөөд хуульд зааснаар тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлэх гэнэ. “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт газ дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэг сарын өмнө /2025.04.22/ болсон. Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.
Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан юм.
Тус хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн билээ. Мөн гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.