Л.Гантөмөр: Төрд шургалсан хувалзнуудаас эхлээд салах хэрэгтэй

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр /2025.06.24/ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-УИХ-аар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн үйлчлэлээр Үндэсний хороодыг татан буулгаж, нэгтгэх боллоо. Чиг үүргийг нь сайд нарт хариуцуулах нь дэмжиж байгаа юу?
-Монголын өнөөдрийн хамгийн том зовлон бол ажилгүйдэл. Ажлын байр бий болгох бүтцээ бодохгүй бол энэ үүргийг энэнд хариуцуулъя гээд явж боломгүй байна. Маргаашийн зовнил бол эдийн засгийн айхтар том цохилтууд харагдаж байна. Энийг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр зориулагдсан бүтэц байх ёстой. Энийгээ цар хүрээтэй харах шаардлага байсан. Харамсалтай нь, Үндэсний хороодоо татан буулгаснаар асуудлыг шийдэх зориулалтын бүтцээ төр хойш нь шидчихлээ гэж харж байна. Асуудал бол шийдэгдэхээргүй байна. Нөгөө талдаа дэд сайдын асуудал яригдаж байна.
Дэд сайд бол хоолны савнууд гэж би боддог. Тэдний хэрэг байхгүй.
Төрийн нарийн бичгийн дарга ажлаа хийх хэрэгтэй. Тэдний өмнүүр нь ороод дэд сайд гэдэг намын хүн томилдог, тэрийгээ дараагийн сонгуулиар УИХ –ын сонгуульд нэр дэвшүүлдэг загвар луу орсон. Тийм учраас дэд сайд байх бол төсөв шийддэг, асуудал шийддэг, тодорхой эрх мэдэлтэй байх ёстой. Жишээ нь, татвар бууруулахад зориулагдсан дэд сайд байж болно. Гэх мэтчлэн урагшаа харж явахгүй бол намынхаа хэдэн гишүүний найз нөхөд, сонуульд явсан менежерийг дэд сайд болгоод тэр нь цаашаа дараагийн улс төрөө хийгээд явдаг, ард түмний мөнгөөр улстөрчдийг бэлтгэдэг курсыг үргэлжлүүлж болохгүй. Тийм учраас манай Засгийн газар дэд сайд томилоогүй.
-Эдийн засаг хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай байсныг цөөлнө гэж байна?
-Эдийн засаг хөгжлийн яам өөрөө их том бүтэцтэй. Дарга нараа цөөлж болно, хэлтэс, газруудаа алга болгох юм байна гэж ойлгосон. Газрыг алга болгосноор ажлынх нь үнэлгээ сайжирч бавйал тэр хүний л асуудал.
Би бол дарга төрүүлэх гэж бүтэц хийгээгүй.
Дарга гэдэг чинь хэн юм бэ, агентлаг дээр байгаа дарга нарыг хэлж байгаа юм, одоо төрүүлэх гээд байгаа дэд сайд нарыг хэлдэг. Ажил хийдэггүй хүмүүсийг яриад байна.
Ажил хийдэг хүмүүс бол тухайн яам юу зорьж байгаа юм, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дотор ямар ажил хийх гэж байна, хэнд тэр ажлыг хариуцуулах вэ гэдэг ийм л бүтцийн асуудал.
-Төрийн албанаас 14400 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж байна. Боломжтой юу?
-Боломжтой. Төрийн албыг цомхон болгохын төлөө тууштай алхах хэрэгтэй, айж ичээд байх шаардлагагүй. Цомхотгол өөрөө төрийн ажил үйлчилгээг чанаржуулна. Төрийн албанд ажилладаг нэртэй өнөөдөр компьютер тоглоод өдөржингөө суудаг маш их хүн байна. МАН-ын нэрээр төрд шургалсан хувалзууд маш их болсон.
Нэг жишээ бол Тавантолгойн төмөр зам төрийн өмчит компани. Ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдгийг тус компанид томилогдсон хяналтын менежер очоод илрүүлсэн.
Энэ компани өнөөдөр хэдэн хүнтэй ажиллаж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас эхлээд хувалзнуудаасаа салах хэрэгтэй.
Төрийн албанд Ардын намныхан шигддэг биш ардын хөвгүүд, охид төрийн албанд зүтгэх хаалга онгорхой байх ёстой. Тэр онгойлгох бодлогоо л гарга.