Чойжин ламын музейг нураахгүй бөгөөд байгууламж барина гэдэг нь батлагдаагүй
Цахим орчинд Чойжин ламын сүм музейг болон ногоон орчныг нь нураах гэж буй талаарх мэдээлэл түгэв. Байгалийн түүхийн хийгээд Хэлмэгдэгсдийн музейг алдсан иргэдийн хувьд Чойжин ламын сүм музейг нураана гэх агуулга бүхий мэдээлэл хүнд тусах нь гарцаагүй.
Өндөр шилэн барилгуудын дунд орших хоёр давхар улаах хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсныг хожим музей болгосон тохиолдол бий. Байгалийн түүхийн музейн суурин дээр Чингис хаан музейг сүндэрлүүлсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө дээрх барилгуудыг нураах шийдвэр гарч байсан нь олон нийтийг талцуулсан нийгмийн сэдэв байв. Тэгвэл энэ удаад Чойжин ламын сүм музейг нураах агуулга бүхий сэдэв нийгмийг талцуулсан сэдэв байлаа.
-Музейг нураана гэх сэдэв хаанаас үүссэн бэ-
Олон нийтийн дунд нэгэн төслийн зураг тархсан нь нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн 14-р хурлаас үүсэлтэй. Хурлын үеэр сүм музейтэй холбоотой уг төслийн талаар танилцуулсанх нь дээрх мэдээлэл олны дунд тархах гол шалтгаан болов.
Тэгвэл эл зургийн талаар эх сурвалжаас тодруулахад музейн сан хөмрөгийн газар доорх байгууламжийн зураг төсөл хэдий ч ердөө л хар зураг төдий гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “Энэхүү байгууламжийг газар доор барих боломжтой гэж урьдчилсан байдлаар төсөлд тусгасан. Ингэхдээ музейг нурааж, эсвэл зүлгийг сүйтгэх төлөвлөгөөгүй. Хуримын ордон талд байрлах музейд харьяатай жижиг эзэмшлийн талбайд барина гэж тооцоолж, байгууламжийн их биеийг газрын гадаргаас доош барих зураглалтайгаар төслийг гаргасан” гэх мэдээлэл өгөв.
Эл мэдээллийг Соёлын сайд Ч.Номин ч баталсан. Тэрбээр Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
-Б.Ширнэн: Музей зөвхөн үзвэр үзэх зориулалттай газар биш тул барилга шаардлагатай нь үнэн. Төслийн зураг солигдох боломжтой-
Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэн дээрх агуулгатай холбоотойгоор тайлбар өгөв. Тэрбээр төслийн зураг солигдох боломжтой гэх тайлбарыг өгсөн юм.
-Эцсийн байдлаар уг төслийг батлаагүй гэж ойлголоо?
-Тийм ээ. Одоогоор ямар загвартай байж болох талаарх хувилбаруудыг яриилцаж байгаа. Хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл тийм. Анх сүм байсан газрыг музей болгосон. Сан хөмрөгийг хадгалах газар шаардлагатай. Музейн сан хөмрөгийг энгийн өрөөний температурт хадгалах болможгүй тул зориулалтын байгууламж болон судалж, шинэчлэх лаборатори хэрэгтэй юм.
Мөн тасалбар борлуулах цэг байхгүй. Харуулын хэсэгтээ тасалбараа түгээдэг. Ажилчид нь ажиллах газаргүй. Орж үзсэн бол хоёр шавар гэр бий. Дулаанд холбогдоогүй хуучны хоёр гэрт жилийн дөрвөн улирлын турш ажилчид ажилладаг. Эдгээр үүргүүдийг хэрэгжүүлэхийн тулд зай талбай хэрэгтэй. Хуучны үнэт өв гэх утгаараа хэн ч гар хүрэхгүй. Тиймээс эзэмшил бүхий газарт нь хэрхэн дээрх бүгдийг барьж болох вэ гэх санааг уралдуулж, төслүүд орж ирсэн.Үүнээс хамгийн боломжит хувилбарыг нь танилцуулсан төдий.
-Тэгэхээр өөр хэд хэдэн сонголт бас байгаа гэсэн үг үү?
-Олон хувилбаруудаас энэ зураг төслийг сонгож, яам руу явуулсан юм билээ. Гэхдээ энэ зураг төслийг сонгосон ч эцсийн хувилбар хэмээн ойлгож болохгүй. Өөрчлөгдөх магадлалтай гэсэн үг.
-Зураг төсөл нь гарсан бол дунджаар зардлыг нь тооцоолсон байх?
-Яамны зүгээс судлах шатандаа явж байгаа. Байгууламжийг барина гэх ямар ч шийдвэр гаргаагүй. Хуулиараа бол улсын төсвөөс төсөв суулгаж өгөх ёстой. Улмаар ТЭЗҮ-ийг хийж, тусгай төсөв баталж, түүнийгээ тус жилийн төсөвт тусгасан байх ёстой. 2023 оны төсөвт шинэ байгууламж барих, тэр дундаа уг асуудалтай холбоотой нэг ч төгрөг төсөвлөөгүй. Албан ёсоор Соёлын яамны хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд огтоос тусгаагүй юм.
Мөн дөнгөж ноорог байдлаар уг төслийг хэлэлцэж байгаа тул зардал, төсөвт өртөг гэх мэт нь тодорхойгүй. Түүнчлэн бусад яамдуудтай хамтарч ажиллах ёстой бөгөөд бие даан шийдвэр гаргах эрх Соёлын яамд байхгүй. Харин музейгнөхөн сэргээх, засварлах төсвийг хуваарилсан.
-Зураг төслийн талаар-
Уг зураг төсөлд 54х12 хэмжээтэй шинэ цогцолбор барих тооцооллыг хийжээ. Ингэхдээ өндрийг нь зургаан метр байна төлөвлөсөн аж. Мөн хоёр га талбайг хамрах ажээ. Зураг төслийн захиалгыг Чойжин ламын сүм музей болон Соёлын яам захиалжээ.
-Соёлын өвд хохирол учруулах барилга байгууламж барьж болохгүй-
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар,
- 38.1.1 Түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга, байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах
- 38.1.2 Палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийхгүйгээр хот суурин, барилга байгууламж браих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж аухйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох
- 38.1.3 Хуульд ззааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн шийдвэргүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөхийг тус тус хориглоногэжээ.
-Музейн одоогийн нөхцөл байдал-
Ажилчдын аюулгүй ажиллах орчинг хангаагүй, музейн сан хөмрөгийг хадгалах газаргүй, судалгаа, шинжилгээ хийх боломжгүй уг газарт одоогоор сэргээн засварлах ажлыг хийж байгаа.
Дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсон уг байгууламжийг олон улсын санхүүжилтээр болон улсын төсвөөр сэргээн засварлаж буй. Тодруулбал, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр тус музейн Ядам сүмийг сэргээн засварлаж байгаа билээ. Мөн 1.7 тэрбум төгрөгийг Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтад ашшиглахаар улсын төсөвт тусгасан байдаг. Сэргээн засварлах ажил ч хэдийн эхэлсэн юм.
Сүмийн барилгын одоогийн цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд байгуулсан гэдэг. 1941 оны арваннэгдүгээр сарын БНМАУ-ын Бага хурлын шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авчээ. Нэг жилийн дараагаас эхлэн гадаад дотоодын иргэдэд үзүүлэх шашны музей болгон өөрчилсөн байна. 2000 оны нэгдүгээр сараас шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон ажиллаж буй. Чойжин ламын сүм музейг 1904 оноос эхлэлтэй хэмээн үзвэл өдгөө 119 дэх жилтэйгээ золгож байгаа юм.