“Өдөрт 5 онгоц дүүрэн БНСУ-ын жуулчин Монголд ирж байна”

0
9bb1a645-a823-412c-85b3-9cc90dd58b76-810x500

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Хотын гудамжаар алхахад цөөнгүй гадаад жуулчинтай таарч байна. Иргэдийн зүгээс “Энэ жил Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна” гэдгийг хэлж байна. Салбар дахь мэргэжлийн холбоон дээр ямар тоон статистик байна вэ?

-Энэ оны зургадугаар сарын 26-ны байдлаар Монгол Улсад 329, 042 гадаад жуулчин ирсэн байна. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 24 хувийн өсөлтийг харуулж байна. Анх удаа өнгөрсөн зургадугаар сард 87 мянган жуулчин хүлээн авлаа. Өдөрт дунджаар 2700-3500 орчим гадаад жуулчин Монгол Улсын хилээр орж ирж байна. Бид энэ тоон статистикийг Хил хамгаалах ерөнхий газраас өдөр бүр авдаг. Хил хамгаалах ерөнхий газар нь гадаад жуулчдын зорилгыг ангилж, Монгол Улсад байнгын оршин суух, албан хэргээр ирэх, суралцах гэсэн гурван төрлийн визний мэдүүлгээс бусдыг нь аялал жуулчлалын зорилгоор ирж байна гэж авч үздэг. Учир нь Монголд бизнес уулзалтад оролцсон ч гэсэн зочид буудалд байрлаж, үйлчилгээ авдаг. Тиймээс энэ тоо гадаад жуулчдын тоон дээр баттай ордог. Мөн хилийн боомтуудын мэдээллийг маш дэлгэрэнгүй авдаг. Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.

Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.

Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм.

-Эдгээр орнуудаас гадна өмнө нь Монгол Улсад огт ирж байгаагүй дэлхийн бусад орны гадаад жуулчин хэр бүртгэгддэг вэ?

-Дэлхийн бусад орноос нэг жуулчин ирэх тохиолдол ч бий. Монгол Улс эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхий дахинаа танигдаж байгаагийн илрэл. Зарим жуулчид олон улсын байгууллагын шугамаар анх удаа Монголыг зорин ирэх магадлалтай. Монгол Улс тухайн улс оронд гадаад харилцааны хамтын үйл ажиллагааны янз бүрийн хурал зөвлөгөөн зохион байгуулах, төрийн өндөр дээд айлчлал, уулзалтыг зохион байгуулж байгаатай холбоотойгоор Арабын улс, Африкын орнуудаас жуулчин ирдэг.

-Монгол Улс 2024 онд анх удаа 808 мянган жуулчин хүлээн авсан. Харин энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилгыг тавиад буй. Энэ зорилтод хүрэх боломжтой гэж харж байна уу?

-Бид өнгөрсөн жил нэг сая гадаад жуулчин хүлээн авах үйл ажиллагаанаас нэг хэсэг хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй. Тэр нь хил орчмын аялал жуулчлал юм. Учир нь өнгөрсөн жил Монголд УИХ-ын ээлжит сонгууль болж, энэ чиглэлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахад улстөржүүлж эхэлсэн. Нэр бүхий УИХ-ын гишүүн “Монгол Улсад олон тооны хятад иргэдийг оруулж ирэх гэж байна” гэдэг шуумыг тараасан. Бид хоёр улсын хил хооронд зорчих үнэмлэх гэж байдаг. Монголчууд ч гэсэн цагаан хуудсаар Алтанбулаг хилийн боомтоор гардаг шүү дээ. Заавал гадаад паспорт шаардахгүй гэсэн үг.

Хятадын хил орчимд байгаа иргэдийг Монголд 1-7 өдөр худалдан авалт хийж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор үйл ажиллагаа зохион байгуулахаар ярьсан юм.

БНХАУ-ын Хянган аймаг дээр гэхэд, хил орчмын аялал жуулчлалд оролцвол 500 юанийн ваучер олгодог. Бид энэ мөнгөнд нь таарсан аяллын хөтөлбөрийг боловсруулж, хилийн бүс нутгуудад наадам, эвент зохион байгуулахаар төлөвлөж байсан. Энэ талаар хоёр улсын Засгийн газар нэг жил гаруй хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин, уур амьсгалын яам гээд тал талын оролцогчид ярилцаж тохирсон. Гэтэл говийн бүсэд нэр дэвшсэн улстөрчдөөс болоод энэ төлөвлөгөө зогссон. Хэрвээ энэ зогсоогүй байсан бол өнгөрсөн жил нэг сая жуулчин хүлээж авах байсан. Хил орчмын 6-7 боомтоор гадаад жуулчин хүлээн авах бүрэн боломжтой. Салбарын шинэ сайдтай энэ асуудлаар хандаж “Эхний ээлжид хил орчмын аялал жуулчлалыг долоо, найм, ес, 10 дугаар сард явуулмаар байна” гэдэг хүсэлтийг тавьсан.

-Аялал жуулчлалын салбар сэргэж байгаа гэдгийг тоон статистикаар онцоллоо. Гэтэл хэд тоонд анхаарч, чанар болон үйлчилгээгээ орхигдуулаад байна уу?

-Аялал жуулчлалын үйлчилгээний чанарын асуудал хурцаар яригдаж байгаа. “Монголд зочлох” жилийн хүрээнд эхний хоёр жил олон улсад зар сурталчилгаагаа илүүтэй анхаарч, хийлээ. Дэлхийд Монгол гэдэг улс байдаг юм байна. Тийшээ аялах сэдлийг төрүүлэхэд нэлээд хүч хаясан нь үнэн. Ингээд ирсэн чинь гадаад жуулчдын тоо эрс нэмэгдэж, цар тахлын дараа аж ахуйн нэгжүүд эдийн засгийн сэргэлтээ бүрэн авч чадаагүй байсан. Техник тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, орчноо сайжруулах, алдсан хүний нөөцөө сургахад маш их цагийг зарцуулж байна.

Үүнээс гадна улирлын чанартай салбар гэдгээрээ тууштай ажиллах ажлын байр, тогтмол хүний нөөцтэй болж чадахгүй байна. Шинэ ажилчидтай болсноорэнэ салбарын үйлчилгээ болон чанарын асуудал доголдож эхэлсэн.

Олон улсын туршлагыг харахад, улсаас маш их хөрөнгө оруулалтыг энэ салбартаа зарцуулж, аж ахуйн нэгжүүдээ олон жил татвараас чөлөөлж байж том бүтээн байгуулалт бий болдог. Гэтэл Монгол Улс масс туризмд зориулсан аялал жуулчлалын салбартай орон биш. Хүн ам нь гуравхан сая. Ийм улсад масс туризмд ажиллах хүний нөөц ч байхгүй. Хоёрт, жуулчны зорин очих газар нэг нэгнээсээ алслагдмал зайтай байрладаг. Тэгэхээр бид одоо байгаа жуулчны баазуудынхаа чанар, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байж, хүмүүсийн сэтгэл ханамжийг өндөр болгоно. Хүний нөөц дээрээ айлтгүй болох хэрэгтэй. Ингэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах квот дээр аялал жуулчлалын салбар хүчтэй орж ирж байгаа. Жишээлбэл, “Улаанбаатар” зочид буудал гадаадын үйлчилгээний ажилтнуудыг авч ажиллуулдаг. Гэнэтийн их хэмжээний урсгал дотор салбарын бэлтгэгдээгүй хүний нөөц барьц алдана. Аялал жуулчлалын оргил үе болох долдугаар сард гэхэд дотоодын аялагчдадаа үйлчилж буй салбарын нөхцөл байдал яаж доройтдог билээ. Энэ бүхэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогогүй байгааг харуулж байна. Цаашдаа дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй.

-Гадаад жуулчдын ихэнх нь улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг үзэх сонирхолтой байдаг. Гэтэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас шалтгаалан нэг компанид 10-20 тасалбар олгож байна гэдгийг салбарынхан хэлдэг. Энэ жил хэчнээн жуулчин наадам үзэх бол?

-Монгол орныг өнгөрсөн 30 жил сурталчлахдаа хамгийн сайхан улиралд буюу зуны дэлгэр цагт зочлон ирэхийг урьдаг. Энэ цаг үеийн хамгийн том бөгөөд үзүүштэй том арга хэмжээ нь улсын баяр наадам байсан. Соёлын яам “Нүүдэлчин” фестивалийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ фестиваль нь наадмыг зорин ирэх гадаад жуулчдын тоог хувааж, ачааллыг сааруулах зорилготой. Нийслэлийн аялал жуулчлалын газраас энэ жил анх удаа нийслэлийн иргэдийн баярыг “Даншиг хүрээ цам” наадамтай нэгтгэн зургадугаар сард зохион байгууллаа.

Гурван том эвентийг улсын наадмын хэмжээнд зохион байгуулж чадвал сонирхон ирэх гадаад жуулчдын тоо эрс нэмэгдэнэ.

Энэ туршилтыг бид өмнө нь “Бүргэдийн баяр” дээр туршиж үзсэн. Ганцхан Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг баярыг аяллын компаниуд долоо долоо хоногийн зайтайгаар ойролцоох сумдуудад зохион байгуулж эхэлсэн. Тэгэхэд, тухайн баярыг зорин ирэх жуулчид бүтэн сарын хугацаанд зорин ирж, нислэг нь хүртээмжтэй болж, аймгийн эдийн засагт эерэг нөлөөллийг авч ирж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *