УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЦАХИМ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙГ НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БОЛОВСРУУЛНА

download (20)

Сонгуулийн ерөнхий хороо “Улс төрийн намын санхүүжилтийн бүртгэл, хяналт, тайлагнал, ил тод байдлыг хангах цахим систем хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт боловсруулах” төсөл боловсруулсан нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслийн сонгон шалгаруулалтад шалгарлаа. Ингэснээр улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, иргэд, иргэний нийгмийн байгууллага хяналт тавих, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой цахим систем хөгжүүлэх ажлын даалгаврыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр боловсруулахаар боллоо.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хяналт тавих болон нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийтийн хяналтад оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд Нээлттэй засгийн түншлэлийн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах” сорилтод Ази тивээс анх удаа нэгдсэн. Сорилтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах, хянах цахим цахим систем хөгжүүлэхээр болсон.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих “Улс төрийн намын санхүүжилтийн бүртгэл, хяналт, тайлагнал, ил тод байдлыг хангах цахим систем хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт боловсруулах” төслийн хүрээнд аудитор, хуульч, мэдээллийн технологийн инженер, дата аналист зэрэг зөвлөхүүд системийн ажлын төлөвлөлт, даалгаврыг боловсруулахдаа улс төрийн нам, төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангана.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх Интегра” санаачилга болон “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслүүдийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт төслөө ирүүлсэн 90 багаас шалгарсан 24 төслийг өнгөрсөн пүрэв гариг (2025.07.03)-т олон нийтэд танилцуулсан юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар шалгарсан төслүүд оролцоо, шударга байдал, жендерийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сэдэвчилсэн сургалт, семинаруудад хамрагдлаа.

About Author