Чуулган: Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг олонх дэмжиж, баталлаа

chuulgan-810x500

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2025.07.09/ 08.00 цагт хуралдаж эхэллээ.


18 : 00

2025-7-9

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд санал хураалтад бэлтгэж байна. Зүйл тус бүрээр санал хураалт явуулж байна. 

17 : 48

2025-7-9

“АН-ын бүлэг дахин завсарлага авахгүй”

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай УИХ-ын тогтоолын төсөл дээр завсарлага авсан. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Бид завсарлага авч, тодорхой мэдээлэл авлаа. Х.Нямбаатар даргаас асуулт асуулаа. Энэ яаралтай горимоор орж ирж байгаа нь  онц шаардлагатай үед орж ирдэг. Нийслэлийн хурдны тойрог замын асуудал цаг үеийн хувьд гэнэт үүссэн үү гэдэг дээр дургүйцэж, асуудлууд яригдаж байсан. Аливаа төсөл дээр шалгуур тавьж, зөв ажил бол эдийн засгийн үр өгөөжтэй юу гэдэг асуултад хариулах ёстой. Мөн энэ ажлыг хийх цаг нь мөн үү гэдэгт хариулах ёстой. Энэ ажил шаардлагатай гэдгийг үгүйсгэхгүй байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Жишээлбэл, жилд 320 тэрбум төгрөгийн төлбөр зам байна. Иргэд өдөрт тэрбум төгрөгийн төлбөр төлнө. Үнэхээр ийм өгөөжтэй төсөл юм бол өр зээл тавьж хийх шаардлагатай юу. Ашигтай бизнесүүд нь хийчихээр харагдаж байгаа. Мөн цаг хугацааны хувьд өнөөдөр хэрэгжүүлэх ёстой юу. Өнөөдөр төсвийн тодотгол ярьж байхад ийм төсөл оруулж ирэх нь зөв үү. Хэмнэлт ярьж байна шүү дээ. Ажлын байр бий болж, ДНБ хэчнээн хувь нь үлдэх вэ. Монгол биш Хятадын компани орж ирнэ. Энэ мэт олон асуудал байгаа ч АН-ын зүгээс нэгдсэн байр суурь гаргасангүй. Хэт яаралтай горимоор орж ирсэн учраас завсарлагаа дахин үргэлжлүүлэхгүй. 

14 : 52

2025-7-9

“Алт-3” аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа

Нийт 22 хуулийн төслийг эцэслэн баталж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 73 УИХ-ын гишүүн дэмжлээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 29 гишүүн дэмжиж, дэмжигдсэнгүй. Хуулийн төслийг буцаалаа. 

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 64 УИХ-ын гишүүн дэмжиж, дэмжигдсэнгүй. 

Алт-3 аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 53 гишүүн дэмжлээ.

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл эцэслэх батлах санал хураалт явуулж, 68 гишүүн дэмжлээ. 

Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 УИХ-ын гишүүн дэмжлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 72 гишүүн дэмжлээ. 

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 67 гишүүн дэмжлээ. 

Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 73 гишүүн дэмжлээ. 

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалтаар 70 гишүүн дэмжлээ. 

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ

Түгжрэлийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 61 УИХ-ын гишүүн дэмжлээ.

Чуулганы хуралдаан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн саналаар 30 минут завсарлалаа. 

13 : 57

2025-7-9

Г.Тэмүүлэн, Б.Найдлаа нар байнгын хороо даргална

Үдээс хойшх чуулганы хуралдаан үргэлжилж, зарим байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжсэн байна. 

Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Н.Наранбаатар, С.Замира, А.Ундраа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан,  Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцуулав. Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 2024 оны Япон Улсын Кобегийн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан тухай тэрбээр дурдаад, 1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-д багш, 2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байгаад 2016-2024 онд ХҮН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байгааг танилцуулав.

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг Боловсрол, шинжлэх ухаан дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Зулпхар, С.Мөнхтуяа, Д.Рэгдэл, Г.Хосбаяр, Б.Хэрлэн нарыг нэр дэвшүүлсэн бол Соёл, спорт, залуучуудын дэд хороонд Ш.Бямбасүрэн, Д.Ганмаа, М.Ганхөлөг, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарыг оролцуулахыг дэмжсэн талаар танилцуулав. 

Харин Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв.

Төрийн байгуулалтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр “Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Ц.Идэрбат нарын бүрэлдэхүүнтэй байх бол Ёс зүйн дэд хороонд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Номин, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ө.Шижир, Д.Энхтуяа нарыг нэр дэвшүүлснийг танилцуулав. 

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Номин танилцуулав. Тэрбээр, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмэхээр санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцууллаа. 

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. Тэрбээр, Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Б.Энхбаяр, О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Ж.Баярмаа нарыг оруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Тэрбээр Аялал жуулчлал хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, Э.Одбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг нарыг

Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нарыг

Инноваци цахим бодлогын дэд хороонд УИХ-ын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Б.Тулга нарыг нэр дэвшүүлж, дэмжсэн талаар танилцууллаа. 

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, А.Ундраа, С.Цэнгүүн, Б.Уянга нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн талаар танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалтыг нэгтгэн явуулахаар болов. 

09 : 43

2025-7-9

Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгов

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Анар, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Э.Болормаа, Д.Ганбат, Л.Гантөмөр, А.Жангыбыл, Б.Жаргалан, С.Лүндэг, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар, П.Наранбаяр, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Г.Очирбат, Б.Тулга, Х.Тэмүүжин, Г.Тэмүүлэн, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, А.Эрдэнэбүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй байна. 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Ж.Батжаргал, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Ганбаатар, М.Ганхөлөг, Г.Дамдинням, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Мандхай, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Т.Мөнхсайхан, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Ц.Туваан, А.Ундраа, Ж.Чинбүрэн гэсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа.

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үүнийг дараа явуулав. Тогтоолы төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу шинэ тойрог зам буюу “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээлийн 85.0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлснийг тэрбээр дурдаж, хүсэлтийг Сангийн яам судлан тогтоолын төсөл боловсруулсныг танилцууллаа. Баталгаа гаргуулагч болон төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “дундаж” хэмээн үнэлсэн байна. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20.0 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өснө гэж тооцож буйг Сангийн сайд онцлов.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосноор замын хөдөлгөөний түгжрэл, алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж Засгийн газар үзсэн байгааг тэрбээр танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Дав.Цогтбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эдийн засаг, нийгмий нөлөөлөл, ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын оролцоог хангах, дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртгийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлэх 15.0 хувийн санхүүжилтийн боломж ямар байгааг болон шаардлага хангасан аймгууд бонд гаргахыг Засгийн газар хэрхэн дэмжиж байгаа зэргийг асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбох юм.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан түр завсарлаж байна.

09 : 38

2025-7-9

Сөрөг хүчин түр хороог байгуулж, төрийн өмчийн компаниудад шалгалт хийнэ

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Чуулганы хуралдаан 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Хуулийн төслийн 20.30 заалтад чуулганы нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх, танилцуулах тухай асуудал байна. Зөвхөн нэгдсэн хуралдаанд гэсэн байна. Байнгын хорооны хуралдааныг оруулах боломж байгаагүй юм уу?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийн дагуу түр хороо байгуулах, даргалах эрхийг сөрөг хүчиндээ өгч болохоор хуулийн зохицуулалт оруулж ирсэн. Өмнө нь долоон удаа түр хороо байгуулагдсан ч ямар үр дүнгүй эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцдоггүй байсан. Нэг, хоёр нь гайгүй байсан байх. Ихэнх нь өөрсдийнх нь булхайг дарах зориулалттай байсан. Сөрөг хүчин түр хороог байгуулснаар төрийн өмчийн компаниуд дээр шалгалт хийнэ. Хэн нэгэн дарга сайд нарын хүн нь өөрийн хувийн компаниас адгийн байдалд хүргэж, идэж уудаг болсон. Тусгай зөвшөөрөлтэй, давуу эрхтэй ажилладаг ч тавхан хувийн ашигтай, ихэнх нь буюу 70 гаруй компани нь ашиггүй ажиллаж байна. Бүх бичиг баримтыг нь шалгана. Дарга нар эртхэн савраа салгаарай. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Монгол Улсын ес дэх парламент үйл ажиллагаагаа эхлээд нэг жил өнгөрлөө. Миний бие Ёс зүй, дэгийн байнгын хороог удирдаад нэг жил удирдаж, өнөөдөр УИХ-ын тухай хууль батлагдсанаар байнгын хорооны даргын ажлаа шилжүүлж байна. УИХ-ын индер дээрээс байнгын хороотой хамтран ажилласан гишүүддээ талархал илэрхийлье. Манай байнгын хороо төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд нэлээд төвлөрч ажилласан. Долоон бүсэд чуулга уулзалт хийсэн. Х.Баасанжаргал гишүүнээр ахлуулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд үнэлгээ хийж, нэмэлт боловсруулалт хийж УИХ-д оруулах ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Ёс зүйн дэд хороо болж, чиг үүргээрээ өөрчлөгдөн ажиллана. Энэ хуулийн төслүүдийг сайжруулж, 220 мянган төрийн албан хаагчдаараа дамжуулан нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэхэд гол үүргийг гүйцэтгэнэ. 

Зарчмын зөрүүтэй долоон саналын томъёоллоор санал хурааж дууслаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 76 УИХ-ын гишүүн буюу 85.4 хувиар дэмжлээ.

Хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.5 хувиар дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 86.5 хувиар дэмжин баталлаа. 

Төрийн албаны тухай хуулийн төслийг эцэслэх батлах санал хураалт явуулж, 82 хувиар дэмжлээ. 

Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахыг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.1 хувиар дэмжлээ. 

Авлигын эсрэг хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 84.3 хувиар дэмжлээ. 

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.1 хувиар дэмжлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцэслэн батлах санал хураалт явуулж, 80 хувиар дэмжлээ. 

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 83.3 хувиар дэмжлээ. 

09 : 34

2025-7-9

Чуулганы хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын намрын чуулган өндөрлөнө.

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
  • Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт хариулт 60 минут/
  • Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хаалт

About Author