У.Хүрэлсүхийн legacy: Монголын их амар амгалан!

Монгол Улс газар зүйн байршлын хувьд хоёрхон хөршөөр хүрээлэгдсэн, урд талд дэлхийн хоёр номерын эдийн засаг байршдаг. Хойд талд цөмийн зэвсэгтэй, газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг их гүрэн оршдог. Аль, аль нь автократ засаглалтай. Сонголтгүй газар зүйн байршилтай Монгол Улс амьд үлдэх гол арга тактик нь ардчилсан тогтолцоо хийгээд эвийг эрхэмлэсэн, төвийг сахисан, олон тулгуурт, нээлттэй гадаад харилцаа юм. Товчхондоо, гадаад харилцаандаа хоёр хөршөөсөө давсан бодлого хэрэгжүүлэхэд Монгол Улсын Төрийн тэргүүний үнэт зүйл, үйл хэрэг, ур ухаан, “уран бэр”-ийн нүүдэл чухлаар нөлөөлдөг. Монгол Улсын төрийн гурван институци буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн болох, хаанаас анхны айлчлалаа эхлүүлэх вэ гэдэг нь хүртэл шатрын ухаан шаарддаг. Иймээс У.Хүрэлсүхийн гадаад харилцаандаа онцлон тодотгодог үг-үйлдэл нь “энхийг эрхэмлэж, эвийн сахисан” бодлого.
Гурван жилийн өмнө Монголд айлчлахдаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Дэлхий дахинд амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэсэн нь манай гадаад харилцаанд өгсөн томоос том үнэлгээ юм.
Тэгвэл өнгөрөгч хавар жанч халсан Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис хоёр жилийн өмнө их хаан Гүегийн 800 жилийн өмнөх хүслийг гүйцээж, Улаанбаатарт айлчлахдаа “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” гэж дэлхий дахины өмнө тэрбээр хүлээн зөвшөөрсөн.
Үнээс гадна, үндсэндээ монголчууд биднийг дэлхийн энх тайван, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болохыг нотолсон, баталсан бас нэг үйл явдал нь НҮБ-д элссэн 193 орчим улстай нь Монгол Улс дипломат харилцаа тогтоосон явдал. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байхдаа, 2010 онд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгч байв. Үүний үр дүн гэвэл Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталснаар НҮБ-д элссэн бүх улстай дайсагналцахгүй, эв найрамдалтай зэрэгцэн оршихоо Монгол энэ мэтээр зарлаж байна. Шатраар бол хоёр байтугай гурван нүүдлийн цаадахыг харсан өрөг. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито манай Морин хуурын найрал хөгжимтэй хамтран Японы алдарт “Хамабэ но үта” аялгууг эгшиглүүлжээ.
1.
Улаанбаатарт тав хоногийн өмнө айлчлан ирсэн Улаанбаатарт таван өдрийн өмнө хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол түмний үндэсний их баяр наадмын онцгой агаад хүндэтгэлтэй зочид болж байна.
2019 онд хаан суудалд заларсан эрхэм дээд Нарүхито хааны Японы Үндсэн хуульд зааж өгсөн гадаад харилцааны гол үүрэг нь гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм байна.
Цог жавхлант эзэн хаантан 2019 оноос хойш ердөө гурван улсад төрийн айлчлал хийсэн нь Англи, Индонез, Монгол. Англи нь хаант засаглалтай. Харин Монгол хаадын хааны өлгий нутаг.
Хаадын хааны баримтлаж ирсэн гол философи нь эв нэгдэл. Тэрбээр энх тайвныг тогтоогч байсан талаарх баримтуудыг түүхчид дэлгэдэг. Жишээ нь Чингис хааны үед амьдарч байсан Францын түүхч Жуэнвилль “Тэр (Чингис хаан) энх тайвныг тогтоосон” гэж бичиж үлдээсэн тухай нэгэн судлаачийн нийтлэлийг нэгэнтээ уншиж байсан билээ.
Япон Улс нь Монголын донор орон. Хүнд хэцүү цаг мөчийг туулахад үргэлжийн туслахад бэлэн байдаг Японы ард түмний өгөөмөр сэтгэлийн хариуд монголчууд Монголын ардчилал хамгаалж үлдэх ёстой. Дэлхийн геополитикийн ороо, бусгаа цаг үед Цог жавхлант эзэн хаантан Монголд айлчилж буй нь манай улсыг энх тайван, эрх чөлөөний өлгий нутаг болохыг үг-үйлдлээрээ дэлхийд нотлон харуулах гэсэн зорилготой болов уу. Ямартай ч хүндэтгэлийн цайллагын үеэр Нарүхито хаан Монголын морин хуурын найрал хөгжимтэй хамтран Японы алдарт “Хамабэ но үта” аялгууг эгшиглүүлсэн дэлхий нийтэд эерэг сурталчилгаа болж чадлаа. Дэлхийн хэвлэлүүд энэ үйл явдлыг Япон улсын Цог Жавхлант эзэн хаан гадаадад улсад хийл хөгжим тоглосон нь анхны тохиолдол байсныг онцлон шуугиж байна. Түүнийг Х.Баттулгаас бусад таван Ерөнхийлөгч нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж залж байсан гэх.
2.
Баяр дээр баяр гэгчээр Японы эзэн хаантай хамт дэлхийн нийтийн анхаарал Монгол дээр фокуслахтай зэрэгцээд НҮБ-аас “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан агаад жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан санаачилгын дагуу. Үүний гол зорилго нь дэлхийн дахинд үндэсний баяр наадам, өв соёлоо хадгалах, хамгаалах, сурталчилан таниулах тухай юм!
Энэ мэтчилэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд асар том амбиц бий. Тэрбээр Төрийн ордны хананд зургаа хадуулсан Ерөнхийлөгч төдий биш түүхэнд мөрөө үлдээсэн лидер байхыг хүсдэг. Тиймээс гадаад харилцаан дээр У.Хүрэлсүхийн бодлого сурах бичиг болж үлдэх нь гарцаагүй. Түүний үед олон сонин, содон зочид, гийчид Монголд уригдсаны нэг нь Бутаны хааны айлчлал. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар гэр бүлийн хамт айлчлан ирсэн Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук“Чингис хааны үлдээсэн өв монголчуудын генд оршсоор байгааг би мэдэрч байна. Монгол үндэстний зүрхний цохилт маш хүчтэй гэдгийг мэдэрлээ. Би өөрийгөө Монгол Улсын “найз” гэж дуудахдаа бахархалтай байна” гэсэн нь эвийг эрхэмлэсэн гадаад бодлогод өгсөн үнэлэлт, дүгнэлт юм.
Гэх мэтчилэн наадам болгоноор аль нэг улсын хааныг урьж, Монголоо сурталчилдаг, таниулдаг шинэ трэндийг У.Хүрэлсүх гадаад харилцаанд оруулж ирлээ. Үндсэндээ, У.Хүрэлсүхийн дипломат харилцаанд үлдээх гол legacy нь Монголын их амар амгалан гэж харагдаж байна. Их амар амгалан гэдэг нь эв нэгдэл хийгээд эрх чөлөө билээ!