У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм

450495093_495465902946325_3895249730270323538_n

ЭШЛЭЛ 1Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.

ЭШЛЭЛ 2Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

ЭШЛЭЛ 3Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.

ЭШЛЭЛ 4Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.

ЭШЛЭЛ 5Энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо. Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.

ЭШЛЭЛ 6Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж манай ард түмэн ярьдаг. Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.

ЭШЛЭЛ 7Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.

ЭШЛЭЛ 8Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.

ЭШЛЭЛ 9Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

ЭШЛЭЛ 10Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

About Author